MERCEDES-BENZ FASHION WEEK ШОУГ ВЯЧЕСЛАВ ЗАЙЦЕВИЙН ҮЗҮҮЛБЭРЭЭР НЭЭЛЭЭ

Mercedes-Benz Fashion Week Russia загварын өдрүүд өнгөрсөн Бямба гаригт /2018.03.10/ Москва хотноо эхэллээ. Загварын шоуг Оросын алдарт загвар зохион бүтээгч Вячеслав Зайцевийн үзүүлбэрээр эхлүүлжээ.

Вячеслав Зайцев Зөвлөлтийн үеэс загварын салбарт ажиллаж, Оросын өөрийн гэсэн өвөрмөц донжийг гаргадгаараа алдартай юм. Тэрбээр Mercedes-Benz Fashion Week Russia-д тасралтгүй оролцож ирсэн бөгөөд энэ жилийн коллекц нь сүүлийнх болж байгаа юм. Оросын үе үеийн урлагийн алдартнууд тухайлбал, Муслим Магомаев, Иосиф Кобзон, Тамара Синявская, Людмила Зыкина, Александр Стрельченко, Филипп Киркоров, Алла Пугачева, Эдит Пьеха зэрэг томчуудтай ажиллаж байсан юм.

Mercedes-Benz Fashion Week Russia шоу нь зохиогдоод 10 жилд болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Зайцевийн 10 000 орчим загвар энэ шоуны тайзнаа амилжээ.

“Хувь хүний давтагдашгүй байдлаа гаргахад тусалж, ингэхдээ ямар нэг онцгой, сонирхолтой байхыг би үргэлж хичээж ирсэн. Улирлын байнгын коллекц хийхээ би дуусгаж байгаа ч өөрийн фэнүүдээ өвөрмөц ажлуудаараа баясгахаар байх болно” хэмээн Зайцев хэлжээ.

Зайцевийн энэ жилийн үзүүлбэр нь мөн 80 насных нь ойн бэлэг болж байгаа юм.

Mercedes-Benz Fashion Week Russia шоу энэ сарын 14-ныг хүртэл Москва хотын “Манеж” үзэсгэлэнгийн танхид болж байна. Шоунд Оросын болоод гадаадын нийт 100 гаруй загвар зохион бүтээгч оролцож байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.