Б.Заяабаатар: Монгол мөнгө үнэ цэнгүй гээд Казахстаны цайны газруудад дээр нь юм бичээд үлдээсэн байсан

КАЗАХСТАНЫ ЦАЙНЫ ГАЗРУУД МОНГОЛ МӨНГӨН ДЭВСГЭРТҮҮДИЙГ
ДИЙЛЭХЭЭ БАЙСАН ГЭСЭН-

Үндэсний мөнгөн тэмдэгт гэдэг тусгаар улсын хамгийн чухал баталгаа болохоос гадна улс гүрнийхээ өв соёл, бахархал, түүх, эрхэм нандин бүхнийг дүрслэн үзүүлж, улс орноо дэлхий нийтэд сурталчилдаг онцлогтой. Сүүлийн жилүүдэд иргэд задгай мөнгөн дэвсгэртүүдээ “хог”-ноос дор үзэж, уул овоо, хадан дээр чихрийн цаас мэт хаядаг болоод удаж байна. Үүнийг монголчуудын мухар сүсэг бишрэлтэй холбон ойлгож, нэг удаадаа дуугай өнгөрөөж болох байх.

Гэвч тусгаар улсын баталгаа болсон мөнгөн дэвсгэрттэйгээ ямар бүдүүлэг харьцаж, аян замын тэмдэглэл бичдэг зүгээр л нэг цаас болгосон талаар хамгийн анх олон нийтийн сүлжээнд тавьсан Б.Заяабаатараас тодруулсан юм. Монгол Улсаас Казахстан улсын Алматы, Астана хот руу явах замын цайны газруудын хананд эрээчиж сараачсан монгол мөнгөн дэвсгэртүүд наасан байдаг аж.

-Дээр нь юм бичиж тэмдэглэсэн монгол мөнгөн дэвсгэртүүдийг Казахстаны цайны газруудын ханан дээр өлгөөстэй байдаг талаар та олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Би Казахстаны Алматы хотод суралцдаг юм. Өвөл амралтаараа Баян-Өлгий аймгаас Астана хот руу явж байгаад замдаа нэг цайны газар ортол Монгол Улсын мөнгөн тэмдэгт дээр юм бичээд, ханан дээр нь дүүрэн наасан байсныг харсан. Би тухайн үед маш их гайхаж “Хүчин төгөлдөр хэрэглэгдэж байгаа мөнгөн тэмдэгтийг ингэж болж байгаа юм уу? Яагаад дээр нь юм сараачиж ханандаа наачихсан байгаа юм бэ” гэж цайны газрын эзнээс асуусан. Үнэнийг хэлэхэд надад үнэхээр эвгүй сэтгэгдэл төрсөн, эмзэглэсэн. Хамт явж байгаа хүмүүстээ ч гэсэн “Энэ юу болж байгаа юм бэ” гэсэн чинь “Ийм цайны газрууд зам дагуу нэгээр тогтохгүй тав арваараа байгаа. Замд тааралдах цайны газар болгон л ийм байгаа шүү дээ. Сүүлийн үед мода болоод байгаа. Монголоос ирж байгаа хүмүүс өмнө хэрэглэж байсан мөнгөн дэвсгэрт Казахстанд ямар ч хэрэггүй гүйлгээнд орохгүй” гээд дээр нь юм бичиж тэмдэглээд үлдээдэг гэсэн. ОХУ болон БНХАУ-д монгол мөнгийг рубль юм уу, юань, Казахстанд тэнгэгээр сольё гэхээр хэн ч сольдоггүй. Тэр утгаараа цайны газарт үлдээдэг юм байна л даа. Эхлээд ганц хоёр үлдээчихсэн байсан чинь сүүлдээ хүмүүс бие биенээ дуурайгаад үлдээдэг болж. Сүүлдээ нөгөө цайны газрын эзэн мөнгөн тэмдэгтийг дийлэхээ байсан гэж байна лээ. Тэрнээс биш заавал энд монгол мөнгөн тэмдэгт үлдээх ёстой гэж хэлдэггүй гэсэн. Энэ бол манай монголчуудын цэвэр ухамсрын асуудал улсынхаа мөнгөн тэмдэгтийг хайрлах, хүндлэх хэрэгтэй биз дээ. Энэ бол ямар ч боловсролгүй байгаагийн илрэл. Цайны газрын эзэн ярихдаа “Хүмүүс өөрсдөө л өгөөд байгаа. 1990 оноос хойш Монголоос Казахстан руу маш их иргэн нүүдэллэ н ирж суурьшсан. Манай гуанзанд орж ирж буй хүн болгон өөрийн түрийвчинд байгаа монгол мөнгийг энд дурсгал маягаар үлдээдэг” гэж хэлсэн.

-Мөнгөн тэмдэгтүүд дээр хар өнгийн балаар юм бичсэн харагдсан. Яг юу гэж бичсэн байдаг юм бэ?

-Миний ажигласнаар тэдэн оны тэддүгээр сард энэ замаар тэр гэдэг хүн дайрч өнгөрлөө гэсэн утгатай зүйлүүд бичсэн байсан. Казахстан улс руу ганцхан Баян-Өлгий аймгаар ч тогтохгүй Ховд, Увс, Говь-Алтайгаас явж байгаа хүмүүс ч гэсэн нэр ус, он сараа бичиж тэмдэглээд үлдээсэн байна лээ. Уг нь миний бодлоор заавал мөнгөн тэмдэгт дээр биш цаас, дурсгалын дэвтэр дээр бичиж болмоор л санагдсан. Эсвэл мөнгөн тэмдэгтүүд дээр юм бичээгүй байсан бол Монголд авчраад гүйлгээнд оруулж болох л байсан. Гэтэл мөнгөтэй цаас, салфитка шиг хандаж зөндөө юм бичээд тавьсан байсан нь надад харамсалтай л санагдсан.

-УЛСЫНХАА МӨНГӨН ТЭМДЭГТ ДЭЭР БИТГИЙ ЮМ САРААЧИЖ БИЧЭЭЧ ЭЭ-

Эргээд Монголд ирэхдээ ашиглаж болдоггүй юм байх даа?

Харин тийм. Эргээд Монголд ирэхдээ ашиглаж болдоггүй юм уу гэхээр “Монгол төгрөгт үнэ цэнэ байдаггүй” гэсэн. Ер нь Баян-Өлгий аймагт тэнгэ буюу Казахстан улсын мөнгөн тэмдэгт монгол төгрөгөөсөө илүү хүчээ авчихсан юм шиг санагдсан. /2015 онд 1 тэнгэ Монголын 10 төгрөгтэй тэнцэж байсан одоо 1 тэнгэ 6-7 төгрөгтэй тэнцэж байгаа. Төгрөгийн ханш үнэ цэнэ улам буурч байна./ Монголын нутаг дэвсгэр дээр Монгол мөнгөн тэмдэгт хүчин төгөлдөр үйлчлэх ёстой биз дээ. Гэтэл Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай гэсэн баруун аймгуудад ОХУ болон Казахстан руу бизнес наймаа хийхдээ, аялал жуулчлалаар явахдаа рубль болон тэнгэг маш их хэрэглээд сурчихсан. Баян-Өлгий аймаг эзэнгүй талдаа, цаашаагаа Казахстан тал руугаа ууссан маягтай байна. Би Казахстан улсад суралцдаг. Баян-Өлгий аймгаас ирсэн оюутнууд маш их байдаг. Тэдний сэтгэгдэл бодлыг сонсохоор аль болохоор энэ улсад ирж ажиллах, амьдрах сонирхолтой байдаг энд ирээд эндэхийн иргэншилтэй болсон залуус маш их байгаа.

-Монголын мөнгөн тэмдэгтээс гадна өөр улсын мөнгө харагдаж байсан?

Цайны газарт байсан мөнгөн тэмдэгтүүдийн 70-80 хувь нь монгол төгрөг байсан. Мөнгөн тэмдэгт дээр казак, монголоор бичиж тэмдэглэсэн байна лээ.

-Манай сайтад ярилцлага өглөө гээд өөрт чинь ямар нэгэн дарамт ирэх вий дээ?

Би буруу зүйл хөндөөгүй учраас дарамт ирнэ гэж бодохгүй байна. Хүн бүрийн л иргэний үүрэг шүү дээ. Тиймээс монгол мөнгөнд ингэж битгий хайр гамгүй хандаач ээ. Цайны газар ингэж юм бичиж тэмдэглэж үлдээх байсан юм бол Баян-Өлгий аймагт амьдардаг ядруухан хүмүүстээ үлдээж болдоггүй юм уу. Эсвэл мөнгө чинь илүүдээд байгаа бол Монгол руу буцаад явж байгаа хүмүүст өгөөд явуулж болдоггүй юм уу. Битгий бие биенээ дуурайгаад улсынхаа мөнгөн тэмдэгт дээр юм сараачиж бичээч ээ гэж хүсч байна. Бид өөрсдөө монгол төгрөгдөө хүндэтгэлтэй хандаж хайрлаж байх хэрэгтэй. Тухайн улсын мөнгөн тэмдэгт бол тусгаар улсын нэгэн баталгаа гэж би боддог. Төгрөгийн ханш унаж байгаа энэ цаг үед бид өөрсдөө нэг төгрөг байсан ч хайрлаж цуглуулж гүйлгээнд оруулж байх хэрэгтэй. Өнөөдөр нэг төгрөгөөр юм худалдаж авч чадахгүй ч олон нэг төгрөгөөр юм худалдаж авч чадна.

М.АМАРЖАРГАЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.