Хүний эд эсэд халдварлахдаа хувиран өөрчлөгддөг, эмэнд тэсвэртэй ДОХ-ын шинэ вирус илэрчээ

Филиппин улсын эрдэмтэд ХДХВ/ДОХ-ын эмэнд тэсвэртэй шинэ төрлийн вирус илрүүлсэн талаар Английн “The Independent” сайт мэдээлжээ.

Сүүлийн арван жилийн хугацаанд тус улсад ДОХ-ын халдвартай хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн бол дэлхий дахинаа ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчлөгсдийн тоо эсрэгээрээ буурсаар байна. НҮБ-аас Филиппин улсад хийсэн судалгаагаар ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчлөгсдийн тоо 2010 оноос хойш 140 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Эрдэмтэдэнэ өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж буй шалтгааныг эмэнд тэсвэртэй, хүний дархлааг шууд дарангуйлах АЕ төрлийн шинэ вирустэй холбон тайлбарлаж байна. Дэлхий нийтэд, ялангуяа барууны орнуудад ДОХ-ын В төрлийн вирусээр халдварлан өвчлөгсөд олон байдаг бол уг шинэ төрлийн вирус нь АЕ төрлийнх буюу ямар ч эм, тарианд тэсвэртэй байна.

Өөрөөр хэлбэл  ДОХ-ын өвчнөөр өвчилсөн тохиолдолд АЕ вирус нь хүний эд эсэд халдварлахдаа хувиран өөрчлөгддөг аж. Энэ талаар Филиппиний Их сургуулийн Биотехнологи, Молекул Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Эдсел Селвана Германы “DW” сувагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Тэрбээр мөн “ХДХВ-ийн энэ шинэ төрлийн вирусын халдвар авсан хүмүүс ихэвчлэн залуу хүмүүс байгаа бөгөөд АЕ вирус нь хүний биед маш хурдацтай хувирч, эд эсэд нэвтэрч байгааг харж болно. Бид ХДХВ-ийн АЕ төрлийн вирусыг судлахгүйгээр, үүнийг олж мэдэхгүйгээр ДОХ-ыг эмчлэх асуудлыг ярих боломжгүй. Тиймээс дэлхий дахин үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг онцолмоор байна” нэмж хэлжээ.

2006 оны байдлаар Филиппинд ДОХ-ын халдвартай 5000 хүн амьдарч байна гэсэн судалгааны дүн байдаг бол 2016 онд 56 мянга болон нэмэгдсэн талаар НҮБ судалгаандаа дурьдсан байна.

Сүүлийн жилүүдэд ДОХ-ын вирусын халдвар авч, оношлогдсон хүмүүсийн тоо тус улсад эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд 2016 онд шинээр халдвар авсан 10 мянган тохиолдол бүртгэгджээ. Энэ нь Ази, Номхон далайн бүс нутагт ХДХВ/ДОХ-ын вирусын халдвар хурдацтай өсч буйг харуулж байгаа юм.

Т.БАТСҮРЭН

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.