Эмчээс нэхдэг үүрэг хариуцлагаа бид өөрсдөөсөө ч нэхье

Эрүүл мэндийн байгууллагыг зорьж буй иргэн бүр эмчээс үүрэг хариуцлага нэхэх атлаа өөрсдийн үүргийн талаар ярилгүй өнөөдрийг хүрчээ. Гэтэл бидэнд хуулиар хүлээсэн эрх, үүрэг байдгаас зөвхөн эрхээ эдэлдэг болохоос үүргээ биелүүлдэггүй байна.

Энгийн жишээгээр тайлбарлахад, Эрүүл мэндийн төвд шүдний тусламж үйлчилгээ, эмэгтэйчүүд, жирэмсний хяналт зэрэг дээр ихэнх ачаалал үүсдэг болохыг эмч нар хэлж байв. Аль нэг дүүргийн эрүүл мэндийн төвд өдөртөө 800-1000 хүн тогтмол үйлчлүүлдэг байна.

Тухайлбал, шүдний тусламж үйлчилгээний ачаалал яагаад өндөр байдаг талаарх судалгааг үзвэл наснаасаа хамааран Монгол Улсын хүн амын дунд шүдний өвчлөл 82-97 хувьтай буюу бусад өвчлөлөөс өндөр хувьтай байдаг байна. Зарм насны бүлэгт шүдний өвчлөлийн тархалт 97 хувьтай байдаг буюу 100 хүүхэд тутмын 96-97 нь шүдний цооролтой байдаг аж. Үүнээс харахад шүд цоорлын эрчим буюу нэг хүний амны хөндийд 4.3 шүд өвчлөл, цооролтой байдаг байна. Эдгээр хүмүүст эмчилгээ шаардлагатай юу гээд үзэхээр 94 хувьд нь зайлшгүй эмчилгээ шаардлагатай гэсэн дүн гарч байгаа юм.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд дунджаар таван шүдний эмч ажилладаг. Тэгэхээр шүдний эмчийн ажлын ачаалал өндөр байхаас гадна өвчтнүүдийн дунд хүлээгдэл их гардаг байна. Учир нь нэг хүний шүдний эмчилгээнд багадаа дөрвөөс дээш давтамжтай буюу 5-6 сарын хугацаачтай эмчилгээ шаардагдах тохиодол ч гарах нь бий. Гэтэл үйлчлүүлж буй иргэн нэг удаад л шүдний өвчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байдаг төдийгүй эмчилгээний хугацаа уртсах тусам эмч нарыг явдал чирэгдэл болох гэлээ хэмээн унтууцаж, мөн л “хүнд суртал” үзүүллээ гэх тодорхойлолтод төвөггүйхэн багтаачихна. Энэ нь иргэд амны хөндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх амьдралдаа хэвшүүлсэн байх ёстой анхан шатны ойлголтуудыг хэрэгжүүлдэггүйгээс үүсдэг хүндрэл юм. Мөн амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэгт өөрсдөө хамрагддаггүй, тэр тусмаа бага насны хүүхдээ хамруулдаггүй зэрэг хойрго, хайнга байдал нь ийм байдалд хүргэдэг байна. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл өндөр байгаа нь эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг тогтмол угаалгадаггүй, шүдний өвчлөлийг нь анзаардаггүйгээс тун их хамаардаг аж. Энэ бол ердөө л шүдний өвчлөлийн тухайд яригдаж буй нэг жишээ юм.

emneleg

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурьдсанаар хүний биеийн өвчлөлийг судлахад аливаа өвчний үндсэн шалтгааны 40 хувь нь хувь хүнээс өөрөөс шалтгаалдаг болохыг онцолжээ.. Нийгэм, биологийн хүчин зүйл болоод тухайн улсын хөгжил, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж байгаа бусад хөндлөнгийн нөлөөнөөс 20 хувь, өвдсөн хойно нь хэрэгжүүлэх эмнэлгийн байгууллагаас шатгаалах хүчин зүйл 15-20 хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэр хувь хүний эрүүл мэндийн шалтгааны дийлэнх хувь нь иргэнээс өөрөөс  шалтгаалдаг байна. Хувь хүний өвчлөлд тухайн хүний эрүүл амьдралын хэв маяг, зан үйлээс ихээхэн нөлөөлдөг болохыг ч мөн судалгаанд дурьдсан байв. Иймд иргэний эрүүл мэндтэй холбоотой үүргийг хуульд тусгаж өгсөн байдаг. Хуулиар хүлээсэн үүрэг гэхээр бид “томоор” хараад байдаг.

Иргэний үүргийг Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн Наймдугаар бүлгийн 43-р зүйлд тодорхой заасан байдаг. Энд заасан есөн зүйл заалтаас хамгийн ойлгомжтой нь буюу 43.2.1-т зааснаар Иргэн эрүүл мэндээ хамгаалахын тулд эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ хэмээн зааж өгсөн байна. Энэ нь бид ердөө л зөв амьдралын хэвшилтэй байх, улиралдаа зохицуулан хувцаслах тухай энгийн ойлголтоос эхлэлтэй юм.

emneleg

Мөн бидний хүлээх нэг чухал үүрэг бол Монгол Улсад үйлчилж байгаа үндэсний дархлаажуулалтын товлолтод хүүхдээ тогтсон насанд хамруулах тухай ойлголт байдаг. Гэтэл гурван тун авсны дараа тухайн хүүхдэд бүрэн дархлаажуулалт тогтох ёстой байтал эцэг эхчүүдийн хариуцлагагүйгээс болоод тогтсон цаг хугацаанд товлолт хугацаанд нь хамруулдаггүй байдал элбэг байдаг тухай эмнэлэгийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа. Мөн сүүлийн жилүүдэд цахим орчин хөгжсөнтэй холбоотойгоор иргэд эрүүл мэндийн асуудал тулгарахад  хэн нэгний бичсэн постоос мэдээлэл авч өөрийгөө төдийгүй үр хүүхдээ эмчлэх гэж оролдох, улмаар цаг хугацаа алдаж буй харамсалтай жишээ олон буйг ч дурьдахгүй өнгөрч боломгүй юм. Энэ нь нөгөө л бидний Эрүүл мэндийн тухай хуулийн Наймдугаар бүлгийн 43.1.6-д заасан Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас мэдээлэл авах тухай эрх болон тус хуулийн 43.2.5-д заасан Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах, сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаарх эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх үүргээ мөн л мэдэхгүй байгаатай холбоотой юм.

Өөрөөр хэлбэл бид өөрсдөө энэ мэт энгийн ойлголт болсон өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломтой үүрэг хариуцлагаа огт ухамсарладаггүй байна. Хэрвээ бид эдгээр үүргээ биелүүлж, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадвал өөрийн эрүүл мэндийг авраад зогсохгүй, урт дараалал, хүнд суртал гэх зэрэг шил дараалсан бэрхшээлүүдийг бий болгохгүй байх боломжтой. Тэгэхээр асуудлыг бид эхлээд өөрсдөөсөө харж, би өөрөө юу хийх ёстой вэ гэдэгт нэн тэргүүнд анхаарч суръя. Эмчээс нэхдэг үүрэг хариуцлагаа өөрсдөөсөө ч мөн нэхье.

Ц.ТАМИР

emneleg

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.