ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ ӨНӨӨДӨР МАЛАЙЗТАЙ ТОГЛОНО

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг өнөөдөр 20:45 цагаас Куала Лумпур хотод Малайзын шигшээтэй албан ёсны нөхөрсөг тоглолт хийнэ. Үндэсний шигшээ баг урд хөршийн Юннан мужийн Кунминг хотод 03 сарын 05-20-ны хооронд бэлтгэл хийж, хоёр хоногийн өмнө Куала Лумпурт газардсан. Малайзтай хийх тоглолт нь манай шигшээ багийн ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр хийж буй хоёр дахь албан ёсны нөхөрсөг тоглолт юм. Өчигдөр тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал болоход Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: “Бид энд ирэхээсээ өмнө БНХАУ-д бэлтгэл хийсэн. Бидний зарим тоглогчид бэртлийн улмаас гэртээ үлдсэн. Манай багт 18, 19 настай тоглогчид их бий. Би өмнө нь Филиппиний шигшээг дасгалжуулж байхдаа Малайзад ирж тоглож байсан. 2012 онд санагдаж байна. Маргаашийн тоглолтын үр дүнг урьдчилж таамаглахад бэрх. Талбайн эзэд биднийг бодвол туршлагатай. Хамгийн гол нь бид талбайд гараад өөрсдийн хийж чаддаг юмаа л харуулах хэрэгтэй. Малайз бол энэ тоглолтын гол фаворит. Хэдийгээр үр дүн чухал ч бидэнд туршлага мөн чухал гэж бодож байна.” хэмээн ярьсан юм. Харин багийн ахлагч Д.Төрбат: “Манай шигшээ багт мэргэжлийн тоглогч байхгүй. Хагас мэргэжлийн гэвэл зохих байх. Одоо эх оронд маань өвлийн улирал дөнгөж дуусч байгаа. Гадаа тоглох нөхцөл маш бага. Тиймээс энэ үед ихэвчлэн зааланд тоглодог. Бид энд ирэхээсээ өмнө БНХАУ-д 2 долоо хоног байрлаж, бэлтгэл хийсэн. Үр өгөөжөө өгнө гэж найдаж байна.” гэлээ. Малайзын хэвлэлүүдээр манай шигшээ багийн талаар “Чингис хааны цэргүүдтэй тулалдана” гэсэн гарчигтай мэдээлэл цацагджээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.