О.Анхмаа: Хүүхэд хүчирхийлэгчийг бүх насаар нь хорихыг шаардаж байна

-ХҮЧИРХИЙЛЭГЧ ШОРОНГООС ГАРЧ ИРЭЭД ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХГҮЙ
ГЭСЭН БАТАЛГАА БАЙХГҮЙ-

-Гуравдугаар сарын 31-нд зохион байгуулагдах “Хүүхэд хүчирхийллийн эсрэг жагсаал”-ын гол зорилго юу вэ?

-Сүхбаатарын талбайд “Дахин тэвчихгүй” нэртэй жагсаал зохион байгуулах юм. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг санаачилж, баталсан хуулиа эргэж хараач, болиулаач, мөн хүчирхийлэгчдийг хэдхэн жилээр бус бүх насаар нь хорьж ялладаг болгож өгөөч ээ гэсэн хүсэлт гаргаж байгаа юм. Мөн 14 настай хүүхэдтэй харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон тохиолдолд мөнгөн дүнгээр буюу 450 мянган төгрөгөөр торгох, 6-12 сарын хугацаатай гадагш гарах эрхийг хасах зэрэг нь шударга бус үйлдэл. Эдгээр зүйл ангиа эргээд нэг хараач ээ гэж хүсч байгаа юм. 14 нас гэдэг чинь бусадтай тохиролцож байгаад бэлгийн харьцаанд орох, шийдвэр гаргах нас мөн бил үү? Хүүхэд нас, нялх нас шүү дээ. Нөгөө талаар эцэг эхчүүд рүү жагсаалынхаа агуулгыг бас хандуулж байгаа юм. Учир нь эцэг эхчүүд хүүхдээ харж хандах анхаарал маш муу байна. Нийт хүчирхийллийн 70-80 хувь нь эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж үйлдэгддэг гэсэн судалгаа байдаг.

-Энэхүү жагсаалыг зохион байгуулах санаачлага анх хаанаас гарсан бэ?

-Одоогоос ес хоногийн өмнө фейсбүүкийн “Mom” бүлгэмийн сэтгэгдлээс жагсаал зохион байгуулах санаачлага гарч ирсэн. Харин дараа нь нийгмийг цочроосон олон хэргүүд гарч эхэлснээр зургаан ээж санаа нэгдэн чат үүсгэж, “Хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдье” гэсэн групп нээсэн. Одоо энэхүү групп маань 410 мянган хүнтэй болсон. Олон нийт жагсаалыг маш их дэмжиж байгаа нь ажиглагдсан.

-Хичнээн хүн оролцох төлөвлөгөөтэй байна вэ?

-Бид нарийн судалж үзээгүй. Хөндлөнгийн хүмүүсийн ажиглалтын түвшний статистик судалгаагаар 20 мянга гаруй хүн талбай дээр ирэх болов уу гэсэн мэдээлэл байна.

-Энэ удаагийн жагсаалд урлаг соёлынхон нэгдэхээ илэрхийлсэн. Харин төрийн байгууллагуудаас хамтрах санал санаачлага ирж байна уу?

-Урлаг соёлынхон эцэг эх гэдэг үүднээс энэхүү жагсаалыг олноороо дэмжин оролцож байгаа. Харин аливаа нэг нам, төрийн байгууллагуудтай бид хамтарч ажиллахгүй гэсэн хатуу байр суурьтай байна. Бидний ард аль нэг улс төрийн нам, байгууллага биш гэр бүл байгаа гэдгийг хүн бүрт хэлмээр байна. Цагдаагийн Ерөнхий газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албатай л хамтарч ажиллана.

-Энэхүү жагсаалаас ямар үр дүн гарна гэсэн хүлээлтэй байна вэ?

Хүүхдийн хүчирхийллийн тухай хуулиндаа мөнгөн дүнгээр торгох гэдэг зүйлт заалтаа устгаад өгөөч гэдэг үндсэн шаардлага тавьж байна. Үүнийг төр засаг, эрх баригчид дэмжинэ гэсэн итгэл дүүрэн байна. Мөнгөн дүнгээр торгууллаа гээд хүчирхийлүүлсэн хүүхдийн ирээдүй, сэтгэл санааг эмчилж чадахгүй шүү дээ. Сэтгэл санаанд нь насан туршийн хар толбо болон үлдэх болно. Нөгөө талаар хүчирхийлэгч 20 настай байхдаа хүчирхийлэл үйлдээд, 20 жилийн ял авсан бол 40 настайдаа гарч ирнэ. Нэгэнт л хүчирхийлэл үйлдэгчийн сэтгэхүйтэй байсан хүн шоронгоос гарч ирээд хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн баталгаа байхгүй. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд хүртэл намайг хүчиндсэн хүн шоронгоос суллагдлаа гэсэн айдастай амьдрах болж байна уу. Тиймээс хүүхэд хүчирхийлэгчдийг бүх насаар нь хорихыг шаардаж байна.

Жагсаалын шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлж амжсан уу?

-Жагсаалын өдөр шаардлага хүргүүлнэ. Амралтын өдөр хүлээж авахгүй гэсэн хариу өгвөл дөрөвдүгээр сарын 2-нд буюу даваа гаригт хүргүүлэх болно. Жагсаалд ирсэн хүмүүсийн гарын үсгийг цуглуулж хавсаргана гэсэн төлөвлөгөөтэй байна даа.

Өмнө нь олон охин хүчирхийлэлд өртлөө гэсэн мэдээлэл гарч байхад жагсаал цуглаан зохион байгуулаагүй байж эрэгтэй хүүхэд хүчирхийлэлд өртлөө гэсэн мэдээллийн дараа жагсаал хийх гэж байна гэсэн шүүмжлэл их гарч байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Ганцхан хүүхдээс болж жагсаал цуглаан дээрээ тулаад байгаа юм биш л дээ. Өмнө нь нийгэмд ямар олон жигшүүрт хэрэг үйлдэгдсэн билээ. Тэр бүхнийг дуугүй сонсоод тэвчиж суусны үндсэн дээр ийм шийдвэрт хүргэж байгаа юм л даа. Эрэгтэй нялх хүүхэд хүчирхийлэлд өртсөн нь нийгмийн цочроо болж өгсөн. Тэрнээс биш ганц хүүхдийг онцолсон хэрэг биш юм.

-Ганц удаа жагсаад л нийгэмд болж буй аймшигт хэргүүд алга болохгүй. Та бүхэн цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид одоо иргэнийхээ хувиар жагсаж байгаа. Харин энэхүү үйл ажиллагааны дараа яахаа арай шийдэж амжаагүй байна. Анх жагсаал хийнэ гэдгээ мэдэгдсэнээс хойш завгүй болсон. Хамаг анхаарал жагсаал дээр л төвлөрчихөөд байна даа. Гэхдээ бид цаашдаа хүүхдийн төлөө зорилго нэгдвэл ТББ байгуулаад хүүхдийн төлөө ажиллах байх гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа.

П.УРНАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.