Намууд төрийн өмчийн сургуулиудын захирлыг сонгож буй нь боловсролын салбарт нөлөөлж байна гэв

Өнөөдөр Монголын боловсрол шинжлэх ухааны /МБШУ/ Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Дээд боловсролын тогтолцоо-тогтвортой хөгжил” сэдвээр мэдээлэл хийлээ. 2017-2018 оны хичээлийн жилийн статистикийн мэдээгээр Монгол Улсад сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 96 дээд боловсролын байгууллага ажиллаж байгаагаас төрийн өмчийн сургуулиуд 18 хувь, төрийн бус сургуулиуд 78 хувийг эзэлдэг байна.

Боловсролын үндсэн зорилго нь сургалтын чанар, иргэний төлөвшилд чухал хувь нэмэртэй ч өнгөрсөн хугацаанд боловсролын нийгмийн үр ашиг улам бүр суларч, төгсөн гарч буй мэргэжилтнүүдийн чадвар сул, хариуцлага хүлээх чадваргүй “сул иргэд”-ийг гаргах болсон. Одоогийн нийгмийн сөрөг хандлага, гэмт хэрэг, зөрчлүүд өсч, нийтээрээ хариуцлагагүй байдалд дасах хандлагатай болсон хэмээн шүүмжиллээ.

Энэ тухай МБШУ-ны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Дээд боловсролын талаар баримтлах бодлого, хууль эрх зүйн орчинг сайжруулан, сургалтын байгууллагуудаа олон улсын жишигт нийцүүлэхэд хол хоцроод байна. Бид дээд боловсролын чанарыг дээд боловсролтой боловсон хүчний тоогоор уралдах бус бэлтгэн гаргаж өгч байгаа төгсөгчдийн чадвар, нийгэмд гүйцэтгэх үүрэг хир өсч, нийгмийг оройлж байгаагаар үнэлэх ёстой” хэмээн мэдэгдлээ. Мөн төрийн өмчийн сургуулиудын захирлыг сонгон шалгаруулахдаа улс төрийн намуудаас томилдог болсон явдал нь улс төрчдийн гар хөл, даган баясагчид, тэдний тойрсон бүлэг хүмүүсийн хүрээлэл үүсгэж дээд боловсролын нэр хүндийг унагаж байна. Иймд төрийн өмчийн сургуулиудын удирдлагыг тухайн салбартаа өндөр түвшинд мэргэшсэн, онолын мэдлэг практик туршлага, хамт олонтой ажиллах арга барилтай эрдэмтэн, удирдагчийг сонгох шаардлагатай учир мэргэшсэн удирдлагын тогтолцоонд хууль эрх зүйн өөрчлөлт хийх цаг болсон гэдгийг хэлж байсан юм.

П.УРНАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.