Б.ЭНХХҮСЛЭН АРГЕНТИНИЙГ ЗОРИХ ЭРХИЙН НОРМАТИВЫГ БИЕЛҮҮЛЭВ

Тайландын усанд сэлэлтийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Бангкок хотод болж байна. Тус тэмцээнд дасгалжуулагч Х.Батболдын удирлага дор баг тамирчид амжилттай оролцож байгаа билээ.

Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 100 метрийн өвөөр даллах төрөлд ОУХМ Б.Энххүслэн 59.31 секундын амжилтаар мөнгөн медалийг хүртсэн байна. Тэрбээр энэ амжилтаараа ирэх аравдугаар сард Аргентид болох залуучуудын III олимпийн наадмын эрхийн нормативыг биелүүлсэн мэдээллийг ирүүллээ.

Мөн спортын мастер Б.Жүрмэд мэлхий сэлэлтийн 50 метрийн зайд 31.59 секундын амжилтыг үзүүлж, мөн дэд байрт орсон байна.

спортын мастер Б.Жүрмэд

спортын мастер Б.Жүрмэд

Б.ЭНХХҮСЛЭН НЭГДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛЖ БАЙВ

Монголын Үндэсний олимпийн хорооноос сар бүр шилдэг тамирчдыг тодруулж байгаа билээ. Усанд сэлэлтийн улсын олон удаагийн аварга, залуу тамирчин Б.Энххүслэн нэгдүгээр сарын шилдэг тамирчин болж байсан юм. Тэрбээр оны эхэнд болсон усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт таван зайд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, есөн алтан медаль хүртэж байсан юм.

Б.Энххүслэн 2017 онд Монголын усан сэлэлт спортын холбооны шилдэг тамирчин, өсөх ирээдүйтэй шилдэг тамирчин болсон. Тэгвэл он гарсаар амжилтаа улам ахиулж, өдгөө Тайландад болж буй тэмцээнээс залуучуудын олимпийн эрхийн нормативыг биелүүлээд байна. Тус тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.

Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Тула хотод болсон өсвөр үеийн жүдо бөхийн тэмцээнд Ганбүргэдийн Тэмүүжин, Лхагвасүрэнгийн Сосорбарам, Лувсандэмбэрэлийн Сэргэлэн нар амжилттай оролцож, медальт болон шагналт байранд шалгарсан. Тэд энэхүү тэмцээнээс залуучуудын III олимпийн наадмын оноо цуглуулсан юм. Тэгвэл эдгээр өдрүүдэд усан спортын тамирчид Тайландын аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхнээсээ эрхийн нормативыг биелүүлээд байна.

ДЭЛХИЙН ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПИЙН НААДАМ

Дэлхийн залуучуудын олимпийн их наадам 2018 оны аравдугаар сарын 6-18-ны өдрүүдэд Аргентиний нийслэл Буэнос-Айрест хотод болно.

Анхны залуучуудын зуны олимпийг 2010 онд Сингапурт зохион байгуулж байсан бол удаах нь БНХАУ-ын Наньжинд болсон. Тэгвэл гуравдахь наадам одоогоос дөрвөн сарын Аргентинд зохион байгуулагдах юм. Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид төрөл бүр дээр тус наадмын эрхийн төлөө өрсөлдөж байна.

Энэхүү наадмаас Монголын баг тамирчид 2010 онд чөлөөт бөхийн төрөлд Б.Батцэцэг, гимнастикийн харайлтын төрөлд Г.Эрдэнэболд нар алт, жүдо бөхийн холимог багийн төрөлд О.Дөлгөөн хүрэл медаль хүртэж байсан юм. Хоёр дахь наадам урд хөршид болоход чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд Б.Дөлгөөн мөнгөн медалийн эзэн болж, Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн.

Наньжины наадамд хүндийг өргөлтийн тамирчин Б.Анхцэцэг шагналт IV байр эзэлж байсан юм. Тэрбээр өнгөрсөн онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлсэн билээ.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.