НООЛУУР 105 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг. Энэ удаагийн дугаарт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг онцолж байна. Учир нь хавар цагт малчид малаа төллүүлэх, ноолуураа самнах гээд тун завгүй байсаар зунтай золгодог. Тиймээс мал төллөлт хэдэн хувьтай байгаа, ноолуурын үнэ хэдэн төгрөгт хүрсэн бэ гэдгийг тодруулан хүргэж байна. 

МАЛ ТӨЛЛӨЛТ 19 ХУВЬТАЙ БАЙНА

Энэ жил урьдчилсан байдлаар 22 саяас доошгүй төл хүлээн авна гэсэн  тооцоо бий. Одоогоор төллөх малын 19 хувь буюу 5317.2 мянган эх мал төллөж,  5089.7 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 96 хувьтай байна. Улсын хэмжээнд нэг сая гаруй малын хорогдолтой байна. Хамгийн их хорогдолтой байгаа нь Баянхонгор 181.8 мянга, Өвөрхангай 125.2 мянга, Завхан 122.3 мянга, Ховд  120.8 мянга, Архангай 111.0 мянга, Говь-Алтай аймагт 101.9 мянган толгой мал тус тус хорогджээ.

Цагаанаар зудтай, зудархуу өвөлжсөн сумдын малчдад олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас олон тусламж үзүүлсэн. Тухайлбал, НҮБ-ын ХХААБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас Архангай, Төв, Булган, Өвөрхангай, Завхан аймгийн таван сумын 504 малчин өрхөөс мах худалдан авсан. Түүнийгээ Улаанбаатар хот болон Завхан аймгийн төвийн эмзэг бүлгийн өрхүүдэд тараах, өвс, тэжээлийн тусламж үзүүлэхэд 696.0 сая төгрөг зарцуулсан. МУЗН-ээс 15 аймгийн 78 сумын 4500 өрхөд нэг тэрбум 267.8 сая төгрөгийн бэлэн мөнгө болон тэжээл, хүнсний тусламж үзүүлсэн. “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагаас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай зэрэг зургаан аймгийн 26 сумын 1840 өрх тус бүрт 300 кг тэжээл буюу 264.0 сая төгрөгийн тусламж үзүүлэхэд нийт хоёр тэрбум 227.8 сая төгрөг зарцуулсан байна.

НООЛУУР 90,000-105000 ТӨГРӨГ БАЙНА

Хөдөө аж ахуйн биржээс энэ онд ноолуурын үнэ нэг кг нь 100 мянган төгрөгт хүрэх болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлж байсан. Мөн ноолуурыг өмнөд хөршийн биржид гарган арилжаалснаар үнэ өсөх нөхцөл бүрдэнэ гэж мэдээлсэн юм. Тэгвэл 1 кг ноолуурын үнэ 90-105 мянган төгрөг байна. Малчид ямаагаа самнах их ажилдаа орж, ноолуурын чанараас шалтгаалж, ханш нь аймаг бүрт харилцан адилгүйгээр хэлбэлзэж байна. Тодруулбал, өчигдрийн байдлаар ноолуур дараах ханшийг заажээ. Үүнд:

  • Улаанбаатар хотод 1 кг ноолуур 90,000-105,000 төгрөг
  • Хэнтийд 100,000-105,000
  • Булган аймаг 100,000-102,000
  • Төв аймаг 100,000-101,000
  • Дундговь аймаг 92,000-97,000
  • Өмнөговь аймаг 90,000-95,000
  • Дорноговь аймаг 92,000-96,000
  • Сүхбаатар аймаг 100,000-103,000
  • Хөвсгөл аймаг 100,000-104,000
  • Архангай аймаг 103,000
  • Өвөрхангайд 100,000-102,000 төгрөгийн үнэд хүрчээ.

Монгол Улсын ямаан сүргийн тоо толгой БНХАУ-аас 6 дахин цөөн, үйлдвэрлэлийн хүчин чадал, зориулалтын агуулах дутагдалтай байдаг ч дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 40%-ийг дангаараа бүрдүүлж байна. Монгол ноолуур чанарын хувьд дэлхийд тэргүүлдэг боловч дотооддоо бэлтгэсэн ноолуурынхаа 85 орчим хувийг анхан шатны боловсруулалт хийн  экспортод гаргадаг. Ноолуураа дотооддоо авч үлдэх, эцсийн шатанд нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж экспортлохын тулд тоног төхөөрөмжийн шинэчлэл, эргэлтийн хөрөнгийн хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай байдаг. Тиймээс Засгийн газрын зүгээс Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм. Хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ. Эргэлтийн хөрөнгийн зээл хоёр хүртэл жилийн хугацаатай, жилдээ 12 хувьтай байхаар тооцжээ.

Тодруулж хэлбэл, зөвхөн самнах үйлдвэрлэл явуулдаг бол хугацаа 6-8 сар, ээрэх, сүлжих буюу бүр эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа үйлдвэрүүдэд шатлалаас нь хамаараад 2 хүртэл жилийн хугацаатай зээл олгох аж.

Цаашид эдийн засгийн нөхцөл байдал, төсөв мөнгөний бодлогоос шалтгаалан хүү буурах боломжтой. Ноолуурын үйлдвэрүүдэд зээл олгоход барьцаа хөрөнгийн дутагдалын асуудал гарч ирдэг. Барьцаа хөрөнгө дутагдалтай аж ахуйн нэгжүүд хөдөө аж ахуйн давхар даатгал болон даатгалын компаниудаар дутаж байгаа хөрөнгө дээр даатгал хийлгүүлээд санхүүжилт олгох боломжийг Монгол Улсын Хөгжлийн банк судалж байгаа аж. Мөн цуглуулсан ноолуурыг нь тодорхой үнэлгээгээр байрьцаалах асуудлыг яам, үйлдвэрлэл эрхлэгчтэй санал солилцож судалж байна.

Т.НОМИН 

 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.