Ж.Тогтохбаяр: Иргэд хоёр өдөр дугаар хязгаарлахыг дэмжээгүй учир хуучин журмаа мөрдөнө

Өнөөдөр 14.30 цагийн үед Нийслэлийн автозамын хөгжлийн газраас  Замын хөдөлгөөний зохицуулалт, дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа хийх эсэх талаар  иргэдээс авсан санал асуулгын дүнг үндэслэн гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлэхдээ “Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хоёр өдөр дугаар хязгаарлахгүй. Хуучин журмаараа нэг өдрийн хязгаарлалт мөрдөгдөнө. Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн учраас  түгжрэлийг бууруулах зорилгоор замын цагдаагийн албанаас түр замууд дээр ажиллаж, хөдөлгөөнийг хэвийн явуулж, идэвхжүүлж байна.

Тодруулбал Баянмонгол хорооллын зүүн талын саруул хотхоны арын нүхэн гарцтай холбогдсон замаар тусгаарлах зурвас тавьж цагдаа нар байнгын зохицуулалт хийж хөдөлгөөнийг эрчимжүүлж байна. Мөн нарны замд гурваас дөрвөн газарт буцаж эргэх гарцуудыг нээж хөдөлгөөнийг эрчимжүүлж байна.  Төмөр замын аюулгүй байдлыг хангахын тулд дөрөв дэх өдрийн орой 10 цагаас нэгдэхийн өглөө 07 цаг хүртэл дахин гурван өдөр зам хаана. Учир нь хуучин замын цагдаагийн гүүрэн гарц дээр байгаа төмөр замын автомат тоноглолуудыг шилжүүлж суурилуулах ажил хийгдэнэ. Шинээр авах гэхээр өндөр үнэтэй, ОХУ-аас оруулж ирэх учраас энэ хуучнаа шилжүүлэхээс өөр арга байхгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.” гэв.

Б.БУРМАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.