ДАРАНГУЙЛАГЧ КИМ БА “АРДЧИЛСАН” Х.БАТТУЛГА

Хэдэн жилийн өмнө, Монголын уншигчдын дунд бестселлер болж буй нэгэн бүтээлийг танил дүү маань уншихыг зөвлөсөн нь Лос Анжелес Таймс сонины сурвалжлагч Барбара Демикийн бичсэн “Атаархах зүйл үгүй” ном байлаа.

Зарим номыг нээгээд орхичихдог бол “Атаархах зүйл үгүй”-г амтархан уншсаар нэг өдрийн дотор дуусгаж, санаа амарснаа санадаг юм.

“….Хэрэв та Алс Дорнодын улс орнуудын сансраас авсан шөнийн зургуудын үзвэл тэдгээрийн дунд ямарч гэрэлгүй томоос том хар толбо буйг олж харах болно. Энэ харлан байгаа хэсэг бол Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын нутаг дэвсгэр юм”. Дэлхийн хамгийн хаалттай улсын тухай бичсэн уг ном олон оронд бестселлер болж, монгол уншигчдад Ж.Энхжаргал орчуулан хүргэсэн бөгөөд яруу найрагч Л.Өлзийтөгс “Хойд Солонгосын амьдралын үнэн нүүр царайг нүдэнд харагдтал тод томруун дүрслэн үзүүлсэн энэ ном орчин үеийн сэтгүүл зүй, non-fiction буюу баримтат утга зохиолын сонгодог жишээ гэгдэхүйц үнэ цэнэтэй бүтээл болсны дээр дарангуйлагч дэглэм, бурангуй үзэл сурталд гинжлэгдсэн бүхэл бүтэн ард түмний эмгэнэлт хувь заяаг дэлхий нийтэд дэлгэснээрээ ихээхэн ач холбогдолтой юм. Өмнөд ба Хойд Солонгос үе үе хурцадмал байдалд орж буй энэ цаг үед Ази дахь цөөхөн ардчилсан орны нэг болох Монголд ийм ном орчуулагдан гарч буйд ихэд олзуурхан талархана” хэмээн редакторложээ.

Үүний дараа хойдуудын амьдралыг харуулсан бас нэгэн ном номын их дэлгүүрүүдээр зарагдах болсон нь Өмнөд Солонгос руу зугатан гарсан хойдын иргэн Шин Дон Хёкийн амьдралыг өгүүлсэн “14 дүгээр хорих лагериас оргосон нь”. Д.Ганчимэгийн монгол хэлнээ буулгасан уг номыг жилийн өмнө Интерномын дэлгүүрээс авч уншсан юм даг. Номоо уншиж дууссаны дараа алдаа, оноотой ч гэсэн ардчилсан улсад амьдарч байгаадаа, өөрсдийг нь хараах эрх чөлөөг бидэнд олж өгсөн өнөөх муу нэртэй ардчилагчдад талархмаар санагдсаныг ч нуугаад яахав.

Цэнхэр бөмбөрцгийн хамгийн хаалттай, үзэл суртал нэвт шингэсэн, нэг хүний дарангуйлал дор амьдарч яваа тус улсын тухай мэдээлэл, орчуулга уншигчдын сонирхлыг үргэлж татдаг нь, сайтын хамгийн өндөр уншилттай мэдээний хэсгээс харж болно. Хойд Солонгосын амьдрал, удирдагчийнх нь шийдвэр, эхнэр, гэр бүлийнх нь тухай мэдээлэл ‘хэрэгт дургүй’ уншигчдад ч сонин байдаг билээ.

Ялангуа либералчлал, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж, хаалгаа улам бүр дэлгэж буй Бээжинд гуравдугаар сард гэнэтийн бөгөөд нууцхан айлчлал хийсэн пуужинтай бацааны сүүлийн үед барьж буй гадаад бодлого олон улсын сонирхлыг улам өдөөж байна.

Дэлхийд хоёрдугаарт буюу АНУ-ын дараа ордог хүчирхэг эдийн засаг, хөгжил дэвшлээрээ гайхуулж яваа Бүх Хятадын  коммунист намын дарга Ши Жиньпинид очиж бараалхсан Ким Жон Ун хоёр хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 21-нд тэрбээр 2006 оноос нийт зургаан удаагийн цөмийн туршилт явуулсан гол талбайгаа хааж, дахин бүх төрлийн цөмийн зэвсэг, алсын тусгалын пуужин туршихгүйгээ зарласан нь дэлхийн хэвлэлийн гол шуугиан болж байна.

Тэрбээр өнөөдрөөс дөрвөн хоногийн дараа, дөрөвдүгээр сарын 27-ны Баасан гаригт хойдын удирдагч Өмнөдийн нутагт хөл тавьж, Мун Жэ Интэй уулзана. Олон жил дайсагнасан, үзэл бодол асар өөр үндэс нэгтнүүдийн уулзалт дэлхий дахины халуун цэг болжээ.

Үүний дараа Хойдын удирдагчийг бас нэгэн түүхэн үйл явдал хүлээж буй нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалт.  Тив алгасах баллистик пуужин олноор үйлдвэрлэж, энэ бүх зэвсэглэлээ зөвхөн улс орныхоо аюулгүй байдлын төлөө зориулна гэх шинэ жилийн хундаганы үг хэлж байсан Пуужинтай бацаан дэлхийн их гүрнүүдийн удирдагчдад ээлж дараалан ‘бараалхаж’, өвчтэй гөлөг, галзуу нохойдоо тулж явсан Трампад буулт хийж байгаа нь улс орных нь гадаад тулгуур бодлогын нэг ч биз.

Урьдчилсан байдлаар тавдугаар сард товлогдсон энэхүү түүхэн уулзалт Улаанбаатарт болох боломж бийг дэлхийн хэвлэлүүд онцолж буй агаад харин ардчилсан Монголын Ерөнхийлөгч үүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа юм.

Швейцарт боловсрол эзэмшсэн залуу дарангуйлагчийн найрсаг айлчлалууд, гадаад бодлого Хойд Солонгосыг эерэгээр харагдуулж эхэлсэн бол эсрэгээрээ Азийн цөөхөн ардчилсан орны нэг Монгол Улсын гадаад бодлого улам хаалттай, тодорхойгүй, нуман тулгуурт орж  буй нь Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төртэй холбогдоно. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадад Монголыг бүрэн төлөөлөх эрхтэй ганц хүн.

2017 оны долдугаар сарын 7-нд ардчилалыг тугаа болгож ирсэн Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулга 600 мянган хүний саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч болсноос хойш Алс Дорнодын эдийн засгийн чуулга уулзалт руу “зүг мөрөө гаргасан”-ыг эс тооцвол тэрбээр жалга довны улс төрөөсөө хэвийсэнгүй. НҮБ-ын чуулган, Давосын уулзалтаас төсөв мөнгөө хэмнэж үлдсэн Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад бодлогын хувьд ямар байр суурь баримталж байгааг тодорхойлох боломжгүй болжээ.

Зөвхөн дотоодын улс төрдөө ач холбогдол өгөх Х.Баттулга Ерөнхийлөгчийн амны уншлага, улиг болсон цөөхөн хэдэн сэдэв нь цаазын ялыг сэргээх, 30 гэр бүлийг шийтгэх, хуулийн засаглалын гартаа авах л тухай. Уг нь Монгол Улсын гадаад улс төрийн бодлогод “Монгол Улс гадаад улс төрийн бодлогодоо энхийг эрхэмлэж, улс гүрэнтэй сөргөлдөхгүй байхыг аль болохоор чухалчилж, олон тулгуурт бодлого явуулна. Үндэснийхээ ашиг сонирхлыг ямагт дээдлэхийн хамт бусад улс, түншийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэнэ. Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг шууд хөндөөгүй хөрш хоёр орныхоо маргаанд хөндлөнгөөс үл оролцоно. Цэргийн аливаа эвсэл, бүлэглэлд үл нэгдэх, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй, гадаадын цэрэг, зэвсэг, түүний дотор цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх чиг шугам баримтална” гээд товч, тодорхой заагаад өгчихсөн бий.

Гэтэл хамгийн хаалттай, харгис дарангуйлалтай Умард Солонгосын улсын удирдагч цөмийн туршилтаасаа татгалзахаа  зарлаж суухад Ардчилсан Монголд олон улсын өмнө хүлээсэн гэрээнээсээ татгалзсан, олон тулгуурт гадаад бодлогоосоо ухарсан,  олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээсэн үйл явдлууд л өрнөх жишээтэй. Дарангуйлагч Ким гадаад бодлогодоо, ‘ардчилсан’ Х.Баттулга дотоод бодлогодоо ач холбогдол өгч буй.

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. huzaarai chiii chii hujaa bna mongoliigyaduu bailgah sanaatai

Leave a Reply

Your email address will not be published.