Онцлох мэдээ — 03 May 2018
Гурван сарын хугацаанд сигналаа буруу ашигласан гэж 20-хон жолооч торгуульжээ

Автобусны жолооч дуут дохио чанга дуугаргаснаас болж нярай хүүхдийн тархинд цус харвасан хэрэг гарлаа гэх мэдээлэл сүүлийн хэдэн өдөр нийгмийн сүлжээгээр тархаж, ээжүүд, эхчүүдийн группт үр хүүхдэдээ санаа зовнисон ээжүүд энэ талаар мэдээлэл солилцож байв.

Дээрх золгүй ч гэмээр, хариуцлагагүй ч гэмээр явдал үнэхээр саяхан болсон эсэхийг хэд хэдэн эх сурвалжаас тодрууллаа. Эл хэрэг бүр гурван жилийн өмнө гарч байсан гэдгийг эх сурвалж хэлэв. Тухайн үед нэгэн автобус зогсоол дээр ирж зогсохдоо өмнөх автобусаа хурдан хөдлөхийг шаардаж, дуут дохиогоо маш удаан дарснаас болж хүүхдэд ийм золгүй зүйл тохиолджээ.

Дээрх тохиолдолд автобусны жолоочийг гэхээсээ илүү хүүхдийн эцэг эхийг нь буруутгах хандлага нийгмийн сүлжээнд их байгааг ажиглаад ихэд гайхав. Яагаад эцэг эх буруутай болох гэж? Бид амьдарч буй улс эх орондоо үр хүүхдээ дагуулаад хотын төвөөр ч явж болохгүй болсон цаг уу? Эцэг эхчүүдийг ингэж буруутгаж буйгаас харахад манай нийгэм тэр чигээрээ буруу дадал, хэвшлийг байдаг л зүйл мэт хүлээж аваад сурсан нь харагдаж байна.

Энэ бол нэгдсэн стандартгүй, манай улсын бодлогогүйн гай. Стандарт гээч зүйлгүй учраас жолооч нар сигналыг анхааруулах дохио гэж үзэхээсээ илүү бие биеэсээ илүү гарч, гангарах гэсэн гангараа болгосон гэдгийг наймаачид хэлдэг. Учир юу вэ гэвэл жолооч нар энгийн дуугаралттай сигнал худалдаж авахаасаа илүү хоёр ая, гурван ая ээлжилж дуугардаг гэх мэт солонгорон үргэлжилж, маш удаанаар дуугардаг сигнал ихээр худалдан авах болжээ.

Дээрээс нь хууль дүрэм гээчийг дагаж мөрддөггүй хэнэггүй, бүдүүлэг жолооч нарын гай. Уг нь замын хөдөлгөөний дүрэмд ямар үед дуут дохио ашиглах ёстой тухай зааж өгсөн байдаг. Жолооч та ямар үед дуут дохио хэрэглэх ёстойгоо мэдэх үү.

Зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор дуут дохио хэрэглэнэ. Үүнээс бусад тохиолдолд дуут дохио хэрэглэвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэмээн үзэж, 5-25 мянган төгрөгөөр торгох хуультай. Өөрөөр хэлбэл хот суурин доторх замд учир утгагүй сигнальдаад байдаг нөхдүүд бүгд торгуулна гэж уг нь хуульчилж өгсөн.

Энэ хуулийн заалт өнөөдрийг хүртэл хэрэгжиж, нэг ч жолооч дуут дохио хэрэглэх ёсгүй газар хэрэглэсэн гэж торгуульсан тухай сонсоогүй тул Замын цагдаагийн албанаас энэ талаар тодрууллаа.

2018 он гарснаас хойш эхний улирлын байдлаар Замын цагдаагийн албанаас дуут дохиог хэрэглэх ёсгүй газар хэрэглэсэн 20 жолоочид хуулийн дагуу арга хэмжээ авч, шийтгэсэн гэсэн мэдээлэл өгч байна.

Өнөөдөр ийм хууль дүрэм байдгийг ч мэдэхгүй иргэд Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхээ эдэлье гэж тэмцэхийн оронд бага насны хүүхдээ хотын дуу чимээнд авч явсан нь бидний буруу гэж өөрсдийгөө буруутгах хандлагатай.

Уг нь хууль зөрчиж, дуут дохио хангинуулдаг жолооч нар хүний мэдрэл, сэтгэхүйг санаатайгаар хорлон сүйтгэж буй хэрэг учраас иргэд цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагад санал гомдол гаргаж, тухайн жолоочид зохих арга хэмжээ авахуулах боломжтой  юм байна шүү.

Б.БУРМАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.