Засгийн газар — 07 February 2013
Түгээх

Шинэчлэлийн Засгийн газраас ирэх жилүүдэд баримтлах хөгжлийн бодлого, төлөвлөлт, шинэчлэлийн асуудлаар сайдууд хариуцсан салбар тус бүрээрээ олон нийтэд нээлттэй танилцуулж эхэлсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар сэтгүүлчидтэй уулзаж нээлттэй ярилцлага хийсэн бол энэ удаад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Монгол Улсын эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд” сэдвээр мэдээлэл өглөө. Хөгжлийн бодлогыг нэгтгэн зангидах, нэг жилээр биш урт хугацааг харсан оновчтой төлөвлөлтийг өргөн хүрээг хамруулан хийх зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яам шинээр байгуулсан нь том алхам болсныг Н.Батбаяр сайд үгийнхээ эхэнд тодотголоо.

 

Өнгөрсөн хугацаанд тус яам Монгол Улсын хөгжлийн ойрын болон дунд хугацааны төлөвлөлт гарган зарим асуудлаар Засгийн газрын шийдвэр гарсан. Улсын хөгжлийг урагшлуулахад чиглэсэн эхний томоохон шийдвэр бол Засгийн газраас “Чингис” бонд гаргаж, олон улсын зах зээлээс бага хүүтэй мөнгө босгосон явдал хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд онцоллоо. Бондын хөрөнгө нь төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлэх эх үүсвэр болохоос гадна дотоодын эдийн засгийг тогтворжуулж, дэлхий дахиныг хамарч буй хямралыг Монгол Улс тайван давах гол түлхүүр бол болсныг Н.Батбаяр сайд баримтаар тайлбарласан.

 

Мөнгөний хомсдлоос гаргах, зээлийн хүүг бууруулах, валютын ханшийг тогтвортой байлгах зэргээр эдийн засагт олон талын эерэг нөлөө үзүүлсэн “Чингис” бондын хүүд Монгол Улс их хэмжээний төлбөр төлж байгаа гэсэн таамаг ярианд ч Эдийн засгийн хөгжлийн сайд албан ёсны хариулт өгсөн юм. Одоогийн байдлаар бондын хөрөнгийг аль нэг төсөлд зарцуулж эхлээгүй байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улс хүүгийн төлбөрийн ямар ч дарамтад орохгүй, нэг ч төгрөг төлөхгүй байх зохицуулалт менежментийг Монголбанк хийснийг тэрбээр хэллээ.

 

Бондын хөрөнгийг чухам ямар ямар төсөлд зарцуулах нь төлөвлөлтийн шатанд байгаа, удахгүй Засгийн газраас шийдвэрүүд гарч албажихыг тэрбээр тодотгосон. Бондын хөрөнгөөр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төслүүдийн эхлэл нь 2015 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбож дуусгах ажил юм. Үүний зэрэгцээ экспортын гол ачааг нуруундаа үүрэх төмөр замын бүтээн байгуулалтыг өрнүүлж, нийт 1800 км зам барихаас эхний ээлжинд энэ онд Тавантолгойгоос улсын хил хүртэлх төмөр замыг эхлүүлнэ. Хөрөнгө оруулах дараагийн том салбар бол уул уурхай. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гадаадын компанитай хийсэн алдагдалтай гэрээг эргэн харж өөрчлөх, хуримтлагдсан өрийг дарах, Оюутолгой төслийн хэтэрсэн хөрөнгө оруулалтын асуудлыг анхны тохиролцооны дагуу явуулах зэрэг ажлыг ойрын хугацаанд тодорхой шийдвэрлэнэ.

 

Мөн энэ ондоо Тавантолгой, Шивээ Овоо, Багануур гурван уурхайг түшиглэн цахилгаан станц барьж эхэлнэ, үүнд бондын хөрөнгийн тодорхой хувийг зарцуулна. Цахилгаан станцууд барьснаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй эрчим хүч экспортлох боломжтой болно. Нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг мөн энэ онд эхлүүлэх ба тус үйлдвэрийг Дарханд барихаар Засгийн газрын шийдвэр гарч, холбогдох яриа хэлэлцээрүүд явагдаж байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд дурьдлаа. Барилгын материал, тэр дундаа цемент, арматурын үйлдвэрлэлийг бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ. Арматурын хэрэгцээгээ 2015 он гэхэд дотооддоо бүрэн хангадаг болж мөн долдугаар сард Хөтөлийн цементийн үйлдвэр ашиглалтад орох бол дараа онд дахин хоёр ч үйлдвэр нэмж барина. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй орон сууцны хөтөлбөр саадгүй урагшлах боломж бүрдэнэ.

 

Нийслэл хотын дахин төлөвлөлтөд бондын хөрөнгийг хуваарилах ба хотын төв хэсэг, гэр хорооллын хэсэг, хурдны зам гэсэн гурван чиглэлээр ажлын төлөвлөгөө гаргаад байгаа юм. Тухайлбал, зөвхөн энэ онд хотын төвийн хэсэгт түгжрэл үүсгэдэг 33 замын Т хэлбэрийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгож шинээр 119 гудамж гаргана. Мөн гэр хорооллын шавар шалбаагтай гудамжийг иж бүрэн тохижилттой гудамжтай болгож Туул, Сэлбэ голын даланг дагуулан босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны зургаан зам барина. Энэ онд эхний хоёр замыг ашиглалтад оруулах ба ингэснээр хотын нэг захаас нөгөөд хүрэхэд хоёр цаг биш 20 хүрэхгүй минут зарцуулдаг болохыг сайд хэллээ. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйг онцлон анхаарч, тодорхой санхүүжилтууд хийнэ. “Аравт” хэмээн томъёолж хөдөөд чиглэсэн төлөвлөлтийн хүрээнд 330 сумыг хүн амын тооноос нь хамааруулан таван бүлэгт хувааж, тус бүрт тохируулан хөгжлийн загвар гаргасан байна. Ингэхдээ сумын нэг иргэнд дунджаар нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тооцоолсон ба тухайн орон нутагт ямар төсөл, хөрөнгө оруулалт хийвэл оновчтой, үр дүнтэй байх талаар иргэдээс нь санал авах юм байна. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний энэ санал асуулга ирэх хавраас орон даяар эхлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд дуулгалаа.

 

Ийнхүү бэлэн болсон эдгээр төлөвлөлтийг танилцуулаад Н.Батбаяр сайд “Бид одоо мөнгөгүйн биш мөнгөтэйн зовлон ярьдаг болсон. Энэ зовлон нь буруу зарцуулалт хийх вий гэсэн болгоомжлол юм. Мөнгө баялаг бүтээдэггүй, харин хүний бүтээсэн баялгийг илэрхийлэх үнэлэмж учраас монголчууд нийтээрээ эх орныхоо бүтээн байгуулалтад санал санаачилгаа нэмэрлэх хэрэгтэй байна” гэлээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.