Түгээх

 

Ням гарагт АСА циркт “Монголын ээжүүдийн анхдугаар их хуралдай” гэдэг арга хэмжээ болов. Мэдээж ТВ9 шууд дамжуулсан байна. Түүнээс  ч мэдээжийн зүйл нь “их хуралдай” гэдэг үгийг бараг л патентлаж авсан МАХН үндэсний хувцсаар гоёсон ээжүүдийг ийнхүү цуглуулсан байлаа.

Дресс код буюу хувцасны дэгийг чанд баримтлан зөвхөн дээлтэй хуралдсан энэ удаагийн хуралдайд  дэмжигчдийнхээ дунд суугаа Д.Тэрбишдагвыг эс тооцвол ганцаараа костюмтай, ганцаараа МАН-аас, ганцаараа эрэгтэй нэгэн эрхэм их л содон туссан нь УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ. МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн өнгөнд яваа аварга хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн ч дээлтэй ээжүүдийн заримыг  циркийн манежин дээрээс, телевизийн шууд эфирт “С.Баяр, Ц.Нямдорж, Д.Зоригт нарыг өрөмний өт шиг няцалж хаях” экстремист уриа лоозонгоо хашгирахад нь саад болсонгүй.

Д.Тэрбишдагва индрээс эхийн элбэрэл хайрын тухай шүлэг уншсан бол Н.Удвал шударга ёсны тэмцэлд садаа болж буй интернэт дэх сэтгэгдлийн тухай шүүмжилж, З.Баянсэлэнгэ гишүүн хорих ангид ээжтэйгээ хамт байгаа хүүхдүүдийн тоог хэлж олныг сэртхийлгэв. Дундад зууны хатан маягийн бортогон малгай тэргүүн дээрээ залж, эрээн уужаар биеэ өвч гоёсон Одончимэг хэмээх эмэгтэй энэ удаагийн илтгэлүүдээс хамгийн үзүүштэйг нь тавьжээ. Их хуралдайн төлөөлөгчид Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан хатагтай Одончимэгийн шүлэглэж хэлсэн илтгэлийн шинэ догол мөр бүрийн өмнө энэ өвөл хаврын сезонд ямар ч шоу, аль ч хурал дээр эвдэгдээгүй удтал нижигнүүлсэн алга ташилтын амжилт тогтоосон гэхэд болно. Энэ эмэгтэй ноднин жил UB palace танхимд болсон их хуралдайн индэр дээрээс “Хятад бол дэлхийн бөөс, эрлийзүүд бол хуурс. Чоно дагасан гичий аюултай, хятад дагасан эм аюултай” гэж мөн л шүлэглэн хашгирч байхад Н.Энхбаяр, М.Энхсайхан, Н.Батцэрэг болон бусад олон хуралдайчид алга ташин уухайлж байсан билээ.

АСА циркэд болсон энэ удаагийн ээжүүдийн гэх тодотголтой “их хуралдай”-д Н.Энхбаярыг суллах, цагаатгах, бүр шагнах саналыг үг хэлсэн хүн болгон өндөр дуугаар дэвшүүлэн тавьснаас гадна Ц.Элбэгдоржид таван салаа боовны амт үзүүлэх, шүүхийг тараах, Д.Дорлигжав, Х.Тэмүүжин нарыг огцруулах, Н.Багабандийг шоронд хийх зэрэг оргиналь санал санаачилгууд ч гарч байв. С.Баярыг цаазлан толгойг нь Арслан тайжийнх шиг шонд өлгөх, АПУ, MCS-ийг галдан шатаах, онцгой түр комисс байгуулан засгийн эрхийг зэвсгийн хүчээр булаа авах зэрэг цочмоор уриалга өнгөрсөн хаврын “бүх ард түмний “ их хуралдайн үеэр цуурайтаж байсныг бодвол ээжүүдийнх илүү аядуу зөөлөн байхаас аргагүй.

Н.Энхбаярыг суллуулах тэмцэлд нэгдэж, өлсгөлөн зарласан 14 ээж гэдэг шинэ давхарга, хүндтэй каст МАХН-д бий болж байгааг энэ удаагийн хуралдай мөн зарлалаа. Тэднийг хүндэт суудалд залан, өдрийн турш дуу шүлэг, цэцгийн баглаа, магтаал сайшаалаар дарсны дараа хуралдайн төгсгөлд манежид урин хуралдайчид бүгд босон хүндэтгэл үзүүлэв.

Зохион байгуулагчдынх нь мэдэгдсэнээр 1400 гаруй ээж, түүний дотор барилгын салбарын тэргүүний ажилтан 9 оролцсон гэх эл хурлын элч төлөөлөгч болсон ээжүүд харин үдээс хойш циркийн суудлын гуравны нэгд ч хүрэхгүй болсон байлаа. Н.Энхбаярыг дэмждэгээ нуудаггүй Д.Дагвадорж аварга болон МАН-аас УИХ-ын гишүүн болонгоо алдаж яваа Д.Сумъяабазар нарын эзэмшилд байдаг АСА цирк 2200 хүний суудалтай бөгөөд өдрийн түрээс нь 3,5-4 сая төгрөг. Энд жинхэнэ утгаараа циркийн тоглолт болохоо бараг больсон бөгөөд Э.Бат-Үүлийн орон нутгийн сонгуулийн өмнөх презентаци, МАХН-ын даргыгаа суллуулах хуралдай зэрэг улс төрийн цирк л ойр ойрхон дэглэх болжээ. Энэ ням гарагт МАХН-ынхан бүр агаарын акробат, Сийлэгмаа, Бүрнээбаяр нарын дуун үзүүлбэртэй холимог кабаре хийж циркийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Тайзны найруулагчаар Усны хэрэг эрхлэх газрын дарга байгаад, сонгуульд ялагдсаны дараа МАН-аа орхиж МАХН-д очсон З.Батбаяр ажиллажээ.
24tsag.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.