Алт олборлолтын явцад ашигласан хүнд металл Зантахай загасыг мөхөлд хүргэв үү

-ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ХОЛБООНЫ УЛААН ДАНСАНД
ОРСОН ЦОР ГАНЦ ПОПУЛЯЦИ-

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид энэ сарын 1-нээс 8-нд тус газрынхаа “А” хэсэгт судалгаа, эргүүл, хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Балжийн голын Тавтын гацаа нэртэй газарт Монгол Улсын Улаан номын ховор ангилалд орсон Зантахай загасыг бүртгэсэн байна.

Хамгийн анх энэ загасыг 1930 онд Хэнтий аймгийн Биндэр сум орчмын Онон голоос барьж, Монгол Улсын биологийн төрөл зүйлд бүртгэжээ. Зантахай загас нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансанд “Мэдээлэл дутмаг” гэсэн зүйлд хамаардаг аж. Учир нь тархцын хувьд маш сийрэг бөгөөд Амар мөрний сав, Сахалин, Онон гол, Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурт гэсэн цөөхөн газруудад амьдардаг байна.

zagas

ТАНИХ ШИНЖ ТЭМДЭГ: Биеийнх нь 40-өөд хувийг эзэлсэн том зантгар толгойтой. Нуруу, хажуу хэсэгтээ өргөслөг товгоруудтай, бараан саарал, хүрэвтэр өнгөтэй, хэвлий хэсгээрээ цайвар өнгөтэй. Нурууны нэгдүгээр сэлүүрээс хойш сүүлийн уг хүртэл бараан өнгийн гурван судалтай. Сэлүүрүүд жижиг хар толботой. Нурууны сэлүүрийн шулуун гуурсны тоо 10, салаалсан гуурс 12, сүүлийн өмнөх сэлүүрийн гуурс 10-12, цээжний сэлүүрийн гуурс 16, хэвлийн сэлүүрийн шулуун гуурс 1, салаалсан 3 байна. Биеийн урт дунджаар 17 см, 18-50 гр жинтэй байдаг аж.


АМЬДРАЛЫН ОНЦЛОГ: Хөдөлгөөн багатай, ёроолын амьдралтай. Хүчилтөрөгчөөр баялаг, цэвэр тунгалаг урсгал усанд амьдардаг. Голын хайргатай хэсэгт чулуун доогуур шургаж хоргодно. Ёроолын жижиг амьтнаар хооллоно. Зантахай загас нөхөн төлжих нөөцгүй болсон бөгөөд Монгол Улсын “Улаан ном”-ын маш ховор гэсэн ангилалд бүртгэгдсэн байдаг.

Уг загасны ховордсон шалтгаан нь алт олборлолтын явцад ашигласан хүнд металлын улмаас үүссэн амьдрах орчны доройтол, алт олборлолтын үйл ажиллагаанаас үүдэлтэй гэдгийг байгаль хамгаалагчид хэлж байв.

М.АМАРЖАРГАЛ

zagas

zagas

zagas

zagas

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.