Өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллуулах зам гүүрийн ажлын зар хаанаас гарав

-ЗАМ ГҮҮРИЙН АЖЛЫН ӨДРИЙН ХӨЛС 30-35 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА-

“Өдрийн 50 мянган төгрөгөөр цалинжуулж, хоёр хоол, гурван хөнгөн цай, оройтвол унааны мөнгө өгөх нөхцөлтэй зам гүүрийн ажилд туслах ажилтан олдохгүй байна” гэх зар бүхий мэдээлэл сошиал орчинд тархаж багагүй шуугиан дэгдээв. Өөрөөр хэлбэл, Монголын залуус өдрийн 50 мянган төгрөгийн цалин голоод, ажилд орох хүн олдохгүй байгаа гэх утга бүхий мессэж нийгэмд тарсан юм. Эл мэдээлэл бодит эсэхийг хэд хэдэн газраас тодруулахыг зорилоо.

Одоогоор үйл ажиллагаа явуулж буй зам гүүрийн ажил гэвэл хамгийн түрүүнд Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажил, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил тус тус нэрлэгдэх юм. Эдгээр бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хятадын төмөр замын хорьдугаар товчоо” гэх компани ажиллаж байна.

Бид хамгийн түрүүнд Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажлаас сурвалжлагаа эхэллээ. Энэ ондоо багтаан ашиглалтад оруулах гүүрийн ажил нийтдээ 36 хувь, шинэ гүүрийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Одоогийн байдлаар хэчнээн хятад ажилчин ажиллаж байгаа нь тодорхойгүй бөгөөд 30 гаруй монгол ажилчин бий гэсэн мэдээлэл байна.

Монгол ажилчдаас “Энэхүү зам гүүрийн ажилд өдрийн 50 мянган төгрөгөөр монгол залуус авч ажиллуулна” гэх зар тавьсан ч нэг хүн тоож ирэхгүй байгаа тухай сонссон эсэхийг тодрууллаа. Тэд хэлэхдээ “Ийм мэдээлэл огт сонсож байгаагүй юм байна. Яасан их мөнгө вэ. Одоо өдрийн 30-35 мянган төгрөгөөр ажиллаж байгаа шүү дээ. Монгол хүн авч ажиллуулна гэсэн сураг сонсож байсан. Энэ зар чинь үнэн бол бид энэ ажлаа хаяад очмоор л байна шүү дээ” хэмээн хариулцгаасан юм.

zam

-ЦАХИМ ОРЧНООР ХООСОН ДАВАЛГААЛСАН МЭДЭЭЛЭЛ БАЙХ ГЭВ-

Бид Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хэсгээс асуудлыг тодруулахыг зорилоо. Эндэхийн ажилчид мөн л ийм зар мэдээлэл дуулаагүйгээ хэлж байв. Харин “Монгол ажилчид цөөхөн байна. Гэрээгээр 30 хятад, 70 монгол ажилчин гэсэн харьцаатайгаар ажиллуулах зарчимтай. Энэ харьцаандаа хүрэхгүй байна. Ажилд орох сонирхолтой монгол залуус мэр сэр ирдэг ч авалгүй буцаадаг юм. Энэхүү зам гүүрийн ажилчид өдөрт 30-37 мянган төгрөгөөр ажилладаг ч гар дээрээ 30 мянган төгрөг авдаг. Харин жолооч нар л өдрийн 50 мянган төгрөгөөр цалинждаг” гэв.

Энэ талаар Нийслэлийн автозамын хөгжлийн газар буюу албаны эх сурвалжаас тодруулахад “Хэвлэл мэдээлэл, цахим орчноор хоосон давалгаалсан мэдээлэл гарч байна. Манай байгууллагаас ажлынхаа квотыг өгчихсөн. Энэ чиглэлийн ажлыг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр хариуцан ажиллаж байна. Өөрөөс нь асуусан дээр байх” гэсэн хариулт өгөв.

Д.Энхтөрийн туслахаас лавлавал “Манай дарга энэ чиглэлийг хариуцдаггүй. Нийслэлийн засаг даргын орлогч н.Баярхүүгээс тодруул” гэсний дагуу холбогдоход туслах нь “Манай дарга хөдөө томилолтоор явсан. Энэ сарын 16, 17-нд ирнэ” гэснээр сурвалжлагын эрлийн үзүүр мухардсан юм.

Ямартай ч монгол залуусыг залхуу, чамламтгайгаар нь дуудаад авсан энэхүү зар бүхий мэдээлэл хаанаас гарсан нь тодорсонгүй. Хэрвээ бодит зар бол ажлаа хаяад ажиллах хүсэлтэй залуус ч байгаа даг шүү.

П.УРНАА

zam

zam

zam

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.