ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Туул голын эрэгт хөл гишгэх зайгүй “ГРАНАТ”

-БОАЖЯ-НЫ САЙД АА, ХЭЗЭЭ ТУУЛ ГОЛЫН ЭРЭГТ НИЙТИЙН
БИЕ ЗАСАХ ГАЗАР БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА-

Урин цаг айлчилж, модод ногоорч, цэцэгс дэлбээлж, дэлгэр зун айсуй. Өвөлжингөө утаанд угаартсан нийслэлчүүдийн дийлэнх нь цэвэр агаар уушгилах санаатай Туул голын эрэг, Горхи-Тэрэлжийн үзэсгэлэнт байгаль руу амралтын өдрөөр хүлгийн жолоо залдаг. Гэвч цэвэр агаар амьсгалах бус, хүний өтгөн шингэн, овоолж орхисон хогийн ялзмаг үнэрлэсээр ирдэг нь гашуун үнэн.

Туул голын эрэг орчимд орох, гарах гарц, зориулалтын хогийн цэг, нийтийн бие засах газаргүй нэлээд олон жил болж, эдүгээ Хатан Туул маань хогийн цэг болон хувирчээ. Хайхрах эзэнгүй, сайн дурынхнаас өөр цэвэрлэх хүнгүй. Тиймээс энэ асуудлыг манай MEDEE.MN сайт хөндөж  байна. Манай сурвалжлах баг Туул голын эргийг зорилоо.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрнээс зүүн тийш Туул голын өмнөд эрэг хөл хөдөлгөөн ихтэй, салхины чиг өөрчлөгдөх бүрт хуушуур, шорлогны үеэр таатай нь аргагүй үнэртэнэ. Балчир үрсийн цангинасан инээд наргиан Туулын эрэг, Богд уулыг цуурайтуулах хүүхдүүдийн диваажин гэлтэй. Голын эрэг дагуу дөнгөж цухуйж буй нялх ногоон дээр төрөл бүрийн маркийн автомашинуудаа дуртай зүг рүүгээ харуулан тавьж, сүүдэрт нь хүмүүс хэсэг бүлгээрээ тойрон сууна.

Зарим нь нарны элчинд бүлээссэн хайрган дээр дэвсгэр дэвсэн хэвтэж байхад нөгөө хэсэг нь хөзөр тоглон, шар айраг шимнэ. Амарч буй газраасаа нойлын цаас барин хэдхэн алхам яваад л шээж, хүндээр бие засах нь харагдана. Шинээр ирсэн амрагчид өмнө нь ирсэн нэгнийхээ хатсан шээсэн дээр дэвсгэрээ дэвсэн хэвтэнэ. Мөнхийн тойрог мэт энэ үйл явц үргэлжлэх аж.

Засмал зам дээрээс ийнхүү ажиглан зогсоход Туул голын эрэг амралт зугаалгын газар шиг харагдана. Гэвч хаа сайгүй хөглөрөх гялгар уут, янз бүрийн хог, бургасан дунд хөл гишгэх зайгүй “гранат” буюу хүний ялгадас. Голын эрэг дээр очиход гашилсан, нэвшсэн нэвширсэн таагүй үнэр хамар цоргиж байлаа. Гэсэн ч амрагчид тэр үнэрийг үл хайхран хөгжилдөнө. Энэ газарт нийтийн бие засах газар, хогийн цэгийг даруйхан бий болгохгүй бол Туул голын эрэг, бургас тэр чигтээ Улаанчулуутын хог шиг боллоо, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аа!!!

ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ХОГИЙН ЦЭГ ШИГ БОЛООД УДАЖ БАЙНА

Сүхбаатар дүүргийн X хорооны иргэн М.ТУЛГА “Туулын эрэгт амралтын өдрөөр охинтойгоо хамт ирж салхилдаг юм. Энэ хавийн хог, хүний ялгадас арай л биш ээ. Намайг бага байхад өвөө, эмээ хоёр маань “Голын эрэг орчимд бие засаж болохгүй, лус хилэгнэдэг юм шүү” гэж хэлдэг байсан. Гэтэл энд амрахаар ирсэн хүмүүс хаа сайгүй л сууж харагдах юм. Бас болдоггүй байх л даа. Уг нь улсаас зөөврийн нийтийн бие засах газар байгуулаад өгчихвөл ингэж хаа тааралдсан газраа бие засахгүй шүү дээ. Туулын эрэгт биш, хогийн цэгийн хажууд амарч буй юм шиг сэтгэгдэл төрөөд удаж байна” гэв.

НИЙСЛЭЛЧҮҮД ИЙМ УХАМСАРГҮЙ, БҮДҮҮЛЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ

Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны иргэн Л.Галбадрах “Голын эрэг дээр хэвтэх санаатай ирсэн чинь дан л хог байна. Болиод өөр тийшээ явах санаатай алхаж явна. Бургас руу орох бүр ч дэмий санагдлаа. Энэ ууттай хогийг харж байна уу, идсэн уусан юмныхаа үлдэгдлийг орхиод явчих юм. Хувь хүмүүсийн ухамсар шүү дээ. Ийм бүдүүлэг байж болохгүй ээ. Үнэр танар нь ч дийлдэхээ байж. Сайн дурынхан цэвэрлээд л байх юм. Даанч амрахаар ирсэн иргэд нь хогоо ингээд үлдээгээд явчихаар нэмэргүй байдаг бололтой. Хогийн сав, хогийн цэг байрлуулж, зуны цагт өдөр бүр ачиж явахгүй бол өдөртөө л дүүрнэ. Мөн сайн дурын эргүүлүүд ажиллуулж хогоо үлдээгээд, энд тэндгүй шээж баагаад байгаа хүмүүсийг Зөрчлийн тухай хуулиар торгодог болмоор санагдлаа” гэв.

-ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ХЭЗЭЭ ХЭРЭГЖИЖ, ЗАДАРСАН АМРАГЧДАД
ТАШУУР ӨГӨХ ВЭ-

Хэнтийн Хагийн хар нуураас эх авч урсдаг Хатан Туул нийслэл хотоор дамжин 704 км урт зам туулж, Орхон голд цутгадаг. Улаанбаатар хотын тэг дундуур дайран өнгөрөхдөө амь нь тасарч, хорвоогийн бүхий л зовлонг үздэг. Амрагчдын хариуцлагагүй, ухамсаргүй байдал, оновчтой хот төлөвлөлтгүйгээс эдүгээ Туул гол хэн нэгэн сайн дураараа ирж цэвэрлэхийг хүлээж, нийслэлчүүдийн өмхийрсөн хогийг дааж ядан уйтгартайгаар сааралтан урсана.

Ганцхан Туул гол ингэж урсаж, эко систем алдагдаж буй юм биш. Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуучлал хөгжихийн хирээр Монгол орны үзэсгэлэнт байгаль, гол горхи, нуур цөөрмүүд бидний газар сүйдсээр байна.

Өнгөрсөн жил УИХ-ын хаврын чуулганаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хуульд хог хаясан хүмүүст хариуцлага тооцох хуулийн заалтууд тусгагдсан билээ. Тодруулбал, уг хуулийн 41.13 дахь заалтад хог хаягдал хаяж байгаа тухай мэдээллийг холбогдох байгууллагад нь өгч, тухайн асуудал нь баталгаажсан тохиолдолд мэдээлэл өгсөн иргэн хог хаясан байгууллагын торгуулийн дүнгийнх нь 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал авах урамшууллын системийг тусгаж өгчээ.

Харин иргэн, аж ахуйн нэгжийн хог хаяхдаа хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хурааж, зөрчил гаргасан хүнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох, нийтийн эзэмшилд зар сурталчилгаа байршуулах, шашны болон зан үйлийн эд зүйлс тавьж, хог хаягдал үүсгэхийг хуулиар хориглож өгсөн байдаг. Гэвч хог хаядаг хүний тоо цөөрсөнгүй.

“Монголын хууль гурав хоног” гэдэг шиг ухамсар муутай ард түмэндээ хяналт тавьдаг хүн байдаггүй болохоор байгаль дагасан хог хаягдлын асуудал цэгцрэхгүй байгаа биз ээ.

М.АМАРЖАРГАЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.