С.Баяр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан тусгай өрөөнд хэвтэж байна

Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн асуудлаар саатуулан шалгаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Тэрээр энэ хугацаанд цагдан хорихоос өөр хэлбэрээр таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй юм.

Уг асуудлаарх шүүх хурал үдээс өмнө нь түүнийг суллах шийдвэр гаргаж, үдээс хойшдоо дахин саатуулах шийдвэр гаргах байдлаар эргэж буцсан нь анхаарал татдаг. Эх сурвалжууд С.Баярыг суллах тохироо өмнөх өдөр нь хийгдсэн байсан ч дахин өөрчлөгдсөн гэх мэдээлэл өгч байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд С.Баярыг өвдсөн хэдий ч “шөрмөстэй “байдлаар асуудлыг даван гарч байгаа гэх зорилтот пиарыг ихээр түгээв. Үүний дараа буюу өчигдөр 17:00 цагийн үед сайд нарын хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлээд буй юм. Тэрээр тулуй өвчний улмаас ШШЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ.

Өвчтөн шилжүүлэх асуудлыг Авлигатай тэмцэх газар, Прокурорын байгууллагаас үл хамаарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар бие даан шийддэг учир эмч нарын зөвлөгөөнөөр оруулснаар сайд нарын хоёрдугаар эмнэлэг рүү хүргүүлсэн байна.

Тэрээр нэгэн үе МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчлүүлж байсан тусгай өрөөнд хэвтэж байгаа аж. Эх сурвалжууд С.Баярыг “Эмчилгээндээ орсон. Муухан алхаж байгаа” гэсэн мэдээлэл өгч буй юм.

Г.ИТГЭЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.