ОРОС-ЯПОНЫ УДИРДАГЧДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛНО

Японы Ерөнхий сайд Шинзо Абе ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай дээд хэмжээний уулзалт хийхээр Санкт-Петербургийг өчигдөр /2018.05.24/ зорилоо. Тэрбээр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр үг хэлэх бөгөөд бямба гаригт /2018.05.26/ Ерөнхийлөгч Путинтай яриа хэлэлцээ хийх юм байна.

Айлчлалын гол зорилго нь Орос Японы хооронд найрамдлын гэрээнд гарын үсэг зурах талаар хэлэлцэх юм байна. Энэхүү гэрээнд маргаантай арлуудын асуудал хөндөгдөж, дэлхийн II дайны дараах байдлаар өмнөд Курилийн хууль ёсны статусыг хүлээн зөвшөөрүүлэх зэрэг чухал тохиролцоо явагдана гэж Ерөнхийлөгч Владимир Путины зөвлөх Юрий Ушаков мэдэгдсэн байна.

Ерөнхий сайд Ш.Абегийн зүгээс ОХУ-ийн бүрэлдэхүүнд багтдаг Курилийн арал дээр эдийн засгийн хамтарсан ажиллагаа явуулах тохиролцоог урагшлуулахад гол анхаарлаа хандуулна гэв. Энэ хүрээнд эдгээр арлуудад амьдарч байсан өвөг дээдсийнхээ булшийг эргэж очих Япон иргэдийг энэ жил дахин зорчуулах хүсэлтээ тавих юм байна.

Түүнчлэн хоёр орон хүлэмжийн болон хөдөө аж ахуй зэрэг тэргүүлэх чиглэлийн таван төслийг хэрэгжүүлэхээр тодорхойлсон байгаа. Айлчлалаас ойрын хугацаанд хоёр орны Гадаад харилцаа болон Батлан хамгаалах яамны сайд нарын уулзалтын товийг зарлан хийх төлөвтэй байна.

Ш.Абе НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэдгийг онцолж, дэлхий дахины анхааралд байгаа Солонгосын хойгийг цөмийн цэнэггүй болгох асуудлаар Оростой нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ө.БАЯРЗУЛ

Эх сурвалж: NHK

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.