ЧУУЛГАН: “Ч.ХҮРЭЛБААТАР АА ЧИ ХЭДЭН ТЭРБУМЫН ХАУСАНД АМЬДАРДАГ”
Эрэмбэлэх:  
12:08 2018-05-25

ЧУУЛГАН: “Ч.ХҮРЭЛБААТАР АА ЧИ ХЭДЭН ТЭРБУМЫН ХАУСАНД АМЬДАРДАГ”

УИХ-ын чуулганаар  “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрд хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Хүүхдийн мөнгийг 80 хувь олгох төсөл оруулж ирж байна. Өнгөрсөн 10 жилийн турш хүүхдийн мөнгө олгож ирсэн. Энэ хугацаанд авах ёстой хүүхдийн 10 хувь нь мөнгөө авч чаддаггүй гэсэн судалгаа байна. Хүүхдийн мөнгийг авах хүсэлт илэрхийлсэн өрх бүрд мөнгө олгоод явах боломж гарахгүй байгаа юм уу. Хуучин социалист тогтолцооны үеэс хүүхдийн мөнгө олгож эхэлсэн байдаг. Би бол тэр хүүхдийн мөнгөөр хүн болсон хүний нэг. Миний аав, ээжийн нэг нь ажилтай нөгөө нь хүүхдээ хардаг. Ийм айлын гол орлого бол хүүхдийн мөнгө байсан. Дэлхийн бусад оронд өрх гэр лүү хандсан, баялгийн тэгш хуваарилалтын талаар ямар бодлого баримталж байна вэ. Иргэд авч чадахгүй байгаа нийгмийн халамжийн чиглэлээр үр дүн багатай олон ажил зохиож, улсын хөрөнгийг үрж байхын оронд хүүхдэд мөнгө олгоод, энэ мөнгөөр дамжуулж хүний хөгжлийг хангаад явбал яасан юм бэ. Намын үзэл гаргамааргүй байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Засгийн газар бол авсан өрөө төлж чадахаа байгаад хандив цуглуулж эхлэхийн өмнө ОУВС-тай хамтарч ажилласан. ОУВС-тай хүүхдийн мөнгийг 60 хувьд олгоно, тэр 60 хувь нь зорилтод бүлэг байна гээд тохирчихсон байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар 60 хувийг 80 хувь болгохоор хэлэлцээр хийгээд тохирчихсон. Эдийн засаг хямраад ирэхээр хадаг барьж очоод ОУВС элсчихдэг. Нөхцөл байдал сайжраад ирэхээр хэлснээ мартдаг байж болохгүй. Одоо бол та хүүхдийн мөнгө авах уу гэдэг санал асуулга зохион байгуулна. Тэр ажлыг хийгээд ирэхээр яг хэдэн хувь нь хүүхдийн мөнгө авах сонирхолтой байгаа талаарх судалгаа гарна. Энэ судалгаан дээр үндэслэж ОУВС-тай тохиролцоно.

Хуралдааны үеэр Ардчилсан намын бүлгийн гишүүд хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой гэдэг байр сууриа илэрхийлж байсан бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү “та 20 мянган төгрөг авах уу гэж асуух нь утгагүй. Хүн бүр 20 мянган төгрөг авах сонирхолтой байх нь ойлгомжтой. Санал асуулга явуулах нэрээр мөнгө үрэхээ боль. Түүнийхээ оронд хүүхдийн мөнгөө л 100 хувь өгчих” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрд мөнгө өгнө гэж тусгасан. Хүүхдийн мөнгийг ярьж эхэлсэн цагаас хойш хүүхэд бүхэнд мөнгө олгох ёстой гэж үздэг гишүүдийн нэг нь би. Ардын хүүхэд бүрд мөнгө өгч, хүүхдийн мөнгө олгосныхоо төлөө бид огцорсон. Сангийн сайд мөнгө байгаа гэж сая ярилаа. Өнөөдөр төсвийн тодотгол хийхгүй, төсөв давж биелсэн гэж ярьж байгаа. Та багш, эмч нарт зүгээр мөнгө олгож, 54 тэрбум төгрөг зарцуулсан. Та буруу бодлого явуулаад байна. Мөнгөтэй төгрөгтэй албан тушаалтай айлд энэ 20 мянган төгрөг хэрэггүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чи Богд уулын хажууд хэдэн тэрбумын хаусанд амьдарч байгаа. Чам шиг хүнд 20 мянган төгрөг хэрэггүй байж болно. Харин ардын хүүхдүүдэд энэ мөнгө хэрэгтэй шүү.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.  

11:07 2018-05-25

2017 ОНД 2,8 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨР БАРАГДУУЛСАН ГЭВ

УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавиад удаж байна. Засгийн газар гурван талт зөвшилцөл дээр эвтэйхэн хүрээсэй гэж бодож байна. Үүнээс гадна ЗГХЭГ-т агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгээс хоёр удаа зөвлөмж хүргүүлсэн. Хийгдэж байгаа ажлынхаа талаар мэдээлэл ирүүлэхийг хүссэн боловч ямар мэдээлэл ирсэнгүй. Ажлын хэсэг хүлээгээд байгаа. Албан ёсоор хэлэхэд тавдугаар сарын 30-нд Засгийн газрын мэдээлэл сонсоно. Тайлан мэдээллээ ирүүлээрэй. Яагаад гэвэл ирэх онд түүхий нүүрс оруулахгүй учраас үлдсэн нэг жилийн хугацаанд хэн ямар ажил хийх талаар тодорхой төлөвлөгөөтэй танилцах хэрэгтэй байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Засгийн газар өрийг бууруулах тал дээр ямар бодлого баримталж байна вэ. Хоёрдугаарт, эдийн засгийн бүтцэд ямар өөрчлөлт гарч байгаа вэ. Татвартай холбоотой нэлээд хэл ам гарсан. Татвар нэмэгдүүлэх асуудал байхгүй гэж ойлгож байгаа. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох нь намын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Өрийг тасралтгүй буулгах бодлого явуулж байгаа. Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаснаар 2019 онд 55,3 хувь болгож бууруулахаар оруулж ирсэн. Ингэж буулгахад дотоодын өндөр хүүтэй бондыг төлсөн, бага хүүтэйгээр солих ажиллагаа хийгдсэн. 2017 онд 2 их наяд 817 тэрбум төгрөгийн өр барагдуулаад байна. Энэ бол зөвхөн дотоодын бондын өр юм. Дээрх хоёр их наяд төгрөг дээр нэмэгдээд гадаад өр байгаа. Өрийн хэмжээг буулгаж байж төсвийг сайжруулна. Авсан зээлийнхээ хүүд 1,4 их наяд төгрөг төлж байсан. Одоо 860 тэрбум төгрөг төлж байна. Ингэж буулгахын тулд нэлээд хүчин чармайлт гаргасан. Цаашид эдийн засгаа солонгоруулах тал дээр Засгийн газрын хуралдаанаар татварын багц хуулийг шинэчлэл хийх шийдвэр гаргасан. Энэ хуулийг баталснаар 2019 онд ЖДҮ-г хөгжүүлэх, уул уурхайгаас бусад салбарт эдийн засгийн түлхэлтийг бий болгож чадна гэж харж байгаа.

Дээрх хуулийн төслийг баталсны дараа “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв.

10:34 2018-05-25

УИХ-ЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын чуулган эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2017.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлж санал хураалт явуулна/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төсөл /Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Үдээс хойш:

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар“ тавьсан асуулгын хариуг сонсох.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монгол Улс гадаад бодлогынхоо асуудлыг хаалттай ярилцах цаг болсон. ШХАБ, Евро Азийн эдийн засгийн холбоонд элсэх эсэх яриа гараад байна. Энэ бүх асуудлаа хаалттай хэлэлцмээр байна“ гэв. Түүний саналыг УИХ-ын дарга М.Энхболд дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарыг байлгаж байгаад хаалттай ярилцах нь зүйтэй. Шаардлагатай гэж үзвэл мягмар, лхагва гаригийн аль нэгэнд ээлжит бус чуулган зарлахад бэлэн байна“ гэв.

Ингээд гишүүд үг хэлж дуусаад, хэлэлцэх асуудалдаа оров. Хуралдааны эхний асуудал бол Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв.

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.