ШИНЭ НЭР: СЭТГЭЛИЙГ ЗАСАГЧ

 “NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангаа уншигчдадаа хүргэж байна. Энэхүү булангийнхаа зочноор сэтгэл судлаач Т.Уянгыг онцолж байна.

ТӨГСБААТАРЫН УЯНГА

ТӨГССӨН СУРГУУЛЬ: Истанбулийн их сургууль

МЭРГЭЖИЛ: Сэтгэл судлаач

СОШИАЛ ХУУДАС:  Uyanga Tugsbaatar

ЯАГААД СЭТГЭЛ СУДЛААЧ БОЛСОН БЭ?

-Сэтгэл судлаач болох нь миний мөрөөдөл байсан. Арван жилийн сургуулиа төгсөөд мэргэжил сонгохдоо сэтгэл судлаач болно гэж шийдчихсэн байсан.  Яагаад гэвэл  хамгийн сонирхолтой, хамгийн нууцлаг мэргэжил юм шиг санагдсан. Энэ чиглэлээр сурч эхэлснээс хойш сэтгэл судлал бүх юмны ард байдгийг ойлгосон.  Монголчууд сэтгэл судлалаар ажилладаг гэхээр яг юу хийдэг юм бэ гэж асуудаг л даа. Хүмүүсийн харилцаа, боловсрол, эрүүл мэнд, бизнест бүгд  сэтгэл судлал хэрэгтэй болдог.

ӨӨРӨӨ ДЭЭРЭЭ БУСДЫН ЗОВЛОНГ ХЭР МЭДЭРДЭГ ВЭ?

-Сэтгэл судлаач  аливаа асуудалд бодитоор ханддаг.  Үйлчлүүлэгчид учирсан бэрхшээл, асуудал яг хаанаас эхэлсэн, ямар шалтгаанаар үүссэн бэ гэх учир шалтгааныг нь хайдаг шинжлэх ухаан. Түүнээс үйлчлүүлэгчтэйгээ хамт уйлаад эсвэл зовлонг нь бие дээрээ мэдрээд, гуниглаад, стресстээд байх ёсгүй юм.  Тухайн хүн ямар зан араншинтэй вэ, ямар ажил эрхэлдэг вэ, гэр бүлийн харилцаа, амьдрал нь ямар вэ, бага насаа яаж өнгөрөөсөн бэ, энэ хүний юу нь болохгүй байгаа вэ гэж бүх зүйлийг бодитоор, цогцоор нь дүгнэж, үйлчлүүлэгчид маань юу хэрэгтэйг олж харах нь чухал учраас надад зовлонтой гэхээсээ сонирхолтой санагддаг.

МОНГОЛЧУУД СЭТГЭЛ СУДЛААЧДАД ХЭР ХАНДДАГ ВЭ?

-Сүүлийн үед хүмүүсийн хандлага их өөрчлөгдсөн. Өмнө нь тухайн хүнд асудал үүслээ гэхэд  гандан хийд, лам дээр очдог байсан бол өнөөдөр өөрт учирсан бэрхшээлийнхээ учир шалтгааныг их хайдаг болж.  Надад ямар асуудал байна, би юун дээр алдав, өөрийгөө яаж өөрчлөх хэрэгтэй вэ гэдгийг эрж хайж сэтгэлзүйн зөвлөгөө авахыг хүсдэг болсон байна.

МОНГОЛЧУУД ЮУНААС БОЛЖ БУХИМДААД БАЙНА ВЭ?

-Хүмүүсийн бухимдал, стресс, ганцаардал яг хаанаас эхлэлтэй вэ гэж хайгаад үзэхээр  голдуу бага насандаа өссөн орчинтой нь холбоотой байдаг.  Гэр бүл нь багад нь ямар хандлага гаргасан, амьдралыг яаж таниулсан тэр өнцгөөрөө яваад байдаг.  Мөн сургууль их нөлөөлдөг санагддаг.  Арван жилийн сургуулиудад хүн сэтгэл санаагаа яаж зөв чиглүүлэх ёстой вэ, стресс бухимдлаас яаж өөрийгөө хамгаалах ёстой вэ гэдгийг зааж өгдөггүй. Энэ нь бол манай боловсролын салбарт ихээхэн үгүйлэгдэж байна. Арван жилийн хүүхдүүд амиа хорлож, стресстэж, ганцаардаж ээж аав, багшдаа хэлмээргүй олон асуудал тулгардаг. Тэр бүхэн дээр сургуулийнхаа сэтгэл судлаач дээр очиж зөвлөгөө авдаг тийм л боломжийг боловсролын салбарт бүрдүүлэх ёстой юм шиг надад санагддаг.  Өөрөөр хэлбэл, сургуулиудад нийгмийн ажилтнаас гадна сэтгэлзүйч хэрэгтэй болсон гэсэн үг.  Европ, Америкт сэтгэл санаатайгаа яаж тайван байлгах вэ, бусадтай хэрхэн харилцах вэ гэсэн хичээлүүд орж эхэлж байна.

ЯАЖ ЗӨВ ХҮН БОЛОХ ВЭ?

-Асуудал ихэнхдээ буруу бодол, юмыг буруу өнцгөөс харахаас эхэлдэг.  Тиймээс ядаж ирээдүйгээ зөв бодолтой зөв хүмүүс болгохын тулд Монголын боловсролын салбарт энэ чиглэлийн хичээлийг маш сайн оруулж өгмөөр санагддаг.

ТАНЫ ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

-Миний хувьд боловсролын салбарт дутагдсан энэ орон зайг нөхөж,  арван жилийн хүүхдүүдэд сэтгэл заслын зөвлөгөө өгөх “Амьдралын сургууль” гэсэн  төв нээсэн.

“Зориг сан”-гийн  залуучуудтай нэгдээд мөн өсвөр насныханд тулгамдаж байгаа асуудлаар нь  онлайн  зөвлөгөө өгч байгаа. Өсвөр насныханд тулгардаг нэг том асуудал бол сэтгэл гутрал, ганцаардал байдаг. Аав ээж, багш нар хүүхдүүдийн сэтгэлийн гүнд орж харахгүй өнгөцхөн хараад чи сургуульдаа явсангүй, хичээлээ хийсэнгүй, онц сурсангүй, чамд л асуудал байна гэж загнадаг. Гэтэл эсрэгээрээ тэднээс маш их дэмжлэг, сэтгэлийн зөвлөгөө тэр хүүхдэд үгүйлэгдэж байх жишээтэй.

-ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД  ЗӨВЛӨХӨД ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ЯАЖ ХАРИЛЦАХ ЁСТОЙ ВЭ?

-Харилцааны чадварууд их чухал. Хүүхдэд хоёр хэрэгцээтэй зүйл байдаг. Нэг нь хайрлагдах хэрэгцээ, нөгөө нь бие даах хэрэгцээ.  Энэ хоёрын балансыг тааруулж явах ёстой. Хэт хайрлах хэрэгцээг нь өгвөл хүүхэд бие дааж чадахгүйд хүрдэг. Хэт бие даах хэрэгцээг нь өгвөл хүүхдэд хайр үргэлж үгүйлэгддэг.  Хүүхдүүд аливаа зүйлд их донтож байна гэдэг нэг ёсондоо эцэг эхийн зүгээс хамт байх, хайрлагдах хэрэгцээг нь өгөхгүй байна гэсэн үг. Хайрлагдах, хамт байх хэрэгцээ гэдэг нь аав нь орон дээрээ зурагт үзээд, ээж нь утас маажаад гэртээ суухыг хэлэхгүй. Хүүхэдтэйгээ тоглодог, ярилцдаг байх ёстой.

Ж.ЭРХЭС

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.