БАЙР СУУРЬ: Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв эсэх талаар хэн юу хэлэв

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага Монголын гишүүнээр элсэх хүсэлтийг таатай хүлээж авахаа илэрхийлсээр байдаг. Өнгөрсөн онд ШХАБ дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Бахтиер Хакимов ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө “Монгол Улс ШХАБ-д элсэх бүрэн боломжтой, бүр тодруулбал сонирхол татаж байгаа орон гэдгийг би хэлмээр байна. Тэд 2005 онд уг байгууллагын анхны ажиглагч орон болж байсан юм” хэмээн онцолж байв.

Мөн тэрээр ШХАБ Улаанбаатартай харилцаагаа өргөтгөх байнгын сонирхолтой байгаа бөгөөд Монгол Улсын тус байгууллагад гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээж байгааг илэрхийлсэн байдаг.

ШХАБ нь анх 2001 оны зургадугаар сард ОХУ, Хятад, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан гэсэн зургаан улсын санаачлагаар Шанхай хотод байгуулагдсан. Өнгөрсөн зургадугаар сард Энэтхэг, Пакистан улсууд гишүүн орноор нэгдсэн бол Афганистан, Беларусь, Иран, Монгол улсууд ажиглагчийн статустай, Турк, Азербайжан, Армени, Камбож, Балба улсууд яриа хэлэлцээрийн түншээр оролцдог билээ.

Өнөөдөр Монгол Улс тус байгууллагын албан ёсны гишүүнээр элсэх нь тодорхой болж, бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр асуудал дэмжигдсэн талаархи мэдээлэл гарч, энэ нь багагүй шүүмжлэл дагуулж буй юм. Энэ асуудлаар хэн ямар байр суурь илэрхийлснийг товчлон хүргэж байна.

-ШХАБ-Д ЭЛСЭЖ, ОРОСЫНХОО ИТГЭЛИЙГ СЭРГЭЭЕ. ЭНЭ БОЛ ГЕОПОЛИТИК-

Гадаад харилцааны сайд асан Л.ЭРДЭНЭЧУЛУУН: -Монгол ШХАБ-д элсээд эдийн засгийн ашиг гарахгүй нь мэдээж. Гэвч хамгийн ойр нөхөр Оросыгоо бид ардчиллаас болоод олон жил гомдоож итгэлийг нь алдсан.  Одоо ШХАБ-д элсэж итгэлийг нь сэргээе Ингэхгүй бол хамтын ажиллагаа явахгүй. Энэ бол геополитик.

Munhorgil

-МОНГОЛ УЛС ОДООХОНДОО ШХАБ-Д ЭЛСЭХ ШААРДЛАГАГҮЙ-

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ: –Шанхайн хамтын ажиллагааны байгуулага жинхэнэ утгаараа цэргийн байгууллага биш. Гэхдээ энэ байгууллагын үүссэн, хөгжсөн түүх, одоо байгаа байдал, цаашаа ямар чиглэлээр хөгжих вэ гэдгийг нь хараад байхад  нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн блок болох өндөр магадлал байна гэж үзэж байгаа.

Ер нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх үү, үгүй юу гэдгийг олон талаас нь харж судлах ёстой. Зөвхөн өнөөдрийн дотоод, гадаад улс төрийн байдлаар бус урт хугацаандаа их гүрнүүдийн харилцаа хаашаа, хэрхэн хөгжих, ерөнхий хандлага хаашаа байна, энэ хандлаг дотор Монгол Улс ямар байр суурьтай байх вэ, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэх вэ гэдийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна.

Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан. Тэгэхээр бүрэн эрхт гишүүнээр элсэх, ажиглагч байхын ялгаа нь манай улсад ялгаагүй. харин гадна талдаа Монгол Улс хоёр том хөршийн нөлөөнд бүрэн автаж байна гэдэг зураглал харагдана.

Энэ байгууллага хаашаа хөгжих гээд байгаа сайтар харах ёстой. Өнөөдөр бодит амьдрал дээр хүйтэн дайн эхэлчихлээ. Энэ хүйтэн дайн дахиад хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна. Дайн сонгодог утгаар өрнөөд явах юм бол манайх шиг жижиг орнуудад асар их нөлөөтэй. Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Тусгаар тогтнол гэдэг бол зүгээр нэг НҮБ-ын гишүүн байхаас илүү бодит байдал дээр бие даасан бодлого явуулж чадах уу гэдэг асуудал байдаг.

Монгол улс 1990 оноос хойш гурав дахь хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гурав дахь хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй.

Төвийг сахих гэдэг нь хоёр хэлбэртэй. Нэгд, хууль боловсруулаад улс төрийн шийдвэр гаргаснаа зарлаад явах нэг хэлбэр байдаг. Хоёрт, улс төрийн шийдвэр гаргахгүй ч хар хайрцагны бодлогоор төвийг сахиж болдог. Төвийг сахих бодлогын цаад санаа нь хоёр хөршийн хэт их нөлөөнд автахгүй байх юмсан гэдэг зорилготой юм. Үүний гол баталгаа нь гурав дахь хөршийн бодлогыг дэмжиж, хөрөнгө оруулалт оруулж ирэхэд оршдог.

purevdorj

ХОЁР ХӨРШТЭЙГЭЭ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА САЙЖРУУЛСНЫ ДАРАА
ШХАБ-Д ЭЛСЭХ НЬ ЗҮЙТЭЙ

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: –Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээр гуравдагч хөршийн бодлоготой болсон. Үүнээс өмнө зөвхөн хоёр хөршийн харилцаатай явж ирсэн. Хоёр хөршийн хооронд эдийн засгийн чухал томоохон төслүүд явагддаг. Гэвч өнөөдрийн байдлаар хоёр хөрш манай улсын гадаад худалдааны зах зээлд “хориг” тавих хэмжээний татвар оногдуулдаг.

Манайх ОХУ руу бүтээгдэхүүн экспортлоход татвар нь хэт өндөр. 25 хувийн татвар төлдөг журмыг хойд хөрш барьдаг. Урд хөрш ч мөн ялгаагүй өндөр татвар оногдуулдаг. Хэрэв ШХАБ-д элсэхээр болбол бизнес эрхлэгчдийн гадаад зах зээлд гаргах бараа бүтээгдэхүүний татварыг хөнгөвчлөх асуудлыг сайтар ярилцах шаардлагатай.

bold

-МОНГОЛ УЛС ШХАБ-Д ОРООД ГАНЦААРДАХ ВИЙ ГЭСЭН БОЛГООМЖЛОЛ
ӨНӨӨДӨР БҮДГЭРЧИХСЭН БАЙНА-

УИХ-ын гишүүн Л.БОЛД: -ШХАБ-д элсэх асуудал нь хэн нэгний хүсэл, хоёр талцаж, аль нэг тал нь дийлэх, давамгайлах гэсэн зүйл байхгүй. Юуны төлөө Монгол Улс төр засагтай байгаа билээ, ард түмнээсээ асуух, олон нийтийн саналыг тусгаж, төрийн өндөр түвшинд энэ нь Монголын эрх ашигт нийцэж байна гэдэг шийдвэрийг гаргах ёстой юм. УИХ олон талаас нь хаалттай горимоор мэдээлэл сонссон.

Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөр хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг гаргана. Энэ асуудал нь аль нэг тал нь ялдаг бус, хууль ёсны хамгийн зөв шийдвэрээ гаргах ёстой. Энэ асуудал дээр хэн нэгэн ялсан, буруу, зөрүү гэх нь буруу ойлголт юм.

10, 15 жилийн өмнө бүс нутгийн байдал өөр байсан. Энэ бүсэд болж байгаа бүх үйл явдлаас харж байхад өнөөдөр маш том өөрчлөлт орж байна. Энэтхэг, Пакистан хүртэл ШХАБ-д элсч байгаа нь тохиолдол биш юм. Гэтэл бид үүдний өрөөнд мэдээлэл сонсоод, хүлээгээд суух биш дахин сайн бодож, цаашдын энэ процесст ажиглагчийн байр сууринаас бус чиглүүлэгч, оролцогчийн байр сууринаас хандаж, эрх ашгаа ШХАБ дотор оруулж, идэвхтэй байр сууринаас хандах уу гэдгээ бид өнөөдөр шийдэх гэж байна.

Өмнө нь ШХАБ-д элсэхэд сул талууд байсан. Энэ байгууллагад байдаг улсуудын нийгмийн байгууламж нь өөр, удирдагчдын хувьд бүрэн ойлголцолгүй, цаашид ажиллах механизм нь өөр, Монгол Улс ШХАБ-д ороод ганцаардах вий гэсэн болгоомжлол байсан. Энэ бүх сул тал өнөөдөр бүдгэрчихсэн байна.

УЛС ЭХ ОРНЫХОО ЯЗГУУР ЭРХ АШГИЙГ ДЭЭДЭЛСЭН ШИЙДВЭР ГАРГАНА
ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА

Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Г.Базарваань: -Хүмүүс ч их шахаж байна. Ер үнэнийг хэлье. Манай тэргүүд нэг зүйл ойлго. ШХАБ-ыг Та  бүхэн саалийн үнээ гэж бодож байна. Үгүй ШХАБ чинь БУХ шүү дээ. Монголын улс төрийн уугуул хүчин, энэ улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө олон жил зүтгэсэн МАН улс эх орныхоо язгуур эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

baabar

-“ИДЭВХТЭЙ” ГЭСЭН ТОДОТГОЛТОЙГООР ОРОЛЦООД ЯВАХАД
ИЛҮҮ НЭР ХҮНДТЭЙ БАЙМААРСАН-

Нийтлэлч Б.БАТБАЯР: -Монгол Улс хоёр хөршийн байнгын урилга заллага, хатуу нэхлийн үр дүнд ажиглагчаар орсон юм… ШХАБ бол олон улсын байгууллага. Иймээс улс хоорондын бусад байгуллагын нэгэн адил төсөв нь гишүүн орнуудынхаа төлдөг татвараас бүрддэг. Мэдээж төсвийн ихэнхийг Хятад, Орос хоёр бүрдүүлдэг авч Монгол ч мөн элсэх дээрээ тулбал татвар төлөхөөс аргагүй болно.

Энэ нь жилийн тэрбум төгрөгөөс наашгүй гэсэн тооцоо гарчээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар гэрээ хийсэн хүмүүсээ барьж аваад шоронд хийчихдэг манайх шиг оронд шийдвэр гаргасан хүмүүсийг авлига хээл хахуулиас өгсүүлээд урвагчаар нь олон жил гүтгэн доромжлох байх. Эцэст нь гишүүнээр элсэж үүрэг хүлээж байснаас ажиглагчийн статустайгаар, түүнийгээ “идэвхтэй” гэсэн тодотголтойгоор цэргийн бус бүхий л ажиллагаанд нь идэвхтэй оролцоод явахад харин ч илүү нэр хүндтэй баймаарсан.

-ШХАБ-Д МОНГОЛ ЖИНХЭЛВЭЛ ҮЛ ОЙЛГОЛЦОЛД ХҮРГЭХ НЬ МАРГААНГҮЙ-

Нийтлэлч Г.БАЯРХҮҮ: -ШХАБ анхлан байгуулагдсан нөхцөл шалтгаанууд Монголд байгаагүй. Хилийн маргаан хил залгаа Орос, Хятадтай байхгүй явж ирсэн, байхгүй, хойшдоо ч байхгүй. ШХАБ-ын нэг чухал гол чиглэл бол терроризмын эсрэг тэмцэх бүс нутгийн бүтэц, тэр бүтэц нь “гурван хорт хүчин”-тэй тэмцэнэ: терроризм, сепаратизм, экстремизм гэж заасан бол тэр бүхэн нь Монголд байхгүй, байх ч нөхцөлгүй юм.

Хар тамхины зөөвөртэй тэмцэхэд ШХАБ-ын нэгдсэн цагдаагийн сүлжээ гэж байх аваас Монгол нь ажиглагчийн хувьд оролцож болох юм. Монгол нь Төв Азийн бүс нутагт ямар нэг онцгой, заримдаг, ердийн ямар ч ашиг сонирхолгүй. Тэндэхийн үйл явдалд оролцох сонирхол, бололцоо байхгүй.

Афганистанд энхийг сахиулах зорилгоор НАТО-гийн ISAF хүчний ажиллагаанд оролцож байгаа. Энэ бол мөнхийнх биш, түр зуурынх. Өрнөдийн эсрэг байр суурьтай ОХУ нь (ШХАБ-ын гол гишүүн) Афганистанд Америк, НАТО-гийн хүчин байрлаж байгааг таашаадаггүй, гэтэл ШХАБ-ын ажиглагч Монгол тэнд нь оролцсоор ирсэн нь хэрэв ШХАБ-д Монгол жинхэлбэл үл ойлголцолд хүргэх нь маргаангүй.

Жил бүрийн зун Монголд зохиогддог “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургууль бол энхийг сахиулах чиглэлээр бэлтгэл сургуулилалт болохоос бус ШХАБ-ын хүрээнд явагддаг терроризмын эсрэг хээрийн сургуулиас агуулгын хувьд эрс ялгаатай.

-ШХАБ ОДОО БИДНИЙГ УРАГШ НЬ ХАЗАЙЛГАНА-

УИХ-ын гишүүн асан Д.ЭНХБАТ: -Манай “Гуравдагч хөршийн бодлого” биднийг Орос руу хазайлтаас холдуулж, илүү төвийн байр сууринд аваачсан. ШХАБ одоо биднийг урагш хазайлгана. Эдийн засгийн хувьд бид аль хэдийнээ урагшаа хазайчихсан. ШХАБ түүнийг албажуулж улс төр, удирдлагын хүрээнд аваачна.

Д.ТУЯА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.