ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

“Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ирсэн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин нарын албаны хүмүүс өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Энэ үеэр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг дамжуулсан юм. Мөн “Монгол-Оросын санаачилга” цуврал арга хэмжээ нь өргөжин тэлж, Монгол-Оросын бүх шатны харилцаанд эергээр нөлөөлж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хичээл зүтгэл их байгаад талархаж буйгаа илэрхийллээ. Энэхүү цуврал арга хэмжээний хүрээнд ОХУ-аас ирэх албаны зочид болоод бизнес эрхлэгч, соёл, урлагийнхны тоо нэмэгдэж байгаа нь арга хэмжээ өндөр ач холбогдолтой байгааг хэлж, цаашид тодорхой төсөл хөтөлбөрүүдээр хамтарч ажиллахад таатай байх болно гэдгийг дурдсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй өнгөрсөн оны есдүгээр сард Владивосток хотноо уулзах үеэрээ тохиролцсоны дагуу “Монгол-Оросын санаачилга-2018” арга хэмжээг зохион байгуулж байгааг дурдаад энэ нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд эергээр нөлөөлөхийг хэлэв. Тухайлбал, ОХУ-аас арга хэмжээний хүрээнд 60 гаруй компани ирж Монголын компаниудтай харилцаа тогтоож, хамтран ажиллахаас гадна, хамгийн сүүлд 1976 онд Монгол Улсад ирж тоглолтоо толилуулж байсан И.Моисеевын нэрэмжит академик чуулгынхан ирж байгаа нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа өргөжин тэлж байгааг харуулж байгаа гэлээ.

Мөн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуровын дурдсанчлан ОХУ-Монгол-БНХАУ-ыг дайрах эдийн засгийн коридор байгуулах асуудлыг дэмжиж, төслийг ажил хэрэг болгохыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.