Жереми Чалман: Золгүй байдлаар нас барсан хүний эрхтэнг өвчтэй хүмүүст өгч амьдрал бэлэглэхийг зөвөөр ойлгох байх

Эрхтэн шилжүүлэн суулгалтын дөрөвдүгээр семинар өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд эхэллээ. Тус семинарт эрхтэн шилжүүлэн суулгалтын Монгол холбоо, ЭМЯ, ЭМХТ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, БНСУ-ын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, Рафаел интернейшнл ТББ болон Вайталлинк байгууллагууд хамтран оролцож байгаа юм. Донорын тухай хуулийг сурталчлах, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой аж. Арга хэмжээнд УНТЭ, ЭМХТ-ийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүдээс гадна дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэгийн ерөнхийлөгч асан Жереми Чалман, БНСУ-ын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэгийн ерөнхийлөгч  Ин Сунг Мүүн, Рафаел интернейшнл ТББ, Вайталлинкийн захирал Анг Кури, БНСУ-ын эрхтний Донорын агентлагийн ерөнхийлөгч Вон Хюн Чо нар оролцож байгаа юм.

Энэ үеэр “Эс, Эд, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба”-ны дарга П.Батчулуун хэлэхдээ “Энэ семинар гурван өдөр үргэлжилнэ. Донорын шинэ хууль 2018 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр батлагдаж, хоёрдугаар сарын 19-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Донорын хуулийг хэрэгжүүлэхийн тулд олон нийтэд танилцуулах үйл ажиллагааг идэвхтэй хийж байгаа. Мөн донорын тухай хуулийг сурталчлах явдал чухал. Энэ хуулиар 25-65 насны хүмүүс донор байж болно гэж заасан. Гэхдээ хамгийн чухал нь эрүүл байх, амьд донорын тухайд цусан төрөл байх шалгуур байдаг. Ар гэр, ойр дотныхон нь зөвшөөрөх юм бол донор эрхтэн авч нэг тархины үхэлтэй донор 6-8 хүний амийг аврах боломжтой. Өнгөрсөн хугацаанд зургаан тархи ажиллагаагүй болсон донороос 12 хүнийг бөөртэй, нэг хүнийг элэгтэй болгож амийг нь авраад байна. Олон улсын практикт аль хэдийнээ хэрэгжээд хөгжсөн энэ асуудал манай улсад 60-70 жилийн дараа хэрэгжиж байна” гэв.

Мөн “Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч асан Жереми Чалман хэлэхдээ “Бидний зүгээс Монголын шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хэрэгжүүлээд явж байгаа эмч нарт өөрсдийн санал бодол туршлагаа солилцъё гэдэг үүднээс энэхүү семнарыг зохион байгуулж байгаа. Монголын иргэд Донорын үйл ажиллагааг зөвөөр ойлгож байгаа. Ямар нэгэн золгүй байдлаар нас барсан хүний эд эс эрхтэнг нь өвчтэй хүмүүст өгч амьдрал бэлэглэхийг зөвөөр ойлгож, дэмжин гэж бодож байна. Мөн бүх хүмүүст тархины үхэл гэж яриад байгаа. Тархинд эргэлт буцалтгүй өөрчлөлт орвол нас баралт гэж тодорхойлдог болсон үүнийг олон нийтэд зөвөөр ойлгуулах шаардлагатай” гэлээ.

П.УРНАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.