Д.Гантулга, Д.Мурат нарын ХУВЬ ЗАЯАГ өнөөдөр шийднэ

-ХОЁР НАМЫН ЛИДЕРҮҮД ПРОКУРОРЫН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ
АСУУДЛААР САНАЛ НЭГДСЭН ҮҮ-

Улсын Ерөнхий Прокуророос Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ-ын даргад албан ёсоор хүсэлтээ ирүүлэв. Холбогдох хуулиараа хүсэлтийг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн, шийдвэрлэх учиртай. Энэ хугацаа өнөөдрийн 17:00 цагт дуусгавар болох юм. Үндсэндээ УИХ-д Д.Гантулга, Д.Мурат нарын “хувь заяа”-г шийдэхэд ажлын найман цаг байна гэсэн үг.

Процессоороо гишүүдийг эгүүлэн татах асуудлаар эхлээд намын бүлгүүд хуралдаж, байр сууриа нэгтгэнэ. Дараа нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Төрийн байгуулалтын хороонд санал дүгнэлтээ танилцуулах ёстой. Улмаар Төрийн байгууллалтын байнгын хорооны дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, эцэст нь чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах ёстой.

Д.Муратын асуудлгы бүлгээр авч хэлэлцэх шаардлагагүй. Задгай саналтай орж болно гэж сөрөг хүчнийхэн дотооддоо үзсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол, АН-ын нэр бүхий лидерүүд МАН-ын удирдлагуудтай уулзаж, “Прокурорын хүсэлтийг хүлээж авахгүй бол 2020 оны сонгуульд хөгөө хөлдөө чирнэ. Тиймээс аль аль намын бүлгээрээ гишүүдийг эгүүлэн татах асуудлыг дэмжээд явъя” гэсэн байдлаар ярилцсан байна.

Үүнээс гадна МАН-ын гишүүд хэсэг бусгаараа уулзаж, Д.Гантулгыг чухам хэрхэх талаар жаал зөвлөлдсөн байна. Тухайлахад, ЗГХЭГ-ын даргын өрөөнд Ж.Мөнхбат тэргүүтэй гишүүд уулзаж, Д.Гантулгын асуудлаар санал солилцжээ. Тэд сөрөг хүчин шиг шууд задгай саналтай орохгүй нь тодорхой. Тиймээс өчигдөржин гишүүдээ ордонд уясан, энэ тэнд уулзалдсан хэдий ч 65 -ын бүлгээрээ нэг танхимд цугларч өгсөнгүй. Өнөөдөр 09:00 цагаас бүлэг хуралдуулна гэсэн зарыг гишүүддээ тараасан юм.

УИХ-аас прокурорын хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд тухайн гишүүдийн тойрогт дахин сонгууль явагдах билээ. Бид мэдээллийг өнөөдөр тухай бүрт нь хүргэж, шуурхай ажиллах болно.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.