А.Гантамир: Ж.Энхбаяр гишүүн “Гадны иргэдэд газар өмчлүүлэхээр болсон” гэх буруу ойлголт нийгэмд тараалаа

Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб” ТББ-ын тэргүүн А.Гантамир өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын байнгын хорооны хурал дээр Ж.Энхбаяр гишүүний ярьсан зүйлээс болж, нийгэмд буруу ойлголт төрүүлээд байгаа талаар ярьсан юм.

Түүний ярьсныг сийрүүлбэл “Газрын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээр гадаадын иргэнд газар өмчлүүлэх гэдэг асуудал орж ирсэн байна гэдэг мэдээл олон нийтэд түгээд байна. Үүнээс болж олон нийт буруу ойлголттой болоод байна. Энэ асуудал хуулийн хүрээнд боломжтой юу гэдэг талаар та бүхнээр дамжуулж олон нийтэд мэдээлэл өгөхөөр энэ хурлыг зарлалаа. 1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд уг хуульд зөвхөн нэмэлт өөрчлөлт оруулах зарчмаар явж байсан. Одоо хуульд шинэчилсэн найруулга хийх гэж байна.

Тухайлбал, шинэчилсэн найруулгаар газрын бирж гэдэг зүйл орж ирсэн. Тавдугаар сарын 31-ний өдөр байнгын хорооны хуралдаан дээр Ж.Энхбаяр гишүүн яг энэ асуудалтай холбоотойгоор олон нийтэд мэдээлэл хийгээд, зөвхөн өөрийнхөө ярьсан тэр хэсгийг тасдаж, фэйсбүүк хуудастаа тавьснаар өнөөдрийн энэ маргаан үүсгээд байгаа асуудал гарч ирсэн. Юу гэж ярьсан бэ гэхээр Ж.Энхбаяр гишүүн “Биржээр дамжуулж газрыг арилжаална гээд байна. Тэгэхээр гадаад иргэнд газар өмчлүүлэх боломжтой болгоод байна, та нар” гэсэн утгатай зүйл ярьсан.

Хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсэг болон хуульчдын тайлбараар бол ийм асуудал байхгүй. Гадаадын иргэнд газар өмчлүүлэх тухай ойлголтыг энэ хуульд тусгаагүй гэдэг байр суурь илэрхийлсэн. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуульд гадаад иргэнд газар өмчлүүлэхийг хориглочихсон заалттай. Үндсэн хуулийн дагуу энэ асуудал шийдэгдээд явж байна. Гэтэл Ж.Энхбаяр гишүүн ингэж ярьснаас болж Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд хийх гэж байгаа шинэчилсэн найруулгаар гадаадын иргэнд газар өмчлүүлэх өөрчлөлт оруулах гэж байгаа юм байна гэсэн ойлголт нийгэмд тарсан.

УИХ-ын гишүүн чуулган болон байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй гэдэг. Гэхдээ хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг энэ заалт бол ямар утга агуулгаар байдаг вэ гэхээр бусад хүний эрх ашгийг зөрчихгүй хэмжээнд байвал хариуцлага хүлээхгүй гэсэн хууль зүйн ойлголт.

Гэтэл Ж.Энхбаяр гишүүний дээрх яриа хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхнийг гадаадынхны гар хөл болж байгаа юм байна гэсэн ойлголт төрүүлсэн. Өнөөдөр нийгэмд хуулийн буруу ойлголт түгээснийхээ төлөө Ж.Энхбаяр гишүүн ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байх жишээтэй.

Газрын тухай хуулиар газар өмчлөх, эзэмших эрх нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид хамааралтай. Харин ашиглах эрх нь гадны иргэнд л хамааралтай. Ямар тохиолдолд ашиглуулах вэ гэдгийг ч хуулиар нарийн зохицуулж өгсөн. Тодруулбал, Монгол Улсад байдаг буюу 183 хоногоос дээш хугацаанд амьдарч байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн зөвхөн гэр бүлийн, хамтын хэрэгцээний зориулалттай газрыг дуудлага худалдаагаар ашиглах боломжтой” гэв.

Б.БУРМАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.