Тоглолтын өмнө: ШВЕД-АНГЛИ, ОХУ-ХОРВАТ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтууд болж, хагас шигшээ өрсөлдөх эхний багууд тодорлоо. Өнгөрсөн шөнө болсон тоглолтод Франц, Белгийн шигшээ баг хожсон бол өнөө шөнө дараах хоёр тоглолт болно. Ингээд тоглолтын өмнөх мэдээллийг хүргэе.


ШВЕД – АНГЛИ

Шведийн шигшээ баг Герман, Мексик болон Өмнөд Солонгосын шигшээ багуудтай нэг хэсэгт багтаж, хэсгээ тэргүүлсэн. Шөвгийн 16-д Швейцарыг хожсон шведчууд том баг гэдгээ харуулсаар байна. Шведийн шигшээ баг 1958 онд зургаа дахь удаагийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулж, Бразилд ялагдан мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн 1950, 1994 онд хүрэл медаль хүртсэн юм. Тиймээс Шведийн шигшээ багийг хүчтэй багийн тоонд зүй ёсоор багтаадаг.

21 дэх удаагийн ДАШТ-д оролцохын тулд дэлхийн аварга Итали болон Нидерландыг ардаа орхин Орост ирсэн шведчууд хоккейгоос гадна хөлбөмбөгт ур чадвартай гэдгээ харуулсаар байна. Германы хүчирхэг багтай нэг хэсэгт багтсан шведчууд анхнаасаа анхааралд өртсөн багийн нэг юм. Тэр хэрээр урагшилсаар байна. Английн шигшээ баг энэ удаагийн дэлхийн аваргад чимээгүйхэн явсаар наймд үлдсэн. Хэсэгтээ Белгийн араас хоёрдугаар байраар шалгарсан англичууд хасагдах шатанд Колумбыг торгуулийн цохилтоор буулган авсан юм. Гэхдээ тэд торгуулийн цохилтод ялагдаж байсан цувралаа Орост зогсоож чадсан. 1950 оноос хойш ДАШТ-д оролцож ирсэн Английн шигшээ баг анх удаа торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө хожсон тохиолдол болсон. Тиймээс долдугаар сарын 3-ны өдөр Колумбын эсрэг хийсэн тоглолт англичуудын хувьд түүхэн ялалтын өдөр байсан юм.

Английн шигшээ баг 2014 онд Бразилд болсон дэлхийн аваргад Итали, Уругвай, Коста-Рика гэсэн хүчтэй багуудтай нэг хэсэгт багтаж, хэсгээсээ гарч чадаагүй билээ. Мөн дэлхий дээр олон сая хөгжөөн дэмжигчтэй багийн нэг болох Английн шигшээ баг Шведийг хожиж чадвал ОХУ, Хорватын хожсонтой нь хагас шигшээд өрсөлдөнө.

Швед, Английн тоглолт 22:00 цагаас Самара хотын 45 мянган хүний суудалтай “Космос Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно. ДАШТ эхлэхээс өмнө хоёр сарын өмнө ашиглалтад орж байсан уг цэнгэлдэх хүрээлэнд нийт зургаан тоглолт болохоос өнөөдөр хамгийн сүүлийнх нь юм байна.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.