Б.Хурцын хариуг БНСУ-ын талаас ирүүлээгүй байна

Ерөнхий сайдын хоёр ч айлчлал цуцлагдлаа. Ямар шалтгаанаар цуцлагдав?

-Гадаад айлчлалыг хийхийн өмнө хоёр орны Засгийн газрын тэргүүн, төрийн тэргүүнүүдийн айлчлах өдөр, цагийг урьдчилан товлодог. Жирийн хүмүүс уулздагтай адилгүй шүү дээ. Гэтэл цаг хугацаа нь эцэслэгдээгүй байхад Ерөнхий сайд гадаадад айлчлах нь гэсэн мэдээлэл тардаг. Энэ хооронд хоёр талын аль нэгнээс нь шалтгаалан сар, өдөр өөрчлөгдөх тохиолдол гардаг. Тиймээс л энэ удаагийн айлчлалыг цуцлагдсан гэсэн ойлголт төрөөд байх шиг байна.

-Төрийн гурван өндөрлөг энэ жил аль улсад айлчлахаар төлөвлөсөн бэ?

-Хэд хэдэн айлчлал төлөвлөгдсөн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар орж, батлагдсан. Энэ айлчлалуудыг хэрэгжүүлэхээр Гадаад харилцааны яам ажиллаж байна. Улс орны гадаад бодлоготой холбоотой чухал асуудал учраас тэнд, энд айлчилна гэж урьдчилан хэлж болохгүй, бид ажиллаж байна.

-Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Элчин сайдаар Б.Хурцыг томилсон шийдвэр гаргаснаас хойш зургаан сар болох  нь. Гэтэл өнөөдрийг хүртэл ажилдаа орсонгүй. Түүнээс гадна Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг Элчин сайдаар томилох асуудал хүлээгдэж байгаа. Шийдэгдэхгүй байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Элчин сайдын асуудлыг нэг тал дангаараа шийддэггүй. Журмын дагуу л явж байна. Манай талаас Б.Хурцыг БНСУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар баталсан саналаа хүргүүлсэн. Гэвч БНСУ-ын талаас манайд одоогоор хариу ирүүлээгүй байна.

-АНУ-руу H2 визний хүрээнд ажилтан гаргахаар болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Одоохондоо эцэслэн шийдэгдээгүй байна. Монгол улс анх удаа АНУ руу H2 визний ангиллаар ажиллах хүч гаргах болсон. Энэ визээр нэг хүн явахаар болсон.

-Тусгай хөдөлмөр зуучлалын компани шалгаруулж, зуучлал хийнэ гэж байсан. Зуучлалын компаниа сонгосон гэсэн үг үү?

-Хувь хүн өөрийнхөө шугамаар хөөцөлдөж, АНУ-д ажлын байр олоод явахаар болсон.

-Заавал хөдөлмөр зуучлалын компаниар дамжуулалгүйгээр H2 визээр АНУ-д ажиллах боломжтой гэсэн үг үү?

-Энэ асуудлаар холбогдох яамтай нь ярилцаж байна. Ямар ч гэсэн хувь хүн хөөцөлдөөд өөрөө явахаар болсон байна лээ.

-БНСУ-аас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг утаатай тэмцэхэд тэр дундаа орон сууцанд зарцуулна гэдгээ Засгийн газар зарласан. Яг ямар байдлаар зарцуулах вэ?

-Барилгын салбарт хөрөнгө оруулна гэж ярьж байгаа. Гол нь барилга барих санхүүжилт л чухал байгаа шүү дээ.

-Зах зээл дээр байгаа бэлэн орон сууцыг төр худалдаж аваад төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүй зээлээр өгөхөөр судалж байгаа гэсэн. Үүнд зарцуулагдах юм биш биз?

-Үгүй. Шинээр барилга барих, орон сууц барихаар болж санхүүжүүлэхээр ярилцаж байна. Бид санхүүжилтийг нь олж ирнэ. Харин орон сууц барих ажлыг ТОСК эсвэл хувийн компаниуд хийх үү гэдэг нь тодорхой бус байна. Үүнийг холбогдох яам нь тухайн үедээ шийдээд явна.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.