Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна

ХҮМҮҮС ЭНЭХҮҮ ТАЛБАЙГ ХАНДИВЫН МӨНГӨӨР БҮТЭЭН БАЙГУУЛЖ БАЙНА-

Байт харвааны “360” буюу “Дайчин чанар-тэсвэрийн талбар” талбайн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Жирийн иргэд, олон нийтийн санаачлагаар өрнөж буй энэхүү ажлын үндсэн төсөл наймдугаар сарын 1-нд өндөрлөж нээлтээ хийх юм. Тус талбайг төсвийн мөнгөөр биш, хандивын мөнгөөр хүмүүс сайн дураараа байгуулж буй гэдгээрээ онцлогтой. Тэд өнгөрөгч тавдугаар сард санаа нэгдэж Монголын байт харваачдад зориулан бэлтгэлийн талбай барихаар зориг шулууджээ. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ч тасралтгүй ажилласан байна.

Монголын баг тамирчдад хүйтэн сэрүүний улиралд бэлтгэл хийх боломж төдийлөн байдаггүй. Бэлтгэл хийлээ гэхэд стандарт бус, богино зайд буюу спорт заалуудад л хийдэг. Энэ үүднээс бэлтгэл сургуулилт хангалтгүй болох гол шалтгаан болдог. Иймд “Олон хүний сэтгэлийн дэмээр баригдсан энэ талбай бидний амжилтын эхлэл байх болно” гэдгийг Монголын байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчид хэлж байлаа.

harwaa

-ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН БАЙТ ХАРВААНЫ ТАЛБАЙ НЭЭЛТЭЭ ХИЙСНЭЭР МОНГОЛ ТАМИРЧИД ТИВ ДЭЛХИЙД АМЖИЛТ ГАРГАХ ЭХЛЭЛ ТАВИГДАНА-

Бид Монголын байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболдоос дараахь тодруулгыг авлаа.

-Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбайтай болох тамирчин залуусын санаа хэзээ, хэрхэн төрж байсан бэ. Хэзээнээс ажил хэрэг болгон ханцуй шамлан орсон бэ?

-1960 онд байт харвааны спорт Монгол Улсад хөгжиж эхэлсэн байдаг. Үүнээс хойш 58 жил өнгөрч байна. Монголчуудын харваатай холбоотой түүхийг авч үзвэл дэлхийг байлдан дагуулсан хэдэн мянган жилийн өмнөөс ярих хэрэгтэй болно. Орчин цагийн сонгодог олимпийн төрөлт байт харваа 1904 оны  олимпоос эхэлдэг. Түүнээс хойш 56 жилийн дараа буюу 1960 онд энэ спорт манай улсад хөгжиж эхэлсэн. 1971 онд н.Дэмбэрэл гуай байт харвааны төрлөөр Монгол Улсаас анхны дэлхийн аварга болж байлаа. Гэтэл манай улсад зориулалтын талбай одоо хүртэл байдаггүй. Иймд тамирчид дэлхийн жишигт нийцсэн зориулалтын талбайтай болох санаачлагаар нэгдсэн. Үүний дагуу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олонтой ярьж байгаад газрын асуудлаа шийдэж өнгөрөгч тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажлаа эхэлсэн юм. Тус талбайд хамгийн холдоо 90 метрт харвах, хамгийн олуулаа буюу 32 хүн зэрэг харвах боломжтой.

-Бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьтай өрнөж байна вэ?

-Талбайн ажил 85 хувьтай явагдаж байна. Одоо зүлэг дэвсэх, саравчны сэндвич болон шиллэгээ хийх ажил үлдсэн. Наймдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна даа. Мөн энэ талбайд 15 метрийн өндөр, 27 метрийн өргөнтэй спортын бэлгэ тэмдэг бүхий дэлхийн хамгийн том таван цагираг баригдана. Хүмүүс үүнийг янз бүрээр ярьж магадгүй юм. Гэхдээ энэ цагираг сүндэрлэсэнээр тамирчдын сэтгэл зүйд асар өндөр нөлөө үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл олимпод бэлтгэгдэх сэтгэл зүйд нөлөөлнө. “Гиннесийн ном”-д бичигдэх учраас олон мянган жуулчин татахаас гадна дотоодын иргэдийг спортод татах, дурлуулах давуу талтай гэж үзэж байна.

-Байт харваа сонирхогч, харваач залуусын хандиваар босч байгаа тус бүтээн байгуулалтад хичнээн төгрөг шаардлагатайгаас хичнээн нь цугларсан бэ? 

-Одоогийн байдлаар 400 гаруй хүн хандив өргөлөө. Үндсэн төслийн ажилд 230 сая төгрөгийн хандив цуглараад байна. Нийт 360 сая төгрөгийн хөрөнгө шаардлагтай. Нийт цугласан 230 сая төгрөгний хандивын 90 орчим сая төгрөг нь мөнгөн хэлбэрээр үлдсэн 140 сая төгрөг нь мөнгөн бус хэлбэрээс бүрдсэн. Тухайлбал, барилгын материалын түүхий эд болох цемент, гэрэл мэтийн эд бараа материалын туслалцаа үзүүлсэн. 90 саяын 50 орчим сая төгрөгийг бид төмөр, үлдсэн мөнгийг урсгал зардалд зарцуулсан. Хандив өгсөн хүн бүрийг нээлттэйгээр зарлаж цахим хуудаснаа нийтэлж байгаа. Түүнчлэн 72 цаг тутамд хэдэн төгрөг цугларч, юунд зарцуулагдав гэх санхүүгийн зарцуулалтын мэдээг зарлаж байна. Ингэснээр хүмүүс маш итгэлтэйгээр хандив мөнгөө өгч байгаа юм. Мөн байт харваагаар хичээллэдэггүй хүмүүс хандив өгснөөр “360” клубын гишүүн болж жилд дөрвөн удаа үнэ төлбөргүй сургалтад хамрагдах боломж нээгдэнэ. Мөн хандив өргөсөн хүмүүсийн нэрийг талбайд төмрөөр бичиж үлдээх болно.

harwaa

-Энэхүү ажилд хичнээн хүн гар бие оролцож байгаа вэ?

-Нийт 100 гаруй тамирчид гар бие оролцож байна. Үүнээс 20 гаруй хүн байнга ажиллаж байгаа. Энэ талбайг хүүхэд залуучуудыг энэ спорт руу татах, улам хөгжүүлэх зорилготой учир Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан. Тамирчдын сайн дурын хүч хөдөлмөрөөр босч байгааг дуулгахад таатай байна.

-Төр засгийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлсэн үү?

-Олимпийн хороо дэмжиж байгаагаа илэрхийлж 15 сая төгрөг бүхий мөнгөн хандив үзүүлсэн. Үүнээс өөр төр засгаас ямар нэгэн туслалцаа дэмжлэг үзүүлээгүй байна.

-Өчигдөр Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан өөрийн биеэр хоол авч ирж сэтгэлийн дэм өгчээ. Энэ мэт олон хүн дэмжлэг туслалцаагаа үзүүлж байна уу?

-Доктор П.Цагаан гуай ирээд Байт холбооны удирдлагын зүгээс дэмжиж байгаагаа илэрхийлээд явсан. Үүнээс гадна олон хүн уух ус, ундаа, хоол, хуушуур зэргийг авч ирж сэтгэлийн дэмжлэг үзүүлж байна. Өөрсдөө ирээд будгийн ажил хийх зэргээр ч тусалдаг. Олон хүн дэмжиж байгаа явдал нь бүтээн байгуулалтын ажил нэг талаар улс төржилтгүй сайхан явагдаж байгааг илтгэнэ. Эгэл жирийн иргэд хандив туслалцаагаа харамгүй үзүүлж байна. Тухайлбал, 200 гаруй иргэн үр хүүхдээ байт харваагаар хичээллүүлэх хүсэлтээ өгчихсөн байгаа. Энэ үүднээс зөвхөн байт харвааны талбай баригдаад зогсохгүй маш олон хүний итгэл үнэмшил сүндэрлэж байгаа хэрэг юм.

-“Дайчин чанар-тэсвэрийн талбар” буюу “360” талбайн онцлогийг дурдвал?

-Олон улсын стандартад бүрэн нийцсэн байт харвааны талбай юм. Түрүүн дурдсанчлан энэхүү талбайд 90 метрт харвах, хамгийн олуулаа буюу 32 хүн зэрэг харвах боломжтой. Хүйтний улиралд дотор бэлтгэл хийх зориулалттай. Дулааны улиралд гадаа бэлтгэл хийх, саравчтай. Бүх зүйл нь эко шийдэлтэй. Тухалбал, гэрэл нь нарны эрчим хүчээр ажилладаг. Найман ширхэг гэрэл нийлж хоёр квт зарцуулдаг. Энэ нь нэг ширхэг үсний индүү ажиллуулсантай тэнцэх хэмжээний эрчим хүчийг зарцуулж байгаа гэсэн үг юм. Шөнийн харваа хийх ч боломжтой. Түүнчлэн олон улсын тив дэлхийн чанартай ямар ч тэмцээн зохион байгуулах бүрэн чадвартай олон улсын стандартад нийцсэн байгууламж. Юун түрүүнд төр засгийн дэмжлэг туслалцаагүйгээр иргэдийн санаачлага хандиваар байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн Цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдаж байгаа учир хүүхэд залуус нээлттэй ирж сонирхох, хичээллэх боломж бүрдсэн. Энэ талбайд 58 мертрийн урт, долоон метрийн өргөнтэй байнгын бэлтгэлийн саравч баригдаж байна. Энэ бүхнийг тамирчид өөрсдөө хийж байгаа нь маш том онцлог.

harwaa

-Яагаад 360 гэж нэрлэх болсон юм бэ?

-Байт харвааны 36 сумаар 10 оноо авахад нийлбэр оноо 360 буюу рекорд оноо болдог. Энэ үүднээс 360 гэж нэрлэсэн. Мөн энэ талбай “Дайчин чанар-тэсвэрийн талбар” гэсэн уриатай. “Дайчин чанар” гэдэг нь гадагшаа чиглэсэн буюу урам зоригтой, идэвхи санаачлагатай, хөдөлмөрч байх гэсэн утгатай юм. Харин “Тэсвэрийн талбар” гэдэг нь дотогшоо чиглэсэн буюу сэтгэл зүйн хувьд хүчтэй, тууштай байх гэсэн утгыг илэрхийлсэн. Ирээдүйд тив дэлхийн олимпод эх орныхоо нэрийг мандуулах 360 оноог манай тамирчид аваасай хэмээн бэлгэдсэн утгатай.

-Байт харваагаар хичээллэхийн ач тусыг дурдвал?

-Зөвхөн мэргэжлийн тамирчид гэлтгүй энэ спортоор жирийн иргэд, хүүхэд багачууд хичээллэх бүрэн боломжтой. Энэ спорт хүнийг насны хязгаараар, бие бялдар, өндөр намаар ялгаварладаггүй давуу талтай. Мөн стресс тайлах, хөдөлгөөнийг дэмжих давуу талтай. Та 70 метрт газар сумаа харвачихаад сумаа авах гэж 140 метр алхана. Ингэснээр биеийн хөдөлгөөнийг бүрэн дэмждэг. Хүүхэд багачуудыг зөв хүмүүжил төлөвшил, тэсвэр хатуужилд сургадаг.


Монголын байт харвааны үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Жамъяангомбо “Энэ харвалтын талбайд Монгол улсын байт харвааны холбоонд харъяалагддаг бүх тамирчид оролцож байна. Тив дэлхийд амжилт гаргахын тулд бидэнд дэлхийн жишигт нийцсэн стандарт талбай зайлшгүй шаардагдаж байсан. Хүйтний улиралд зааланд богино зайд л харвачхаад  гадаадад очоод уртын зайд харвах нь учир дутагдалтай байдаг байсан юм. Товчхондооо бол амжилтад саад болдог байсан. Энэ талбай ашиглалтад орсноор тамирчид бэлтгэлээ бүрэн дүүрэн хийх боломж нээгдэж байгаа баяртай байна” гэлээ.

Монголын байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Ж.Гантөгс хэлэхдээ “Би 2010 оноос хойш бэлтгэл сургуулилт тасралтгүй хийлээ. Дараа жилээс олимпийн эрх олгох тэмцээнүүд эхэлнэ. Азийн наадам бас болно. Түүнээс өмнө стандарт талбайд бэлтгэл сургуулилтаа хийж эхлэх шаардлага тулгараад байсан. Манай улсад бэлтгэл хийх стандарт талбай байдаггүй. Энэ жил дэлхийн жишигт нийцсэн ийм сайхан талбайтай болж байгаадаа сэтгэл өндөр байна” хэмээн ярилаа.

П.УРНАА

harwaa

harwaa

harwaa

harwaa

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.