Б.Мөнгөнтуул: Манай улс шатрын шигшээ баггүй гэхээр бусад орны тамирчид их гайхаж хүлээж авдаг

БӨХЧҮҮДЭД ӨГЧ БУЙ ШАГНАЛ УРАМШУУЛЛЫГ БУСАД ТӨРЛИЙН СПОРТЫН ТАМИРЧДАД ӨГЧ БАЙГААСАЙ ГЭЖ БОДДОГ

Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын мастер, эмэгтэй их мастер Батхуягийн Мөнгөнтуултай ярилцлаа. Тэрбээр баяр наадмын дараахан “Бөх байсан бол Монгол Улсын Аварга болоод л машин, байраар шагнуулах байсан байна. Гадагшаа олон улсын тэмцээнд оролцох зардал ч гэж зовохгүй амар байх байж.

Үндэсний шигшээ багаа ч татан буулгасан. Ер нь шатрын спорт Монголд яг хэрэгтэй байна уу” гэх постыг өөрийн фэйсбүүкийнхээ нүүр номд нийтэлсэн нь олон хүнд нэгийг бодогдуулсан биз. Бид энэ удаагийнхаа ярилцлагаар саяхан оролцоод ирсэн тэмцээнүүдийнх талаар олон улсад оюуны спортынхоо тамирчдыг хэрхэн дэмжлэг туслалцаа үзүүлдэг талаар ярилцсан юм.

-Ярилцах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Монголчууд хол яваад ирсэн хүнээс үг сонс гэдэг дээ. Нэг сарын хугацаанд хэдэн тэмцээнд оролцож, ямар амжилтууд гаргав?

Баярлалаа. Энэтхэг улсын Мумбай хотод зургадугаар сарын 12-ноос 19-ний хороонд болсон “AICF International Women Grandmasters Chess Tournament” олон улсын тэмцээнд урилгаар оролцож, 11 өргөөс 8 оноо аван түрүүллээ. Энэ тэмцээнд их мастерууд тойргоор тоглосон. Дараа нь Словак улсын Дунажска Стреда хотод зургадугаар сарын 23-наас 30-ны хороонд болсон “II Majors cup 2018-GM tournament” олон улсын эрэгтэйчүүдийн тойргийн тэмцээнд оролцож, есөн өргөөс зургаан оноо аван түрүүлсэн. Энэ тэмцээнд дандаа эрэгтэй их мастерууд оролцсон, би ганцаараа эмэгтэй байсан. Мөн Испани улсын Бенаске хотод энэ сарын 4-нөөс 15-ны хооронд болсон “Open Internacional Ajedrez Villa de Benasque” олон улсын нээлттэй тэмцээнд нийт 26 орны 431 тамирчин оролцож, 10 өрөг тоглосноос 6,5 оноо авч, эмэгтэйчүүддээ IV байр эзэллээ. Испани улсын Бенаске хотод 38 дахь удаагаа жил бүр цувралаар зохион байгуулагддаг том тэмцээн юм билээ. Энэ тэмцээнд анх удаагаа Монгол Улсаас тамирчин очиж оролцлоо. Харамсалтай нь, сүүлийн өрөгтөө алдаа хийснээр дээгүүр байр эзлэх боломжоо алдсан. Нэг сарын хугацаанд 30 өрөг тоглолоо. Нэг өргийг 4-5 цаг тоглодог. Нэг сарын хугацаанд тэмцээн хооронд амрах завгүй, улс дамжин явсан нь нөлөөлсөн болов уу гэж бодож байна.

Сүүлийн тэмцээндээ IV байрт орсон ч гэсэн ганзага дүүрэн их орондоо ирсэн байна?

Тийм ээ. Ази, Европыг дамжсан нэг сарын спорт аялал минь амжилттай өндөрлөж, гурван тэмцээнээс хоёрт нь түрүүлж, гадаад чансаагаа 17-гоор нэмээд ирлээ.

Та дэлхийд чансаагаараа хэдэд жагсаж байгаа вэ?

Одоохондоо дэлхийн шатарчдын чансаа шинэчлэгдээгүй байна. Наймдугаар сарын 1-нд шинэчлэгдэх юм. Тэгэхээр сая авсан оноонууд тооцогдоно. Хоёр жилд нэг удаа болдог шатрын олимп энэ онд есдүгээр сарын сүүлээр Гүржид болно. Нийтдээ 160 орон оролцож, эрэгтэй, эмэгтэй багууд тус тусдаа тоглоно. Шатрын олимпийнхоо бэлтгэлийг базаах зорилгоор сая гурван тэмцээнд дараалан оролцоод тоглоод ирлээ. Одоо манай шатрын шигшээ баг Тэрэлжид олимпийнхоо бэлтгэлийг хийх гээд цугларалтад гарчихсан байгаа. Тэрэлжид цугларалтад гарсан шалтгаан нь цэвэр агаарт сайхан амрангаа бэлтгэлээ хийхээр “сэргээш” болдог. Олимп болохоос өмнө энэ цугларалт 1-2 удаа болох байх аа. Шатрын шигшээ багийнхны бэлтгэл яаж явагддаг вэ гэхээр тэмцээн уралдаанд оролцож бэлтгэлээ хийнэ. Ингэхээр алдаа оноогоо мэдэж авч, цаашид юун дээр ажиллах шаардлагатай вэ гэдгээ мэдэж авдаг. Мөн гэртээ багш нартайгаа хөлгийнхөө ард сууж бэлтгэлээ хийдэг.

-ШАТРЫН ШИГШЭЭ БАГ ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР ТАТАН БУУГДСАНЫГ БИ МЭДЭХГҮЙ БАЙНА-

Та фэйсбүүкийнхээ нүүр хуудсаараа дамжуулан шатрын шигшээ багийг татан буулгасныг мэдэгдсэн. Ямар шалтгааны улмаас татан буулгачихав?

Монгол Улсад шатрын шигшээ баг гэж байдаггүй байсан. Харин 2012 онд шатрын шигшээ багийг байгуулсан юм. Нийт шигшээ багийн дүрэмд олимпийн циклээр дөрвөн жилийн хугацаанд байгуулагдаад, 2016 оны олимпийн дараа бүх шигшээ баг тардаг юм билээ. Дахиад 2017 оны эхээр шинээр шигшээ багуудыг байгуулдаг. Гэвч шатрын шигшээ багийг дахиж байгуулаагүй. Ямар үндэслэлээр татан буугдсаныг би мэдэхгүй байна. Бидэнд албан ёсоор тайлбар тавиагүй. Шатрын шигшээ багийнхан бүгд их мастерууд, хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй, нэг дасгалжуулагч багтдаг байсан.

Шатрын шигшээ баг татан буугдаагүй байх үеийн амжилт, одоо шатарчдын гаргаж буй амжилтуудын хооронд ямар ялгаа гарч байна вэ?

Шатрын шигшээ баг татан буугдаагүй байхад тамирчид маш их амжилт гаргаж байсан. Ялангуяа 2014 онд зохион байгуулагдсан 140 орон оролцсон шатрын олимпод эмэгтэй тамирчид 16 дугаар байр эзэлж, категоритоо алтан медаль авч байсан. Би оюутны дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан. Их мастер н.Батчимэг чансаагаа ахиулж, эрэгтэй олон улсын их мастер болсон. Шигшээ баг татан буугдах хүртлээ тамирчид нь маш их амжилт гаргасан. Шатрын шигшээ баг татан буугдаад хоёр жил болох гэж байна. Шигшээ баг байхгүй болохоор тамирчдын гадаад руу тэмцээн уралдаанд явах тоо нь цөөрсөн. Шатрын олимп, Дэлхийн аварга, Азийн аварга, бүсийн аваргуудын тэмцээн бидний хувьд маш чухал байдаг. Урьд жилийн нэг сард болсон Бүсийн аваргад Монгол Улсаас хэн ч яваагүй. Яагаад гэвэл зардал мөнгөний асуудлаас болоод. Хэрэв бүсийн аваргад түрүүлэх юм бол Дэлхийн аваргад орох эрх авдаг их чухал тэмцээн. Манай улс бүсийн тэмцээнд түрүүлэх бүрэн боломжтой. Өмнө нь би дөрвөн удаа мөнгөн медаль авч, нэг удаа түрүүлж, Дэлхийн аваргад орох эрхээ авч байсан.

Оюуны спортоор хичээллэдэг олон авьяаслаг тамирчин зардал мөнгөний асуудлаас болж гадаадад тэмцээн уралдаанд оролцож амжилтаа ахиулж чадахгүй байгаа нь харамсалтай санагддаг?

Тийм, шигшээ баг байхад улсаас нэг тамирчинд жилд гурван удаа гадагшаа явах зардал гаргаж өгдөг байсан. Оюуны спортын шигшээ баггүй улс байна гэдэг маш харамсалтай. Яагаад гэвэл бусад орнууд оюуны спорт шатраа маш их хүндэлж, шигшээ багийнхаа тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцоход нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Бид гадаад руу тэмцээн уралдаанд явах болохоороо бэлтгэлээ хийх үү, зардлаа хайж гадуур явах уу гэсэн хоёр сонголттой тулгардаг. Мөнгөгүй бол тэмцээндээ явж чадахгүй шүү дээ. Тиймээс бэлтгэл хийх цагаасаа хумслан ивээн тэтгэгч хайхаар гадуур явдаг. Нэг зүйлдээ төвлөрч чадахгүй ийм, тийшээ гүйгээд л. Сая сар гаруйн хугацаанд тэмцээнд явахад Завхан аймгийн Засаг дарга дэмжлэг туслалцаа үзүүлсэнд маш баярлаж байгаа. Гэхдээ зардлынхаа ихэнх хувийг хувиасаа гаргасан.

Гадны улс орнуудад шатрынхаа спортыг яаж дэмждэг вэ. Тантай өрсөлддөг тамирчид улсаасаа ямар хангамж авдаг талаар сонирхов уу?

БНХАУ 1970 он гэхэд шатрын спорт хөгжөөгүй орны тоонд ордог байсан. Гэтэл одоо 5-6 шатрын дэлхийн аваргатай, шатрын шигшээ багийн эмэгтэйчүүд нь дэлхийд ноёлж олимпод түрүүлдэг. Сүүлийн үед эрэгтэйчүүдийн баг нь сайжирч олимпод түрүүллээ. Яагаад шатрын спорт нь богино хугацаанд өндөр түвшинд хөгжив гэхээр бодлогын түвшинд хөгжүүлсэн. Би Хятад улсын багийн тэмцээнд уригдаад тоглож байхад Бээжин хотод шатар, даам, Хятадын шатар, гоо даамд зориулсан найман давхар байшин байдаг. Давхар тус бүртээ дээрх дөрвөн төрлийнх нь холбоо, бэлтгэл хийх заал нь, 5-8 давхарт тамирчид нь үнэгүй байрладаг. Хоол, унд бүх зүйл нь цаанаас байдаг юм билээ. Тэгэхэд 1970 онд Монгол Улс шатрын олон улсын мастертай, зооны тэмцээнд тоглодог тамирчидтай байсан шүү дээ. ОХУ-ын шатрын шигшээ багийн тамирчид цалингаасаа гадна амжилт чансаанаасаа шалтгаалаад өөр өөр хангамжтай байдаг. Таньдаг найзуудаасаа асуухад бүгдээрээ шигшээ багт харьяалагдаж цалин авдаг. Тэмцээнийх нь зардлыг улсаас нь даадаг юм билээ. Манай улс шатрын шигшээбаггүй гэхээр бусад орны тамирчид их гайхаж хүлээж авдаг. “Яагаад, яагаад” гэж асуухаар нь тайлбарлаж хэлэхэд их хэцүү.

-Монгол Улсад шатрын их мастер цолны болзол хангасан хэдэн тамирчин байдаг вэ?

Манай улс эрэгтэй дөрөв, эмэгтэй таван их мастертай. Саяхан 17-хон настай тав дахь их мастераа өлгийдөж авлаа шүү дээ. Тун удахгүй Үүрийнтуяа маань их мастер болно. Олон улсад тэмцээнд оролцож яваа, их мастерынхаа болзлыг биелүүлж байгаа гэж дуулдсан.

-ЯПОН УЛСАД ШАТРЫН ИХ МАСТЕР БАЙДАГГҮЙ, ГЭТЭЛ МАНАЙ УЛСАД ИЙМ ЦОЛТОЙ ЕСӨН ХҮН БАЙНА-

Манайх шиг цөөхөн хүн амтай улсад шатрын их мастер цолтой есөн хүн байна гэдэг бол гайхамшиг. Хүн ам ихтэй, өндөр хөгжилтэй орнуудад шатрын их мастер цолтон олон байдаггүй гэж сонссон?

Гуравхан сая хүнтэй улсад шатрын их мастер ес байна гэдэг бол бусад орнуудтай харьцуулахад их шүү дээ. Жишээлбэл, Япон улсад их мастер байхгүй, БНСУ-д нэг байдаг, Энэтхэг улсыг яг нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ 10 гаруй л хүн их мастер цолны болзлыг хангасан байдаг. Харин БНХАУ, ОХУ-д шатрын спорт өндөр хөгжсөн учраас их мастерууд олон байгаа. Их мастер цолыг тийм ч амархан авдаг цол биш шүү дээ. Маш хүнд, ганцхан тэмцээнд ороод авдаггүй, гадаад чансаа нь хүртэл босго оноотой. Сая Словак улсын Дунажска Стреда хотод болсон шатрын тэмцээн эрэгтэй их мастерын цол биелүүлэх боломжтой тэмцээн байсан. Гэхдээ би энэ тэмцээнд түрүүлсэн ч гэсэн эрэгтэй их мастерынхаа болзлыг биелүүлж чадаагүй нэг оноо дутсан. Ийм цолыг авахад заавал тэдэн оноо авч байж, тийм хүмүүстэй тоглож байж их мастер цолны болзол хангана гэж дүрэмдээ заасан байдаг. Бид ийм тэмцээнд гурван удаа оролцож, их мастерын шаардлагад нь хүрэх ёстой. Шатрын тамирчид их мастер цол авахын тулд маш их хөдөлмөрлөдөг. Нэр хүндтэй цол шүү дээ.

Та их мастер цолыг 15 настай байхдаа авч байсан. Ийм залуугаараа энэ цолны болзлыг хангасан тамирчид дэлхийд хэр олон байдаг вэ?

Би таван настайгаасаа хойш шатрын спортоор хичээллэж эхэлсэн. 13 настай байхдаа олон улсын эмэгтэй мастер, 15 настайдаа Монгол Улсын анхны эмэгтэй мастер болж байлаа. 14-15 настайдаа их мастер болсон хүмүүс дэлхийд маш цөөхөн байдаг. Ерөнхийдөө рекордын тоонд ордог. Сүүлийн үед арай залуужиж 12 настай хүүхдүүд их мастер цол авч байна. Гэхдээ 12-15 насандаа их мастер цол авсан бол залуудаа орно.

-Үндэсний бөхийн тамирчид улсын наадамд ганц түрүүлээд л байр машин гэх мэтээр шагнуулдаг. Гэтэл оюуны спортын тамирчид олон улсад амжилт гарган, эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирэхэд шагнаж урамшуулах нь тун ховор байдаг. Танд шударга бус санагддаг уу?

Фэйсбүүкт бичсэн миний пост хүмүүст их хүрсэн юм шиг байна лээ. Би бөхчүүдийг гадуурхах гэж тэр пост бичээгүй, бөхчүүдэд өгч буй шагнал урамшууллыг бусад төрлийн спортын тамирчдад өгч байгаасай гэж боддог юм. Жишээлбэл, шатрын спортын тамирчид гадаад руу тэмцээн уралдаанд явахын тулд хүмүүсээс мөнгө гуйдаг. Олдох үе байна, олдохгүй үед өөрсдөөсөө зардлаа гаргаад явдаг. Ингэж явчихаад маш сайхан амжилт гаргаад ирж байхад амьдралын түвшинд нөлөөлөхөөр шагнал авч байсан үе байхгүй. Ази, бүс, дэлхийн тэмцээнээс ийм шагнал авбал тэдэн төгрөгөөр шагнана гэсэн журам байдаг. Үүнийхээ дагуу бид шагналаа авч байсан. Би их мастер цол авахдаа тухайн үед таван сая төгрөгөөр шагнуулж байлаа. Энэ шагнал миний амьдралын түвшинд нөлөөлөхөөр шагнал биш, нэг удаагийн тэмцээнд оролцох зардлын л мөнгө.

-Яагаад та эмзэглэсэн юм бэ?

-Шатрын спортыг хүүхдэд үр өгөөжтэй гээд эцэг, эхчүүд хүүхдээ хичээллүүлэх нь элбэг. Хүүхдүүд маань явсан тэмцээн бүрээсээ медаль хүртэж амжилт үзүүлж байна. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдээ оюуны спортын тамирчин болгоно гэж ярихгүй “Шатрын спорт амьдралд нь хэрэгтэй, жаахан том болоод ирэхээр нь амьдралыг нь бодно” гэж ярьдаг. Бид оюуны спортын амжилтын оргилд хүрсэн хэдий ч амьдарч буй байдлаас эцэг, эхчүүд үлгэр жишээ авч, хүүхдээ энэ спортын тамирчин болгох сонирхолгүй байна. Бидэнд амьдралын баталгаа байхгүй. Шатрын спортод маш их авьяастай, амжилт гаргахаар хүүхдүүд амьдралаа бодоод, цаашаагаа явахыг хүсэхгүй байна. Энэ л надад үнэхээр эмзэглэлтэй санагдсан учраас тэр постыг бичсэн юм.

-Их мастер цолтой, гадаад руу явах зардлынхаа мөнгийг гадуур хайгаад явдаг тамирчин дэлхийд ховор байх шүү?

Бараг байхгүй байх аа (чанга, чанга хөхрөв. сурв). Найзууд маань үнэхээр гайхдаг шүү. Гэхдээ гадны хүмүүст улс эх орноо муулаад яах вэ дээ. Намайг бага байхад аав, ээж хоёр маань тэмцээнд явах зардлын мөнгө гээд хайгаад л явдаг байсан. Гэвч би амжилт гаргасан хойноо ч хүмүүс рүү утсаар ярьж ивээн тэтгэгч хайсан хэвээрээ л байна.

-Их мастерууд маань бүгдээрээ нэгдээд төр засаг, шийдвэрлэх түвшний хүмүүст “Шатрын шигшээ багийг дахин байгуулж өгөөч” гээд хүсэлтээ тавьсан уу?

Өмнө нь манай шатрын холбоо ярьж байсан л даа. Шигшээ баг байгуулдаггүй юмаа гэхэд олимп, дэлхийн аваргуудад сар бүр олгодог мөнгөн тэтгэлгийг их мастерууддаа олгомоор байна гэдэг саналаа хүргүүлсэн. Дээр нь шатрын тамирчид чинь их дуугай, дотроо л бодоод явдаг хүмүүс шүү дээ. Одоохондоо шатрынхаа холбоонд найдаад л байж байна.

Танд энэ бүх хугацаанд өндөр цалин, хангамж амалж, аль нэг улсын иргэн болох санал ирж байв уу?

-Би чансаагаараа Монголдоо эмэгтэй тамирчдаасаа нэгд яваа. Европын маш олон улсын чансааны жагсаалтыг харахад би ч гэсэн нэгдүгээрт байхаар чансаатай. Надад “Өөрийнхөө улсын иргэн болооч ээ” гэсэн саналууд ирж байсан. Гэхдээ би “Монголдоо үлдэнэ” гээд саналыг нь зөвшөөрөөгүй. Хүн хүүхэд төрж ээж болохоороо амьдралыг өөрөөр харж эхэлдэг юм байна. Би хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Болох байх, бүтэх байх гээд бор зүрхээрээ явж байгаа тамирчин хүн. Ганц би ч биш манай шатрынхан бүгдээрээ л ингэж явж байна.

Та ойрын үед урдаа тавьж буй зорилгынхоо талаар хуваалцахгүй юу?

Би эрэгтэйчүүдийн олон улсын мастер цолтой /эмэгтэй хүн эрэгтэй цол авч болдог/. Эрэгтэй их мастер цол авах зорилготой байгаа. Мөн Азийн аваргадаа амжилттай сайн оролцож, түрүүлэх зорилготой байна. Сүүлийн хоёр жил түр завсарласан. Гэхдээ бүр шатрынхаа спортыг орхиогүй, тэмцээн уралдаанд өмнөх шигээ тоглоогүй арай багаар тоглосон. Энэ хугацаанд хүүхдүүд түрүүлсэн. Одоо буцаад бэлтгэлдээ орж, тэмцээн уралдаандаа оролцоод явж байна. Цаашид гадаад дахь чансаагаа ихэсгэх зорилготой байна.

-Ээж болсноор таны тоглолтод өөрчлөлт орсон уу?

Хурцлагдсан байж магадгүй. Хүүхдээ орхиод, хамтдаа байх хугацаанаас хумсалж буй учраас хариуцлагатай, мэрийлттэй, хатуу, шийдэмгий тоглодог болсон юм шиг санагддаг.

М.АМАРЖАРГАЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.