Реппер Maberrant: Хип хоп хөгжим хүнийг асар их донтуулдаг

Зургаан мэдрэхүй, Хэв маяг, Асуудал биш, Хэвлий, My love, 80 bars, INSOMNIA, Хөгжим гэдэг, Бүх, Давтагдашгүй зэрэг дуугаар нь реппер Маberrant буюу Мягмардоржийг сонсогчид нь андахгүй сайн мэднэ. Өөрийн ганцаарчилсан уран бүтээлээр залуу үеийнхэнд үлгэр дуурайл үзүүлж яваа мундаг уран бүтээлч түүнтэй ярилцлаа.

-ГАНЦААРЧИЛСАН УРАН БҮТЭЭЛ ХҮМҮҮСТ ИЛҮҮ ХҮРДЭГ-

Залуучууд шинэ дуу гаргахыг тань тэсэн ядаж хүлээдэг. Сүүлийн уран бүтээлийн сонин сайхнаас манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Сонсогчиддоо зориулан шинэ дуу гаргах гээд л яваад байна. Долоон сардаа багтаад дуугаа гаргах гэсэн амжихааргүй болчихлоо. Ирэх наймдугаар сарын эхээр шинэ дуугаа сонсогчдын хүртээл болгоно. Мөн энэ ондоо багтаад хоёр дахь цомгоо гаргах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ баттай хэлэхэд арай эрт байна. Өөрийн фэйж хуудсаараа дамжуулаад мэдээлэл өгөөд явна.

-Шинэ дууныхаа нэрийг хэлж болох уу. Эсвэл одоохондоо нууцалж байна уу?

-Одоохондоо яг тогтсон нэр өгөөгүй байна. Би “Bae” гэж нэр өгөхөөр бодож байсан юм.Гэтэл долоо хоногийн өмнө Roockie, Sanga хоёр ийм нэртэй дуу гаргасан байна лээ. Тийм болохоор нэрээ сольж таарах байх. Би чинь бас ардаа студи, продюсер гээд нилээн хэдэн хүнтэй хамтарч ажилладаг. Тэр хэдтэйгээ ярилцаж байгаад дууныхаа нэрийг өгнө дөө.

-Хип хоп хөгжим сонирхох болсон шалтгаан нь юу байв. Хэзээнээс дууны үг бичиж эхэлсэн бэ?

-Хип хоп хөгжмийг ер нь их хожуу сонсож эхэлсэн. 2008 онд миний компьютер гацаад, найзыгаа дуудаж янзлуулсан юм. Найз маань миний компьютер янзалчихаад, хоёр дуу суулгаж орхисон байсан юм. Тэр үеэс л хип хоп хөгжимд дуртай болж хамтлагуудыг эхнээс нь судалж эхэлсэн. “Опозит”, “Click Click Boom” гээд түүнээс хойш гарсан бүх хамтлагийн дууг сонсдог байсан. Тэгээд 2011 оноос үг бичиж өөрөө оролдож эхэлсэн дээ. Ер нь хөгжмийн урлаг, тэр дундаа хип хоп гэдэг бол хүнийг асар их донтуулдаг зүйл. Өдөр ирэх тусам түүндээ дуртай болж хэзээ ч салж чадахааргүй гүн гүнзгий ордог гэж хэлж болно. Миний хувьд бол тийм л байсан.

-“Gnomicz” хамтлагийн гишүүн гэдгээр чинь олон хүн мэдэх байх. Хэзээнээс ганцаарчилсан уран бүтээл хийх болсон юм бэ?

-Би 2013 онд “Gnomicz” хамтлагт орж байсан.  Одоо ч гэсэн энэ хамтлагтаа байгаа. 2015 оноос ганцаарчилсан уран бүтээл гаргаж эхэлсэн. Учир нь ганцаарчилсан уран бүтээл хүмүүст илүү их хүрдэг.

-2016 онд “Миний хэлэх утга” нэртэй анхны цомгоо гаргаж байсан. Үүнээс хойш ер нь хэдэн дуу хийсэн байна вэ?

-Би саяхан нэг тоолсон юм. Ямар ч байсан 20 дөхөж байна лээ. 2016 онд “Миний хэлэх утга” гээд анхны цомгоо гаргаж байсан. Тэр цомогт маань 13 дуу багтсан байдаг. Түүнээс хойш 7, 8 дуу гаргасан. Одоо хэдэн дуу нэмчихвэл дараагийн цомог гарахад ойрхон л байна.

-Хүмүүс Maberrant нэрний утга санааг мэдэхийг хүсч байгаа байх. Яг ямар утга санаа илэрхийлсэн нэр вэ?

-Миний нэрийг хүмүүс их гайхаад байдаг юм. Хэл хугалчихмаар хэлэхэд хэцүү нэр гэдэг л дээ (инээв.сурв). Гэхдээ нэг цээжилчихвэл гардаггүй байхгүй юу. Латинаар бусдаас тасарсан, төөрсөн будилсан, хэвийн хэмжээнээс өөр, энгийн биш гэсэн утгатай. Үүн дээр эцэг эхээс заяасан Мягмардорж хэмээх нэрнийхээ эхний үсгийг нэмээд Мaberrant болгосон. Энэ нь намайг бусдаас өөрөөр сэтгэдэг, нэг хэвийн амьдардаггүй гэсэн утга санааг илтгэж буй юм.

-Монголд анх удаа болсон хип хоп сонирхогч залуусын “Backyard” тэмцээний шилдэг 10-т үлдэж чадсан шүү дээ. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Реппер Десант, Жакүүл, регги дуучин Ратта Баз нар хамтран “Васкyard” төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Уг төслийнхөө хүрээнд Монголд анх удаа хип хоп сонирхогч залуусын дунд шоу нэвтрүүлэг зохион байгуулсан. Тэмцээнд нийт 280 гаруй залуус оролцсоноос шилдэг 10-т нь үлдэж чадсандаа их баяртай байна. Учир нь анх “Backyard”-ын зарыг харахад яг намайг хүлээж, хайж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Өөрийгөө сорьж үзье, бусад репперүүдээс суралцъя гэж бодож орсон. Гэхдээ яг орох болсон чинь бас жаахан эргэлзсэн шүү. Нэгдүгээрт, хамтлагтай байсан. Хоёрдугаарт, манай хамтлаг “Hard-Co” гээд арай өөр чиглэлээр дуулдаг байсан. Тэндээсээ масс руугаа гарна гэхээр өөр хөгжим хийх хэрэгтэй болсон л доо. Гэхдээ хамтлагийнхантайгаа ярилцаж байгаад шийдээд орсон.

maberrant

-ЭЭЖИЙНХЭЭ ИТГЭЛИЙГ ХУГАЛАЛГҮЙ, ШИЛДЭГ 10-Т БАГТАЖ ЧАДСАН МИНЬ ТОМ АМЖИЛТ-

-Ээж аавууд үр хүүхдэдээ санаа зовж, зарим нэг зүйлийг хориглодог. Танай гэр бүлийнхэн хип хоп хөгжим сонирхоод, реппер хийгээд явахыг тань хэр дэмждэг вэ?

-Ер нь би их багаасаа биеэ даасан гэж хэлж болно. Аав маань намайг 15 настай байхад бурхан болсон. Тэр үеэс хойш ер нь бүх юмаа өөрөө мэдэж хийж эхэлсэн дээ. Сургуулийн төлбөр, ажил төрөл гээд юу л байна бүгдийг нь өөрөө зохицуулаад явдаг байсан. Ээж “Миний хүү өөрийнхөө дуртай юмыг хий. Хамгийн гол нь хүсэл мөрөөдөлдөө үнэнч байгаарай” л гэж хэлдэг. “Васкyard” шоунд орж байхдаа би ээжээсээ “Хүү нь хип хоп сонирхогчдын тэмцээнд орж байгаа. Та юу гэж бодож байна” гэж асуусан. Ээж хариуд нь “Миний хүү хоёр, гурван жил л дуу хуур гэж явлаа. Амжилт гаргахгүй бол наадахаа больсон нь дээр шүү” гэж хэлсэн. Тэгээд ээжийнхээ итгэлийг хугалалгүй шилдэг 10-т багтаж чадсан. Энэ бол том амжилт гэж боддог.

-Өөрийн чинь “Хэвлий” гэдэг дуу маш гүн гүнзгий утга, санаа илэрхийлсэн үгтэй. Тэр дууг сонссон олон эмэгтэй аборт хийлгэхээ больсон гэж би сонсож байсан юм. Үүнийг уран бүтээлээрээ дамжуулан бусдад өгч буй мессэж гэж ойлгож болох уу?

-Нэг хэсэг маш олон эмэгтэй аборт хийлгэж байсан. Энэ бол нийгэмд тулгарч буй нэг том асуудал шүү дээ. Зарим хүмүүст хичнээн хүсээд үр хүүхэд заяадаггүй. Харин зарим нь юу ч бодолгүй хүүхдээ авахуулчихдаг. Хүн болж төрөх зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтоохтой адил тийм хэцүү гэж ярьдаг. Гэтэл яагаад чамайг гээд зориод ирсэн хүүхдийг үгүй хийнэ гэж. Үүнийг л би уран бүтээлээрээ дамжуулан ойлгуулахыг хичээдэг юм. Хүмүүст ч нилээн сайн хүрсэн байна лээ. Тэр л миний уран бүтээл хийж байгаагийн зорилго.

Дууныхаа үгийг хэн нэгэн хүнд зориулж бичиж байв уу?

-Эхнэртээ зориулж “Зургаа дахь мэдрэхүй” гэж хайрын дуу бичиж байсан.

-Репперүүд дунд янз бүрийн мэргэжилтэй хүмүүс байдаг. Өөрөө ер яг ямар мэргэжилтэй бэ?

-Би 21 дүгээр хорооллын 62 дугаар дунд сургуулийг төгссөн. Дараа нь Хүнсний технологийн коллежийг төгссөн. Мөн Үндэсний техникийн дээд сургуулийг төгссөн. Архитектур мэргэжилтэй.

-Одоо ямар студитэй хамтарч ажиллаж байна вэ?

-“Dualzеt” студитэй 2017 онд артистын гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу хамтарч ажиллаж байна. Харин хоолойгоо “Тоонот” гээд дуу бичлэгийн студи дээр очиж бичүүлдэг.

-Өнгөрч тавдугаар сард “Яллагч” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болсон. Тус киноны саундракийг дуулсан талаараа ярихгүй юу?

-Нэг өдөр би студи дээрээ ирсэн чинь манай продюсер ийм нэг киноны саунтрак дуулахаар болсон шүү. Өнөө орой 9 цагт эхний хувилбарыг сонсъе гэж байна гэж хэлдэг байгаа. Тэгэхээр нь би бүр гайхчихсан. Би чинь өөрөө дууны үг их удаан бичдэг хүн шүү дээ. Нилээн сууж, нухаж байж гараас гаргадаг. Тэгээд продюсертэйгээ ярилцаад, аяа сонсож байгаад, эхний 16 мөрөө дахилттай нь бичээд Г.Эрдэнэбилэг ах руу явуулсан юм. Г.Эрдэнэбилэг ах үзээд, “Таалагдаж байна. Цааш нь бичээд дуусгачих. Хоёр хоногийн дараа дуугаа авна шүү” гэж хэлсэн. Ер нь гэнэтийн байдлаар хийсэн болоод ч тэр үү “Яллагч”киноны дуу их хурдан бүтсэн. Номин гэж охинтой хамтарч дуулсан. Их сайхан уран бүтээл болсон гэж бодож байна.

Дууны үг бичихийн тулд мэдээж санаагаа олох шаардлагатай болно. Өөрийн чинь хувьд ямар үед дуу бичих санаа хамгийн их төрдөг вэ?

-Тийм шүү, дууныхаа санааг олно гэдэг бол хамгийн чухал зүйл. Хаанаас ямар ч санаа гарч болно. Ажилдаа явахдаа ч юм уу, эсвэл шөнө оройн цагаар Улаанбаатарын гудамжаар алхахдаа гэх мэт. Түүнийгээ дэвтэр дээр тэмдэглэх, заримыг нь улам баяжуулж цааш нь судлах шаардлага ч гарна. Харин бичихдээ шөнө чимээгүй орчинд сууж байгаад бичнэ. Бичсэн үгээ аяндаа тохируулан үглэж үзээд, нэмэхийг нь нэмээд, хасахыг нь хасаад явдаг. Гэхдээ чанартай, хүмүүст хүргэх мессэжтэй байх нь хамгийн чухал гэж боддог. Юм болгоныг шүүмжлээд байвал бас утгагүй. Тухайн цаг үедээ тохирсон уран бүтээл ямар нэгэн утга санаа илэрхийлсэн байвал тэгээд л бол оо.

Б.АЛТАНБАГАНА

maberrant

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.