Явган хүний зам хааж барилга барих зөвшөөрөл олгосон Т.Эрдэнэтуяад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

ТЭРБЭЭР 60 ОРЧИМ САЯ ТӨГРӨГ ХАХУУЛЬД АВСАН ГЭХ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ-

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяаг өнгөрсөн зургадугаар сард их хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилсан талаар бид мэдээллэсэн. Тэрбээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрөл олгохдоо давуу эрх олгосон. Түүнийхээ хариуд 60 орчим сая төгрөг авсан гэх хэрэгт холбогдсон.

АТГ-аас түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилсан. Улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байсан юм.

Т.Эрдэнэтуяад холбогдсон хэргийг АТГ богино хугацаанд шалгаж, яллах дүгнэлт үйлдэх саналтайгаар хэргийг нь прокурорт шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хяналтын удирдах албан тушаалтан Т.Эрдэнэтуяад хот төлөвлөлтөд тусгагдаагүй барилга, байгууламжийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хээл хахууль авсан хэргээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна.  Тэгэхээр эл хэргийг одоо прокуророос хянаад, цаашаа шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэхээр болж байна.

Б.БУРМАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.