Шүүмжлэл дагуулсан шүүлтүүрийг автобусанд суурилуулж эхэлжээ

Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын буцалтгүй тусламжаар дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобусуудад DPF шүүлтүүр суурилуулах ажлыг эхлүүлсэн. Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр иргэд “Утааны шүүлтүүр авахын оронд, шинэ автобус авах хэрэгтэй байсан юм” гэж шүүмжилжээ. Учир нь нэг автобусанд шүүлтүүр тавихад 45 сая төгрөг зарцуулна гэж албаныхан хэлж байсантай холбоотой юм.

Буцалтгүй тусламжийн хүрээнд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ болон “Сутайн Буянт” ХХК-ийн нийт 24 автобусанд DPF шүүлтүүр тавихаар төлөвлөжээ. DPF шүүлтүүр нь дизель түлшнээс ялгарч буй хар утааг 99 хувьтай шүүдэг байна. Өнөөдрийн байдлаар “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ нэгдүгээр баазад шүүлтүүр суурилуулсан таван автобус шугамд явж эхэлсэн байна.

Энэ талаар “Жайка” төслийн DPF шүүлтүүр суурилуулахаар ирсэн мэргэжилтнүүдээс тус төслийн орчуулагч П.Билгүүнээр дамжуулан тодрууллаа.

bus shuultuur

-ЭНЭ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЧАНГАЛЖ БООСОН БООЛТ ХҮРТЭЛ ЯПОНООС ҮНЭГҮЙ ОРЖ ИРСЭН ГЭДГИЙГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ-

-“Жайка” төслийн буцалтгүй тусламжаар орж ирсэн DPF шүүлтүүр хэдэн жилийн баталгаатай вэ?

-Нэг автобусны ашиглах жил нь 10 жил байдаг. Энэ төхөөрөмжийг ашиглалтын горимынх нь дагуу ашиглавал 20-40 жил болох боломжтой юм. Энэхүү төхөөрөмж маань автобуснаас гарч байгаа хаягдал утааны тортгийг  шүүдэг.

DPF шүүлтүүр нь 80-100 хувьтай шүүдэг гэсэн мэдээлэл байсан. Хэдэн хувьтай шүүдэг вэ?

-Энэ төхөөрөмжийг хүмүүс утаа шүүдэг гэж их буруу ойлгодог. Нарийн ширхэгтэй нүдэнд харагдах тоосонцор, хар утааг 99 хувь шүүдэг юм. Бусад нарийн ширхэгт тоосонцрыг тодорхой хэмжээгээр шүүнэ. Гэхдээ автобус болгонд өөр өөр байдаг.

-Энэхүү автобусны яндангийн шүүлтүүрийг 45 сая төгрөгийн үнэтэй гэсэн. Энэ үнэн үү?

-Японы стандарт хэмжил зүйн газраас баталгаажсан зуухуудыг оруулж ирж суурилуулж өгч байгаа юм. Манайх анх “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ 1-р баазад 144 гэсэн автобусан дээр эхний гурван ширхэг DPF шүүлтүүрийг суурилуулж байсан. Монголын нөхцөл байдалд тохирох эсэх талаар судалж байсан туршилтын нэг хэсэг байсан юм. Одоо тавигдаж байгаа 24 шүүлтүүр ашиглалтын явцад ямар алдаа дутагдал гарч байгааг судлах зорилготой. Энэхүү 24 автобусыг хоёр жилийн хугацаанд явуулахаар болсон билээ. Энэ хоёр мэргэжилтэн 45 сая төгрөгийн үнэтэй төхөөрөмж гэдэг нь манай төхөөрөмжийг хэлээгүй өөр төхөөрөмж хэлсэн байх. Үнийн талаар тодорхой мэдээлэл алга байна. Хүмүүс маань хэтэрхий их  үнийн тухай  яриад байна. Энэ төхөөрөмжийг чангалж боосон боолт хүртэл Японоос үнэгүй орж ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Ямар  автобусны баазын автобусанд суурилуулахаар болсон бэ?

-“Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ нэгдүгээр бааз, “Сутайн Буянт” компани дээр тус бүр найм үлдсэнийг нь гурав дугаар баазад суурилуулах эсэх талаар яригдаж байна.

-Энэ төхөөрөмжийг суурилуулснаар бодит үр дүн гарах уу?

-Энэ төхөөрөмж маань гурван фильтрээс бүтдэг. Нэг фильтр маань ойролцоогоор 12 литрийн хөдөлгүүрт тавигдах фильтрүүд юм. Манай автобусанд суурилуулахад нэг дутагдалтай тал нь автобусууд их хуучин, түлшний чанар муутай. Гэсэн хэдий ч энэ шүүлтүүрийг тавьснаар дунджаар 800 грамм орчим тортог агаарт хаягддаг байсан бол тодорхой хэмжээгээр багасна гэсэн үг юм. Мөн шүүлтүүрийг өдөр болгон шатаах зууханд хийж тортгийг нь цэвэрлэдэг.

Төхөөрөмж эвдэрч гэмтэх тохиолдол гарвал хаана хандах вэ?

-Энэ хоёр инженер маань зөвхөн суулгах гэж ирсэн. Эвдэрвэл хаана хандахыг сайн мэдэхүй байна.

-Одоогоор хэдэн автобус шугамд явж эхэлсэн бэ?

-“Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ нэгдүгээр баазад таван автобус явж эхэлсэн байна.

 Ж.ДАРИЙМАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.