Б.Адъяахүү: Бөхчүүд сайхан сэтгэлээр нийгэм рүүгээ гараа сунгаж, хандив тусламж өгөх цаг болсон

-БӨХЧҮҮД ДОЛООН САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙГ СЭТГЭЛИЙН ӨГЛӨГ БОЛГОН ӨГЧИХӨӨД БАЙНА-

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Улсын начин, “Аварга” дээд сургуулийн багш Б.Адъяахүү “Хавдрын Үндэсний Зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тэрбээр үндэсний баяр наадмын дараахан шавь нартаа болон бөхчүүдэд хандан нэгэн уриалга гаргасан юм. Тодруулбал, хөдөө орон нутгаас ирсэн иргэд хавдрын эмчилгээний үед түр байрлах байр байхгүй хавдрын эмнэлгийн эргэн тойронд үйл ажиллагаагаа явуулдаг жижиг дэн буудлуудад хоног төөрүүлдэг. Тиймээс ийм иргэдэд зориулан түр байрлах байрыг засаж тохижуулахаар “Хавдрын Үндэсний Зөвлөл” ТББ-ынхан ажиллаж буй юм. Энэ талаар Улсын начин Б.Адъяахүүтэй ярилцлаа.

-Хавдрын эмчилгээ хийлгэж буй өвчтөний ар гэрийнхнийг түр байрлуулах байр барих төслийг яагаад эхлүүлэх болов?

-Доктор Батмөнхийн Цэцэгсайханы санаачлагаар “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ үүсгэн байгуулагдсан. Хавдар туссан хүмүүст туслах, энэ үйл ажиллагаанд олон түмний хүчийг чиглүүлж, зовсон зүдэрсэн улсуудад жаахан ч гэсэн яаж дэмжлэг туслалцаа үзүүлэх вэ гэсний үндсэн дээр энэ аяныг эхлүүлсэн юмаа. Жил хагасын өмнө эмч нарын баг, спорт, бөхчүүдээ төлөөлүүлээд миний бие Австрали улсад нэг сарын хугацаанд өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хавдар туссан хүмүүст нийгмээс ямар тусламж дэмжлэг үзүүлэх вэ гэсэн сэдвээр сургалтад хамрагдсан. Монгол Улсын хувьд хавдрын эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй хэцүүхэн байдалтай байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын зүгээс хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод хавдраа эмчлүүлэхээр ирсэн иргэдэд түр байрлах байр зайлшгүй хэрэгтэй гэдгийг олж харсан.

-Австралид ийм байр олон байна уу?

-Австрали, Япон улсууд ийм байр их байдаг юм байна. Гэтэл Монгол Улсад ийм байр байдаггүй. Тиймээс хөдөө орон нутгаас хавдартай хүмүүсээ асрахаар ирсэн иргэд маань ХСҮТ-ийг тойрсон хэдэн зочид буудлуудад хамаг мөнгөө өгөөд дуусдаг юм байна. Нийслэлд байгаа ах дүү, хамаатан садан нь эмчилгээнийх нь зардалд хандив тусламж өгөхөөс биш, гэртээ удаан хугацаагаар байлгах сонирхол байдаггүй. Яагаад гэвэл хавдрын эмчилгээг маш удаан хугацаанд хийдэг учраас өвчтөнийг асрах хүн зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээр хүмүүстээ зориулаад 11 өрөө байр, дундаа нийтийн гал тогоотой түр байрлах байрыг тохижуулахаар ажиллаж байна. Нэг өрөөнд 2-4 хүн асран хамгаалагчтайгаа байрлах юм.

-Бөхчүүд түр байрлах байрны хэдэн өрөөг засаж тохижуулахаар хандив цуглуулж байгаа вэ?

Манай бөхчүүдийн зүгээс хоёр өрөөг тохижуулахаар аян өрнүүлээд байна. Хавдартай хүмүүс болон тэднийг асарч буй хүмүүст зориулсан түр байрыг засварлаж тохижуулах аян зөвхөн бөхчүүд спортынхонд хамааралтай юм биш ээ гэдгийг хэлмээр байна. Энэ аяны хүрээнд хэр их санхүүжилт цуглах нь, эхний ээлжид хоёр өрөөгөө тохижуулаад үзье. Хэрэв илүү мөнгө гарах юм бол нийтийн гал тогоо болон бусад зүйлст зарцуулахаар төлөвлөж байна. Яагаад энэ аянд бөхчүүдийг уриалсан гэхээр нийгэм рүү хандсан үйл ажиллагаанд уриалъя, гар бие оролцуулъя гэсэн бодол өмнө нь надад байсан. Манай бөхчүүд шагнал авахаас хүнд юм өгдөггүй гэсэн нэр зүүчихлээ. Сүүлийн үед бөхийн хоёр холбоо маргалдаад нийгэмд бухимдал үүсгэж учир нь олдохгүй үзэл бодлын зөрүү гарчхаад байна. Эв эеэ хичээгээд бөхчүүд нийлээд хамтрах юм бол нийгэм, ард түмэн рүүгээ гараа сунгах бололцоотой юмаа гэдгийг харуулахыг зорьсон. Үүний үр дүн ч гэсэн гарч долоон сая гаран төгрөгийг бөхчүүд сэтгэлийн өглөг болгон өгчихөөд байна.

-Бөхчүүд таны уриалгыг их сайхнаар хүлээн авч, сэтгэлийнхээ өглөгийг харамгүй өгч буй нь Монголын ард түмэнд ч гэсэн таалагдаж байна?

Энэ жилийн наадам их сайхан болсон. Үндэсний баяр наадам ямар нэгэн будлиан маргаантай, эмх замбараагүй, олон түмний дургүйцэл хүргэсэн, найраа хавтгайрсан болбол бөхчүүд, ард түмний сэтгэл гонсгор байдаг. Энэ жилийн наадам ямар сайхан шударга, өрсөлдөөнтэй, маргаан будлиангүй, ямар нэгэн бичлэгийг дахин харуулах, хүн амьтныг шуугиулсан, хоёр хуваасан зүйл болсонгүй. Цэгцтэй, замбараатай нар хур тэгширсэн сайхан наадам болсон. Наадам сайхан болохоор ард түмэн, бөхчүүдийн сэтгэл санаа их өндөр байна. Тиймээс багш дасгалжуулагч хүний хувьд бөхчүүд, ард түмнээ ийм сайхан сэтгэлийн цэнгэлтэй байгаа дээр нь энэ аянаа эхлүүлсэн. Ард иргэд бухимдсан, маргаантай үед аянаа эхлүүлвэл нийгэм хүлээж авахгүй шүү дээ.

2

НАЙМДУГААР САРЫН СҮҮЛЭЭР 11 ӨРӨӨНИЙХӨӨ ЗУРГААГ НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

-Энэ аянд ойролцоогоор хэдэн бөх хандив өргөөд байгаа вэ?

-Одоогийн байдлаар 64 бөх хандив өгсөн байна. Би хандив өгсөн бөхчүүдээ эрэмбээр нь нэрийг зоогоод, олон нийтэд нээлттэй харагдахаар өөрийнхөө фэйсбүүкт байршуулсан байгаа. Би 10 гаруй хоногийн өмнө ийм аян эхлүүлж буй гэдгээ зарлаж, анхныхаа постыг оруулсан. Үүнээс хойш бөхчүүд, тэдний гэр бүл оролцож байгаа. Сэвжээ Ганаа гэсэн админтай “Бөхчүүдийн эхнэрүүдийн” группийнхэн идэвхтэй оролцож сайхан дэмжиж байна. Зарим бөхчүүд маань хөдөө орон нутагт амрах нь амраад, наадам хэсээд явж буй энэ үед тэр болгон интернэт рүү орохгүй байна. Тиймээс Улаанбаатарт байгаа гэргий нар нь энэ аяны талаар маш сайн мэдээ мэдээлэл авч, цааш нь дамжуулж байна. Эмэгтэй хүмүүс нөхөртөө сайн нөлөөлөхөөс гадна эрүүл мэндийн зовлон, жаргалыг илүү сайн ойлгодог болохоор сайн дэмжиж байна. Хандив өгч буй бөхчүүдийн маань тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

-Хөдөө орон нутгаас өвчнөө эмчлүүлэхээр ирсэн иргэд маань түр байрлах байр тун удахгүй ашиглалтад орно гэдгийг дуулсан л байгаа болов уу. Хэзээнээс иргэдээ хүлээж авах вэ?

Бид 11 өрөөний зургааг нь найман сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ аянд бөхчүүдээс гадна хэд хэдэн байгууллага дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Мөн Эрүүл мэндийн яамны нэг мэргэжилтэн н.Өнөржаргал гэх эмэгтэй хувиасаа хөрөнгө гаргаж, өрөөг засаж тохижуулж байна. Одоохондоо санхүүгийн боломжгүй учраас таван өрөөгөө намар ашиглалтад оруулж, есдүгээр сарын эхээр хүнээ авъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Монгол Улсад гэр бүлийнхэн нь хэн нэгэн хорт хавдар тусахад тухайн айлын амьдрал тэр чигээрээ уруудаж маш хүнд байдалд ордог. Тэгэхээр түр байрлах байр ийм хүмүүсийн ачаанаас бага ч гэсэн хөнгөлж өгөх нь?

Тийм, хөдөө орон нутгаас хүнд өвчтэй хүмүүсээ эмчлүүлэхээр ирсэн иргэдэд олон асуудал тулгардаг. Бидний засаж тохижуулж буй түр байрлах байр Сэлбэ голын зүүн талд, Хавдрын эмнэлэг рүү 10-15  минут алхаад оччихоор ойрхон зайд 11 өрөө байр засаж тохижуулж байна даа.

2Түр байрлах байрныхаа хоногийн хөлсийг хэдэн төгрөг байхаар тооцоолж байгаа вэ?

Өнөөдөр ХСҮТ-ийн эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын хөлс 30-40 мянган төгрөгийн үнэтэй байна. Түр байранд байрлах иргэд маань хоол ундаа өөрсдөө даагаад, нэг хүн хоногийн 5000 төгрөг байхаар тооцоолж байна. Тухайн хүн арав хоноход 50 мянга, 20 хоноход 100 мянган төгрөгөөр түр байранд байрлаж амьдарна гэсэн үг. Тэгэхээр 40 мянган төгрөгөөр ганц хонох, 5000 төгрөгөөр хонох хоёрын хооронд маш их зөрүү гарч байгаа биз. Иргэдээ үнэгүй байрлуулах ямар ч бололцоогүй. Яагаад гэхээр ажилчдын цалин, ашиглалтын зардал зэргийг төрөөс өгөхгүй учраас балансыг барьж, хамгийн бага өртгөөр иргэдээ байлгах юм. Түр байр ашиглалтад орохоор маш олон хүн бидэнд хандах байх аа.

-“Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-аас дахин ийм төсөл хэрэгжүүлж түр байрлах байр ашиглалтад оруулах уу?

Энэ төслөө дуусгаад, түр байрлах байрны үйл ажиллагаа жигдэрсний дараа олны сэтгэлд нийцвэл дараагийн төсөл яригдана. Гэхдээ заавал хотод хийнэ гэхгүй. Нийслэлд байр, газар үнэтэй байна. Тиймээс төмөр замдаа ойрхон галт тэргээр наашаа цаашаа явчих боломжтой газарт байгуулна гэсэн бодол цээжинд байна.

-Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлдэг хүмүүст түр байрлах байрнаас гадна өөр ямар асуудал тулгарч байна?

Хорт хавдар туссан хүмүүс болон ар гэрийнхэн маш хүнд сэтгэл санааны дарамтад орсон байдаг. Тиймээс бид түр байрандаа байрлаж буй өвчтөн, ар гэрийнхэнд нь зориулж янз бүрийн арга хэмжээ, уулзалт, лекц зохион байгуулж, сэтгэл санааг нь дэмжих юм.

-Бөхчүүд эрүүл мэндийн салбарт ажиллаж, олон нийтэд дуу хоолойгоо хүргэж байсныг санахгүй юм. Та ямар шалтгааны улмаас энэ салбар руу орох болов?

-Барилдаж байсан, багш дасгалжуулагч хүн бөхчүүд, шавь нараа нийгэм рүү хандсан зүйл рүү уриалах юмсан гэж олон жил бодож явсан. Жүжигчин Г.Ундармаа ганцаараа хандив тусламж цуглуулж, олон эмнэлгийн өрөөг тохижуулж өглөө. Өнөөдөр үндэсний бөхчүүд маш их масс эзэлдэг. Барилдчихаад бай шагнал, мөнгийг нь магнайдаа хүргэж авчихаад яваад өгдөг нь ард түмэнд таалагдахгүй байна. Тиймээс бөх хүн, эцэг хүн, эр хүнийхээ хувьд сайхан сэтгэл гаргаж, нийгэм рүү гар сунгах ёстой гэсэн бодолтой явсан. “Хавдрын үндэсний зөвлөл”-ийн хүмүүстэй танилцаад, ийм бодол байдаг гэдгээ хэлсэн л дээ. Тэгсэн “Хавдартай хүмүүст туслахаар төсөл хэрэгжүүлэх гэж байна. Та бидэнтэй нэгдээч” гэсэн санал тавьж, Австрали улсад сургалтад суусан.  Бид Австрали улс хавдартай яаж тэмцдэг, ТББ-ууд нь яаж ажилладгийг нэлээн сайн судалж ирээд, Монгол Улсад эхний ээлжид юу хийж чадах вэ гэсний үндсэн дээр түр байрлах байр тохижуулж, хүмүүсээ маш хямд өртгөөр байлгая гээд энэ төслөө эхлүүлсэн дээ.

М.АМАРЖАРГАЛ

2

2

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.