Архангай аймагт хүчтэй шуурганы улмаас гэр хийсч, олон хүн бэртжээ

-ХҮЧТЭЙ ШУУРГАНЫ УЛМААС ӨНДӨР-УЛААН СУМАНД 16 ГЭР НУРЖ, 24 ИРГЭН ХӨНГӨН ГЭМТЖЭЭ-

Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутагт түр зуурын, хүчтэй салхитай, усархаг аадар бороо орж, багагүй хохирол учруулжээ. Тодруулбал, долдугаар сарын 25-ны өдрийн 20:00 цагийн орчимд тус аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км газарт аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас сумын төвийн 30 гаруй айлын гэр, хашаа нурж, байшингийн дээвэр хууларсан байна.

Гэр нь нурсан 24 иргэнийг сумын эмнэлэгт түр байрлуулж, 48 настай иргэн С, 80 настай иргэн Д нарын биеийн байдал хүндэвтэр, эмчилгээ хийлгэж байгаа тухай мэдээллийг долдугаар сарын 25-ны өдрийн 21:30 цагт хүлээн авчээ.

Бид энэ тухай мэдээллийг тодруулахаар Архангай аймгийн Онцгой байдлын газартай холбогдсон юм. Тус газраас “Салхи шуурга долдугаар сарын 25-ны өдрийн 09:10 минутад болсон. Бэртэл авсан иргэдийн хувьд бүгд хөнгөн бэртсэн. Хөнгөн хэмжээний шалбарсан гэмтлүүдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авч боолгосон. Салхинд хийссэн гэрүүдээ өнөөдөр бүгд буцааж барьсан.

Одоогийн байдлаар хохирлын хэмжээний тухай нарийн тоон мэдээлэл тогтоогдоогүй байна. Холбогдох албаны хүмүүс тогтоохоор ажиллаж байна. Өмнө нь гэр орон нурах хэмжээний салхи шуурга, байгалийн гоц үзэгдэл болж байгаагүй. Өндөр-Улаан сумын хувьд анхны тохиолдол болж байна.

Унасан шон босгох, тог цахилгаан холбох ажлууд хийгдэж байгаа учраас өнөө маргаашгүй цахилгаанаа залгана. Мал, амьтан сүйдсэн зүйл байхгүй. Тус салхи шуурга зэргэлдээ сумуудын хэсэгхэн зурвас газрыг дайраад өнгөрсөн” гэсэн юм.

arhangai

-ШУУРГАНЫ УЛМААС ГУРВАН АЙМГИЙН 10 СУМЫН ЦАХИЛГААН ТАСАРЧЭЭ-

Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10 тулгуур багана унасан байна. Мөн Тариат сумын нутаг дэвсгэрт тав, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унажээ. Үүний улмаас Архангай аймгийн зургаа, Хөвсгөл аймгийн гурав, Завхан аймгийн нэг, нийт гурван аймгийн 10 сум цахилгаангүй болсон байна.

“Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн Архангай аймгийн Жаргалант салбарын нэг, Өвөрхангай салбарын нэг, Хархорин салбарын нэг, Цэцэрлэг салбарын хоёр бригад, нийт таван бригадын 40 хүн, долоон техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн ээлжийн дарга Я.Цолмон долдугаар сарын 25-ны өдрийн 22:10 цагт мэдээлэв.

Тус аймгийн Онцгой байдлын газрын нэг алба хаагч, нэг автомашинтай, нутгийн захиргааны байгууллагын 20 алба хаагч, дөрвөн автомашинтай, нийт 25 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай сумын ЗДТГ-ын дарга С.Вандандулам долдугаар сарын 25-ны өдрийн 22:30 цагт тус тус мэдээлсэн ажээ.

П.УРНАА

arhangai

arhangai

arhangai

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.