Л.Сарантуяа: Эмчилгээний зардалдаа зориулан номоо 50 хувь хямдруулаад байна

Зохиолч Лхамсүрэнгийн Сарантуяаг “Газрын нулимс”, “Тавилан”, “Тэнгэрийн таалал” “Элсэн тойрог”, “Хүсэл хясал”, “Алганы хээн дэх амьдрал” зэрэг олон сонирхолтой, адал явдалт романуудаар нь уншигчид андахгүй биз ээ. Зохиолч Л.Сарантуяа “Өнчин тархины хорт хавдар” хэмээх хүнд өвчин тусч, яаралтай эмчилгээнд орох шаардлагатай болжээ. Эмчилгээний зардлыг цуглуулахаар зохиолчид “Оюун санааны ертөнц” номын үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд эхлүүлээд байгаа юм. Тэд оюуны бүтээлээ хямдруулан борлуулж, олсон бүх орлогоо түүний эмчилгээнд зориулахаар болжээ. Зохиолч Л.Сарантуяатай цөөн хором ярилцсанаа уншигч танаа толилуулъя.

-“Оюун санааны ертөнц” үзэсгэлэн худалдаанд маш олон зохиолч ирсэн байна. Таны хувьд ямар номуудаа уншигчиддаа зориулж авчраад байна вэ?

-Миний эмчилгээний зардлыг олохын тулд надтай хамтран зүтгэж байгаа эдгээр хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Өнөөдөр би уншигчиддаа зориулан “Амин урсгал”, “Нар жаргадаггүй”, “Гурван цагийн аяс” номуудаа авчирлаа. Эдгээр номуудаа 50 хувийн хямдралтай үнээр борлуулж байна. Номыг минь худалдан авч, сэтгэлийн дэм хайрлаж байгаа уншигчиддаа мөн талархаж байгаагаа илэрхийлье.

-Таны эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс номыг тань үнэгүй хэвлүүлж өгсөн гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Тийм ээ. “Амин урсгал”, “Нар жаргадаггүй”, “Гурван цагийн аяс” нэртэй гурван романыг маань “Мир паблишин” компанийн захирал Д.Ганболд хандиваар хэвлүүлж өгсөн. Эмчилгээнийхээ төлбөрт нэмэрлээрэй гэж номыг минь хэвлэж өгсөнд их баярлаж байгаа. Эдгээр номууд маань хоёр хоногийн өмнө хэвлэлтээс гарсан. Би “Мир паблишин” компанитай 2012 оноос хойш хамтарч ажиллаж байна. Миний 15 роман энэ компаниар хэвлэгдэн, уншигчдын хүртээл болсон. Ер нь их олон жил хамтарч ажиллаж байна.

-Ямар өвчний онош тогтоогдож, эмчилгээний зардал нь хэдэн төгрөг болохоор байгаа вэ?

-“Өнчин тархины хорт хавдар” гэсэн онош тогтоогдсон. Одоогоор эмчлэх боломжтой гэсэн тул Бээжингийн цэргийн эмнэлэгт авахуулахаар болсон байгаа. Өвчнийхөө түүхийг явуулсан. Наймдугаар сарын дундуур эмчилгээндээ явах санаатай байна. Эмчилгээний зардал нь 40 гаруй сая төгрөг. Энэ мөнгийг босгохын тулд өөрийн бичсэн романуудаа хямдралтай үнээр борлуулж байна. Мөн намайг дэмжиж, тусалдаг хүмүүс эмчилгээний зардалд минь зориулж хандивын тоглолт хийхээр болсон.

-Хэзээ хандивын тоглолт болох вэ?

-Хандивын тоглолтоо наймдугаар сарын 13-нд хийх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ ганц, хоёр хоногийн наана цаана болж магадгүй. Энэ тоглолтыг намайг дэмждэг хүмүүс зохион байгуулж өгч байгаа. Манай зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Б.Нэргүй тоглолтын бүх ажлыг хариуцан ажиллаж байна. Мөн Буриад улсын СГЗ, Зохиолчдын эвлэлийн шагналт Х.Батхүү, “Цадигт чимээ” ТББ-ын тэргүүн н.Чимэдсүрэн гээд маш олон хүний дэм тусаар хандивын тоглолт зохион байгуулах гэж байна. Эдгээр хүмүүсийнхээ тус буянаар хурдан эдгээд ирнэ ээ. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.

Б.АЛТАНБАГАНА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.