ОУВС: Макро эдийн засгийн бодлогын хүрээнд хэлэлцээрүүд ойрын хугацаанд үргэлжилнэ

Олон улсын валютын сан (ОУВС) Монгол Улстай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тогтсон.  Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийх аж. Энэ удаагийн буюу 5 дахь шатны үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг 2018 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийсэн байна. Энэ талаар ОУВС-аас гаргасан хэвлэлийн мэдээг хүргэж байна.

Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээний талаарх ОУВС-ын ажлын хэсгийн мэдэгдэлдээ “Ажлын хэсгийн айлчлалын төгсгөлд гаргаж байгаа хэвлэлийн мэдээлэл нь гишүүн оронд ажилласан ОУВС-гийн мэргэжилтнүүдийн багийн урьдчилсан дүгнэлтийг танилцуулдаг. Энэхүү мэдээлэлд илэрхийлсэн байр суурь нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн байр суурь бөгөөд тус сангийн Захирлуудын зөвлөлийн байр суурийг илэрхийлэх албагүй юм. Ажлын хэсэг үнэлгээний урьдчилсан дүгнэлтэд үндэслэн тайлан боловсруулж, ОУВС-гийн удирдлагаар батлуулсны дараа Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна.

Жэф Готтлийбээр ахлуулсан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2018 оны 7 дугаар сарын 25-аас 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь үнэлгээний яриа хэлэлцээг хийлээ.

Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 314.5054 саяын зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгогдох юм (Хэвлэлийн мэдээлэл №17/193-ийг харна уу).

Энэ удаагийн яриа, хэлэлцээрүүд Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөрийн хэрэгжилт, дунд хугацааны төлөв болон өрийн тогтвортой байдал, санхүүгийн тогтолцоог шинэчлэх болон ядуу иргэдийг хамгаалах замаар өсөлтийг бий болгоход шаардлагатай байгаа бодлогын болон бүтцийн өөрчлөлтүүд зэрэг асуудлын хүрээнд  өрнөлөө.

Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж, ноён Готтлийб дараах мэдэгдлийг гаргав. Үүнд:

Ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээг гүйцэтгэхэд шаардлагатай бодлогын хүрээнд дэх үр дүнтэй яриа, хэлэлцээрүүдийг эрх баригчидтай хийлээ. Сүүлийн үеийн макро эдийн засгийн гүйцэтгэл эерэг байж, гол зорилтууд хангагдаж, эдийн засаг сайн сэргэж байгаа боловч тодорхой хэмжээний эмзэг байдал оршсоор байна.

Ялангуяа санхүүгийн салбарыг чадавхжуулж, шинэчлэх зорилготой бодлого болон бүтцийн өөрчлөлтийн хувьд томоохон ахиц ажиглагдсан. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд хэлэлцээрүүд ойрын хугацаанд үргэлжилнэ.

Ажлын хэсгийг Монгол улсад байх хугацаанд хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэн, зочлон хүндэтгэсэн эрх баригчдад талархал дэвшүүлье” гэжээ.

Д.ТУЯА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.