Эрх баригчид өөрсдийн баталсан тогтоолоо ЦЭЦ дээр унагаж, нөхөн сонгуулийг саармагжуулах уу

-НЭР ДЭВШИГЧИД ТОДОРСОН ХОЙНО ЦЭЦ НӨХӨН СОНГУУЛИЙН ТОВЫГ ХЭЛЭЛЦЭХ НЬ-

Улс төрийн намуудаас Хэнтий аймгийн 42-р тойрогт өрсөлдөх эрхмүүд шил дараалан нэрлэгдэж буй. Гэвч өнөөх дуулиант нөхөн сонгууль зохион байгуулагдах эсэх асуудал тодорхойгүй болж гацав. Учир нь ҮХЦ-ийн шинэхэн гишүүн Д.Солонгоос СЕХ-нд хандан, тодорхой асуудлаар тайлбар хийхийг шаардсан албан бичиг илгээсэн.

СЕХ тайлбараа наймдугаар сарын 30-ны дотор Цэцэд хүргүүлэх учиртай. Үүний дараа нөхөн сонгуулийн товыг зарласан УИХ-ын 62-р тогтоолын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх юм.

Дунд суудлын хуралдаан болох хүртэлх хугацаанд СЕХ-ноос нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд буй 14 нам, эвслийн материалыг хянаж, батламж гардуулах процесс өрнөнө. Дээрээс нь батламжаа гардсан нам, эвслүүд наймдугаар сарын 31-нээс ирэх сарын 4-ний өдрийн дотор нэр дэвшигчээ тодруулах хуулийн заалттай.

Үндсэндээ Цэц УИХ-ын 62-р тогтоолын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх гэсээр байтал намуудаас хэн хэн нэр дэвших асуудал тодорхой болчихно гэсэн үг. ҮХЦ-ээс ирэх сарын эхээр УИХ-ын 62-р тогтоолын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл нөхөн сонгуулийн тов хойшлох нөхцөл байдал үүснэ. Энэ шинэ нөхцөл байдлыг дагаад, нэр дэвшигчид цаашлаад Хэнтий аймагт байгуулагдаад буй сонгуулийн штабууд хүртэл тодорхойгүй байдалд шилжих юм.

Нэр бүхий иргэд ҮХЦ-д хандан гомдол гаргахдаа нөхөн сонгууль зохион байгуулахад шаардагдах зардлын дээд хэмжээг зарлаагүй. Хагас жилийн өмнө албан үүргээсээ чөлөөлөгдөж байж, сонгуульд өрсөлдөх боломж нь бүрдэх төрийн албан хаагчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлүүдийг тавьсан билээ.

-УИХ-ЫН 62-Р ТОГТООЛЫГ БАТЛАХ ҮЕД ЯАГААД АНХААРЧ ҮЗСЭНГҮЙ ВЭ –

Төрийн албан хаагчтай холбоотой тодорхой жишээ дурдахад, өнөөгийн УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монголбанкны дэд Ерөнхийлөгч байхдаа сонгуульд өрсөлдөхийн тулд албан үүргээсээ хагас жилийн өмнө чөлөөлөгдөж байсан. Сонгуулийн ерөнхий хуулиар төрийн албан хаагч сонгуульд өрсөлдөхийн тулд зургаан сарын өмнө албан үүргээсээ чөлөөлөгдсөн байх учиртай. Гэвч нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын эхээр зохион байгуулахаар өнгөрсөн зургадугаар сард шийдчихсэн.

Цаг хугацааны хувьд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчдын эрхийг зөрчиж буй нь үнэн юм. Уг тогтоолыг хэлэлцэх үеэр Д.Лүндээжанцан гишүүн асуудлыг хөндсөн боловч СЕХ-ноос бодитой хариулт өгөлгүй өнгөрсөн.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ч тэр, энэ асуудал хөнгөхөн хөндөгдөөд л өнгөрсөн билээ. Тухайн үед гишүүдийн анхаарал ихээхэн суларсан, эгзэгтэй үе ч таарсан гэж болно. Гэхдээ УИХ хэдий анхаарал нь сарнилаа ч дөрвөн жилийн мөчлөгтэй сонгуулийн тогтолцооны онцлогоо хараагүй гэвэл итгэхэд бэрх.

Яг Хэнтий аймгийн 42-р тойрогт хэн хэн өрсөлдөх асуудал хурцаар яригдаж эхлэнгүүт цэц уг асуудлаар хонх цохисон нь ихээхэн анхаарал татна. Тэр дундаа хуулийн талаасаа мэргэшиж, ЗГХЭГ-т 20 гаруй жил нухлагдсан Д.Солонго асуудлыг барьж авсан нь “Тогтоол Цэц дээр унах нь” гэх хүлээлт үүсгэхэд хүрэв.

Хэнтий аймгаас УИХ-д гарч ирэх өндөр магадлалтай хүнээр МАХН-ын дарга Н.Энхбаяр нэрлэгдэж буй. Нөгөө талд МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намаас нь шахах замаар нэр дэвшүүлнэ гэх таамаг өрнөсөн.

Хэрэв зээ, нөхөн сонгуулиар Н.Энхбаяр сонгогдвол УИХ-д АН-ын бүлгээс ч хүчтэй уур амьсгал бүрдүүлнэ. Дээрээс нь МАН-ын даргын нэр хүндэд сэвтэй байдал үүснэ гэх ерөнхий таамаг бий. Тиймээс ч  эрх баригчид өөрсдийн  кноп  дарж баталсан УИХ-ын 62-р тогтоолоо Цэц дээр унагаж, сонгуулийн товыг хойшлуулах нь гэсэн хардлага үүсээд байна.

Ийм байдлаар төрийн албан хаагчийг сонгуульд өрсөлдөх боломжийг эдлүүлэх зургаан сарын хугацаа бий болгож, 2019 оны зургадугаар сартай золгох магадлал өндөр. Энэ хүргэж чадаж гэмээнэ үүнээс хойшхи хугацаанд нөхөн сонгууль хийх шаардлагагүй хуулийн хамаарал үйлчилнэ. Чухам энэ цонх үеийг туулахын тулд тогтоолоо Цэц дээр уяж, улмаар зарим заалтуудыг нь унагах нь гэсэн логик утга харагдаж байна.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.