ХУВЬЦААТ НЭРЭЭР ОВОГЛОСОН ХУЛХИ КОМПАНИУДЫГ ЦЭГЦЭЛНЭ

​1999 ОНООС ХОЙШ НЭГ Ч АРИЛЖИГДААГҮЙ ХУВЬЦАА Ч БАЙНА​

Манай жижигхэн хөрөнгийн зах зээлд “том толгой”-той тоглогч цөөнгүй. 1999 оноос өдий хүртэл үнэт цаасыг нь нэг ч хөрөнгө оруулагч тоогоогүй, хувьцаа нь арилжигдаагүй компани хүртэл хувьцаат компани гэсэн сэтэр зүүчихсэн яваа аж. Монгол улсад 1990-ээд оноос хөрөнгийн зах зээл хөгжиж, хувьцаат компаниудын тоо өдгөө 220-д хүрлээ. Гэвч энэ зах зээл ердөө 20-хон компанийн нуруун дээр яваа гэхэд хэлсдэхгүй. Энэ оны эхний хагасын нийт арилжааны 94 хувийг ердөө 20-хон компанийн хувьцаа бүрдүүлжээ. АПУ-гаар ахлуулсан, “Говь”, “Сүү”, “Тавантолгой”, МИК зэрэг тоотой хэдэн компани өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлийн арилжааг нугалж, амьд байлгаж байна. Өнгөрсөн долоон сарын хугацаанд гэхэд биржид бүртгэлтэй компаниудын 58 хувийнх нь хувьцаа их, бага хэмжэгээр арилжигджээ. Харин үлдсэн 42 хувийнх нь үнэт цаасанд салхи ороогүй.

Энэ дунд сүүлийн 10, бүр 20 орчим жилийн хугацаанд хувьцаа нь нэг ч удаа арилжигдаагүй компани цөөнгүй байгаа аж. Тэдний зарим нь хэдийнэ амьсгал хураасан бол багагүй хэсэг нь царцсан, эсвэл хууль журам үл тоон, үйл ажиллагаа явуулсаар байна. Уг нь Монгол улсын Компанийн тухай хуульд, биржид бүртгэлтэй компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа санхүүгийн жил эцэслэснээс хойш дөрвөн сарын дотор хийх ёстой. Гэтэл энэ онд нийт компанийн 60 хувь хуулийн дагуу хурлаа хийсэн гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлээ. Ер нь бүртгэлтэй компаниудын бараг тэн хагас орчим нь жилийн жилд усанд хаясан чулуу шиг оддог нь гэм биш зан болсон. Сүүлийн дөрвөн жилд нийт компаниудын ердөө 50-60 гаруй хувь л хуулийн хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурал зарлажээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ЕРДӨӨ 20-ХОН КОМПАНИЙН НУРУУН ДЭЭР ЯВНА

Үлдсэн хувь нь хурал хийдэггүй. Ингэснээр эдгээр компанийн төлөөлөн удирдах зөвлөлийнх нь бүрэн эрх санхүүгийн жилийн турш хүчингүй төдийгүй, энэ хугацаанд хийсэн аливаа гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус болох учиртай. Бас санхүүгийн тайлангаа өгөх хуулийн хугацаа хэдийнэ өнгөрсөн ч хэл ам дагуулж байж хагас дутуу тайлан илгээдэг. Хувьцаа эзэмшигчиддээ компанийн үйл ажиллагааг ил тодоор тайлагнадаггүй гээд “хувьцаат” хэмээх үгээр овоглосон хариуцлагагүй компаниудын дутагдлыг дурдвал дуусахгүй. Ер нь хөрөнгийн зах зээл иргэдээс ирдэг гомдол саналын тоогоороо санхүүгийн салбарт толгой цохиж явна. Монголын хөрөнгийн биржийг санхүүгийн бүтээгдэхүүний дэлгүүр гэж үзвэл хууль дүрмээ сахидаггүй, “том толгой”-той компаниуд чанаргүй бараа гэсэн үг. Тэгвэл хулхи барааг хэрэглэгчид худалдан авах уу. Хувьцаат хэмээх нэрээр овоглосон хулхи компаниуд үнэт цаасны зах зээлд итгэх иргэдийн итгэлийг эвдэж, үнэт цаасанд хөрөнгө оруулах сонирхлыг бууруулж байна. Ялангуяа, сүүлийн нэг жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийг сонирхох иргэдийн тоо эрс нэмэгджээ. Оны эхний долоон сард хөрөнгийн зах зээлд 30 орчим мянган тоглогч шинээр нэмэгджээ. Үүний 99.7 хувь нь дотоодын иргэн, аж ахуйн нэгж. Хөрөнгийн зах зээлд шинээр данс нээлгэсэн иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 4.2 дахин өсчээ.

Монголчууд хувьцааг ид шохоорхож буй энэ үед хулхи, хувьцаат компаниуд иргэдийн итгэлийг бууруулна. Цаашлаад мэдлэг дутмаг иргэд үйл ажиллагаа явуулдаггүй, мэдээлэлгүй компаниудын хувьцааг авч, эд хөрөнгөө эрсдэлд оруулахыг үгүйсгэхгүй. Энэ хэрээр олон нийтийн дунд сэргээд буй хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг унагах эрсдэлтэй юм. Тиймээс байгаа, байхгүй нь бараг мэдэгддэггүй олон компанийг цэгцлэх, чадавхыг нь сайжруулах шаардлагатай байна. Юун түрүүнд нэгэнт хөрөнгийн зах зээлд хөл тавьсан компаниудынхаа засаглалыг сайжруулах нь чухал байгаа юм. Хувьцаат компаниуд эхний ээлжинд үйл ажиллагааны мэдээллээ ил тод, нээлттэй болгох. Ингэснээр хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, итгэлцлийг бий болгоно гэж салбарынхан үзэж байна. Учир нь манайд хаалттай үйл ажиллагаа явуулж буй нээлттэй хувьцаат олон байгаа юм. Наанадаж, хувьцаат компаниуд жил бүрийн ашигт ажиллагаа, татварын хувь хэмжээ, ногдол ашгаас гадна компанийн ирээдүйн төлөвлөгөө, шинэ гэрээ хэлцэл, үйл явдлаа цаг тухайд нь мэдээлж байх үүрэгтэй. Гэвч энэ мэт энгийн үүрэг биелүүлэхдээ хүртэл компаниуд хойрго хандсаар байгаа аж. Цаашлаад энэ зах зээлийг цэгцэнд оруулахын тулд хөрөнгийн зах зээлийн тоглогчдыг тооноос чанарт шилжүүлэх шаардлагатай байна.

Хөдөлдөггүй хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхийн тулд манай зохицуулах байгууллагууд сүүлийн хэдэн жил хувьцаат компаниудын толгойг нь илж, зөрчил дутагдлуудыг нь нүдээ анин өнгөрөөсөөр ирсэн. Гэтэл зарим компани “биднийг хэн яахав” гэсэн шиг дур зоргоороо аашлан, хууль журамгүй гэж эндүүрч явна. Ер нь нэг барааг хэн ч худалдаж авахгүй хориод жил болж байгаа гээд бод доо. Ямар ч бараа лангуун дээрээ ялзарч муудна биз. Тэгэхээр муудсан бүтээгдэхүүн иргэдэд төдийгүй эргээд хөрөнгийн зах зээлийнхээ эрүүл тогтолцоонд сөргөөр нөлөөлж мэдэхээр байна. Бас ямар ч дэлгүүр хүн сонирхохгүй бараа бүтээгдэхүүнээ акталж, агуулах саваа цэвэрлэдэг. Тэгвэл үүдээ нээгээд 30 орчим жилийг үдэх гэж буй Монголын хөрөнгийн бирж чанаргүй бараануудаа цэвэрлэх, дахин сэргээх, цоо шинэ бараагаар сэлбэх цаг нь хэдийнэ болжээ. Хувьцаа нь амьгүй компаниудыг цэгцлэх, зах зээлийн бүтээгдэхүүнүүдийн чанарыг сайжруулахаар санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж хамтран ажлын хэсэг байгуулжээ. Хөрөнгийн зах зээлийн бодлогыг атгадаг эдгээр байгууллагын хамтарсан баг харин одоо энэ шинэчлэлийг зоримог хийж, хөрөнгийн зах зээлээ цэгцлэх эсэхийг харах л үлдлээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.