АЗИЙН НААДМЫН “ПРОГНОЗ” (ЭМЭГТЭЙЧҮҮД)

Азийн зуны спортын 18 дугаар наадам наймдугаар сарын 18-нд Индонезийн нийслэл Жакартад эхэлнэ. Чөлөөт бөхийн тэмцээн нээлтийн ёслолын ажиллагааны маргааш буюу 19-21-нд Жакартагийн “Jakarta Convention Center”-т болно. Энэ жилийн Азийн ‘олимп’-д эмэгтэйчүүдийн жинд хаанахын хэн хэн гэдэг сайчууд ирж, медаль хүртэх боломжтойг хүргэе.

50 КГ:
“Рио-2016” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, БНХАУ-ын Сун Янань, 2015 оны Азийн аварга Японы Юки Ириэ нар алтан медаль хүртэх магадлал өндөр. Харин Азийн АШТ-ий гурван мөнгө, хошой хүрэл медальт Энэтхэгийн Винеш Фогат, 2015 онд Европын анхдугаар наадамд хүрэл медаль хүртэж, Красноясркийн “Алтан Гранпри”-д аваргалж байсан, саяхнаас Казахстаны нэрийн өмнөөс барилдах болсон орос бүсгүй Валентина Исламова, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт манай ОУХМ Э.Нарангэрэл нар медалийн шаанстай.

53 КГ:
Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Харүна Окүна, 2016 оны Азийн аварга БНХАУ-ын Пан Киану, Энэ жилийн Азийн аварга БНАСАУ-ын Пак Йон Ми, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ээс долоон медальтай Казахстаны хашир туршлагатай Жулдиз Эшимова, “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа гээд ямар ч өнгийн медаль хүртэх боломжтой хүч тэнцүү таван өрсөлдөгч байна.

57 КГ:
Сүүлийн хоёр жилийн Бүх Японы аварга Кацүки Сакагами, Энэ жилийн Азийн аварга БНХАУ-ын Пей Шинру, ДАШТ-ий хошой хүрэл медальт БНАСАУ-ын Жон Мёон-Сук, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, ОУХМ А.Батцэцэг нарын дундаас аварга төрөх магадлалтай. Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Кыргызстаны Назира Марсбек Кызы, Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Поожа Жанда, энэ жилийн цэргийн ДАШТ-ий хүрэл медальт, Казахстаны Эмма Тиссина нар сугалаа аятайхан таарвал медаль зулгаах боломжтой.

62 КГ:
Олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, Дэлхийн болон Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбекова, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Энэтхэгийн Сакши Малик гээд дэлхийд данстай бүсгүйчүүд Жакартад зодоглоно. “Рио-2016” олимпийн наадамд оролцсон БНХАУ-ын Су Руй, Азийн дэд аварга Узбекистаны Набира Эсенбаева, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт Айюлим Кассимова гэсэн тооцооноос хасч болохгүй өрсөлдөгчид бий.

68 КГ:
Дөрвөн жилийн өмнө Инчёний Азийн наадамд 75 кг-д түрүүлсэн, дэлхийн дэд аварга БНХАУ-ын Зоу Фенг энэ жинд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч. Түүний аваргаа хамгаалахад өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Аяна Женпей, Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт ОУХМ Ш.Түмэнцэцэг, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн хошой аварга Мээрим Жуманазарова, Азийн дэд аварга Энэтхэгийн Дивья Какран, залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстаны Жамила Бакбергенова гээд саад болох өрсөлдөгчид мундахгүй.

76 КГ:
ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, энэ жилийн Азийн аварга БНХАУ-ын Зоу Киан, ДАШТ-ий гурван хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, гавьяат тамирчин О.Насанбурмаа, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Хироэ Минагава (Сүзүки), “Рио-2016”, олимпийн наадмын хүрэл медальт, Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, Казахстаны Эльмира Сыздыкова, Залуучуудын дэлхийн болон Азийн аварга Кыргызстаны Айпери Медет Кызы нарын дунд гол өрсөлдөөн өрнөнө. Эднээс энэ жингийн медальтнууд тодрох болов уу.

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.