Н.Энхбаяртай хүч хавсрах зорилготой М.Энхболдын “СҮҮЛЧИЙН ТОГЛОЛТ”

МАХН-ын дарга Н.Энхбаяр олон нийтийн нүдэнд төдийлөн өртөөд байдаггүй. Хотын төвд байрлалтай тансаг орон сууцнаасаа энгийн иргэдтэй холилдож, машины гаражид очихгүйн тулд тусдаа цахилгаан шат хийлгэсэн гэх яриа ч бий. Гэтэл сүүлийн үед  байдал гэнэт эрс өөрчлөгдөөд байна.

Тэрээр өнгөрөгч сарын сүүлээр Өгийнуурт зохион байгуулагдсан Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээний 45-аас дээш насны сонирхогчдын ангилалд оролцож, олны анхааралд өртөв. Энд дурдагдаж байгаа тоонууд нь бас их утга учиртай. Наанадаж л УИХ-ын 76 дахь суудал эзгүй үед Н.Энхбаяр гарч ирээд, 76 дугаартай уралдаад, насандаа баймгүй эрч хүчтэйгээ харуулчихаж байгаа юм.

Тэр УИХ-д 45-аас дээш настай, хал бал үзэж, хор нь гарсан эрхэмүүд суух ёстой гэсэн санааг ч тоогоор илэрхийлж чадлаа. Үндсэндээ маш хөнгөнөөр “супер пиар” хийсэн гэж болно. Хотын дарга Су.Батболд Н.Энхбаярын шагналыг гардуулахдаа нэг их халуун дотноор тэвэрч авах жишээтэй. Мөн 76, 45 гэсэн тоонуудын тоглолтын шуугиан намжаагүй байхад хотын төвд М.Энхболдын хамгийн ойрын хүн гэгддэг НИТХ-ын төлөөлөгч Б.Баярсайхантай уулзав.

УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд Л.Оюун-Эрдэнэ гишүүн М.Энхболд руу чиглэсэн акциа эхлүүлэх үеэр Н.Энхбаяр, М.Энхболд нар уулзаж, хүчээ нэгтгэх асуудал яригдаж байв. Улмаар зун цагаар тэдний холбоо хэлхээ, нийтэд өгөх гэсэн мессэж нь ийм байдлаар илэрч байна уу гэлтэй. Тэд хаана л бол хаана нууцаар уулзаж чадна. Харин энэ удаа ингэж далд бүгэлгүйгээр, санаандгүй төрхөөр мессэж өгч байгаа нь У.Хүрэлсүхдээ “Бид нэг нийлвэл бас эвгүй шүү” гэж сануулах гэсэн тоглолт байж мэдэх.

Ямар ч байсан Н.Энхбаяр нүүр хуудсандаа  “Ард түмэн бол миний бурхан” хэмээн бичиж, 76 дугаартай уралдсан нь гэнэн хийрхэл яавч биш. Удаа дараагийн сонгуульд тэр оролцож чадаагүй. Тиймээс ч халуунтай, шартай яваа хүн. Нөгөө талд М.Энхболдод парламент дахь 32/32 харьцаатай болсон суудлын нэг нөхөөсийг өөртөө эргүүлж, эрх мэдлээ хэвээр барих том амбиц бий.

Хэрэв тэд нөхөн сонгуулийн үр дүнгээр улс төрийн уур амьсгалыг өөрсөд рүүгээ эргүүлж чадахгүй бол хотын фракци бүхэлдээ унах өндөр эрсдэлтэй. Нөхөн сонгуулийн дараа хотын МАН-ын хорооны даргын суудал яригдаж, тэр үед М.Энхболд хүчээ энэ байгаагаас сулруулвал тэгээд л хотын фракци дагаад унана. Угаас хэн хүчтэй байна, тэр урагшаа явдаг нь жам билээ. Гол нь, хүчээ алдахгүйн тулд талууд хаана хаанаа асар их хичээх шаардлагатай болжээ.

Өнгөрснийг эргэн сануулахад, Н.Энхбаярыг эрх мэдэлтэй, жинхэнэ “сагаж” явах үед М.Энхболд сайн дүүгийн ёсоор түүнд шадарлаж, Ерөнхий сайдын суудалд тухалж явсан билээ. Н.Энхбаяр намаа ялахад Ерөнхийлөгч болон дэвшсэн бол М.Энхболд намаа ялуулчихаад Ерөнхийлөгчийн сонгуульд бүдэрсэн. Тэдэнд алдсан нь ч, оносон нь ч бий.

Эдүгээ нөхцөл байдал өөр. Намдаа “иртэй залуу” гэгдэж явсан У.Хүрэлсүх жинхэнэ утгаараа хүчээ авч, намын дарга, Ерөнхий сайдын суудал аваад буй. Ядаж байхад М.Энхболдын талын хэд хэдэн тендерчин гишүүд засгийн эрхийг атгаж буй У.Хүрэлсүхээс шууд нүүрээ буруулж чадахгүй яваа нь 32/32 бүлгийн тоонд зөрүү үүсгэх эрсдэл дагуулж байгаа юм.

Ийм эгзэгтэй, хүчгүй, яаж ч мэдэхээр үед М.Энхболд Н.Энхбаяртай сүжирч буй нь түүний бараг л сүүлийн  арга гэж хэлж болохуйц.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.