ЗӨВЛӨГӨӨ: Амтат тошлой – амин дэм

Манай оронд нэг зүйл тошлой ургадаг. Зургадугаар сард цэцэглэж, исгэлэн улаан жимс нь 8-9 дүгээр сард боловсордог билээ. Тошлой жимсэнд сахар, нимбэг, алимны хүчил, төмрийн исэл, идээлэх, азотлог бодис, пектин, каротин, С.Р.К.В1 аминдэм, кетахин, берберин, алкалоид, будагч ба аргаах бодис агуулагддаг. Мөн С аминдэмийн хэмжээгээр үхрийн нүд, гүзээлзгэний дараа орно.

Тошлой жимс нь 5-15% чихэрлэг бодис, органик хүчил, А, С ялангуяа P аминдэмээр баялаг төдийгүй бусад аминдэмийг агуулахын зэрэгцээ янз бүрийн эрдэс давс, фосфор, кали, кальци, зэргийг үлэмж агуулдаг. Р аминдэмээр баялаг учир түүнийг эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэдэг, ялангуяа судас хатуурахаас сэргийлж хэрэглэсээр иржээ.

Хоолны шингэцийг сайжруулах, цусны даралт ихдэх, цус багадах, байн байн цус харвах, арьсны ба шархлаа өвчний үед жимс, чанамлыг идэж ууж хэрэглэнэ. Жимснээс бусад хэсгүүдэд берберин хэмээх алкалоид бий. Энэ нь цөс хөөх, хоолны шингэлтийг сайжруулах, цусны даралт ихдэхэд жимсийг нь арьс шарлахад чанамлыг ууж хэрэглэдэг.

Ардын эмнэлэгт тошлойны хандыг цус төлжүүлэх, ходоодны өвчин намдаах, сүрьеэ өвчний эсрэг, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэдэг тухай дурьдсан байдаг.

Ашиг тус

Тошлой нь хамгийн үнэ цэнэтэй жимс юм. Амттайгаас гадна тошлой жимсэнд олон төрлийн витамин агуулагддаг бөгөөд түүнийг “Жинхэнэ эмийн ургамал” гэж нэрлэхэд тохиромжтой талаар ургамал судлаач Дмитрий Ковал зөвлөснийг “Аргументы и факты” уламжилжээ.

Тошлой нь шээс хөөхөөс гадна цусан дахь холестериний хэмжээг бууруулдаг байна. Түүнээс гадна цусны даралтыг бууруулж, бие махбодоос илүүдэл шингэнийг зайлуулахад тустай. Мөн бодисын солилцоог сайжруулах, илүүдэл жинтэй тэмцэх (энэ тохиолдолд хүнсний илчлэгийн агуулгыг хязгаарлах нь зүйтэй)-д тань тусална.

Тошлойн хамгийн өвөрмөц шинж чанар нь цусан дахь холестерины хэмжээг бууруулах чадварт оршдог байна. Энэ жимсийг өдөр бүр 100-120 граммаар (өдөрт 2-3 удаа) хэрэглэхэд 2-3 сарын дараа холестерины хэмжээг мэдэгдэхүйц бууруулдаг ажээ.

Хэрхэн хэрэглэх вэ

Та эрүүл мэнддээ тустай энэхүү жимсийг шинээр нь хэрэглэхээс гадна элсэн чихэр нэмэн хөлдөөж, чанах зэрэг бусад хэлбэрээр хадгалж хэрэглэж болох юм. Тошлойг боловсруулах явцад хүний биед хэрэгцээтэй амин дэмүүд болон микро элементүүд нь нэг их алдагдаад байдаггүй аж.

Хэн хэрэглэж болохгүй вэ

Хэдийгээр тошлой жимс нь олон тооны амин дэм агуулдаг ч ходоод гэдэсний үрэвсэлтэй (ялангуяа хүндрэлийн үе шатанд орсон) хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Д.ТУЯА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.