Өндөр зардалтай, үр ашиггүй “Эрдэнэс Монгол” компанийг ТАТАН БУУЛГАЯ

-ЗАСГАА ШҮҮХЭД ӨГНӨ ГЭЖ СҮРДҮҮЛЖЭЭ-

Саяхан “Эрдэнэс Тавантолгой” компанийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын харъяан дахь “Эрдэнэс Монгол”-оос гаргах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Олон улсад IPO гаргах бэлтгэлээ базааж буй тус компанийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ТӨБЗГ-т өгч байж, ажил нь илүү урагштай явна гэж тооцоолсон билээ. Ингэх нь ч зүй юм. Угаас ЗГХЭГ-ын үндсэн чиг үүрэг нь уул уурхайн салбараас тэс өөр юм.

Хачирхалтай нь, уг шийдвэр гарах үеэр “Эрдэнэс Монгол” компанийн хуульч Засгийн газрыг “Шүүхэд өгнө” хэмээн хэрүүл хийсэн гэх яриа саарал ордноор нэг явган шог болж тарав.

Анх 2007 онд байгуулагдсан “Эрдэнэс Монгол” компанид нийт 13 компани хамаардаг. Эдгээрээс “Багануур”, “Шивээ овоо” дийлэмгүй хүнд ачаатай ажилласаар ирсэн тул санхүүгийн хүндрэлд орсон. Улмаар “Мон-Атом”, “Эрдэнэс Метан”, “Эрдэнэс Ассет менежмент” зэрэг компаниуд зүгээр л цаасан дээр байх жишээтэй.

Уг нь “Эрдэнэс Монгол” компани үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Тайвань, Казахстаны баялгийн сангуудын жишгээр эдгээр компаниудыг менежментээр хангах зорилготой байгуулагдсан. Гэвч өнөөг хүртэл учраа олоогүй.

Нэг ч удаа IPO гаргаагүй. Мөнгө босгоогүй. Юу ч хийдэггүй атлаа “Эрдэнэс Монгол” компани “Оюу толгой”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудаасаа татаас авч, “тансаг” амьдарсаар ирлээ. Чухам иймээс ганц саалийн үнээ болсон “Эрдэнэс Тавантолгой” компанийг шилжүүлэх асуудал дээр Засгаа шүүхэд өгнө гэж сүрдүүлж хүртэл үзжээ.

-АСАР БАЯН, АСАР МУУ “ЭРДЭНЭС МОНГОЛ”-

“Эрдэнэс Монгол” компани өнгөрсөн 2017 онд түүхэндээ анх удаа 20 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 420 тэрбум төгрөгийн цэвэр ашгаас тусдаа билээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” өөрийн эзэмшил дэх 13 компаниасаа татаас авч, баахан менежмент хийж, “гялтайлгаж орхиод”, үлдсэн 20 тэрбумаа төрдөө өгсөн гэсэн үг.

Татааснаас илүү гарсан мөнгө гэхээр ямар ч олиг байх вэ. “Эрдэнэс Монгол” компанийн зардал, хэрэглээ, ТУЗ-ийн болон энгийн ажилчдын цалин хөлс асар өндөр. Өнгөрсөн хавар “Ардын заргын холбоо” ТББ-аас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар “Нийтдээ 80 ажилтантайгаас 30 нь захирал гэсэн албан тушаалтай. Өнгөрсөн жил автомашин 1,036,000,000 төгрөгөөр авчээ. “Эрдэнэс Монгол” компанийн 10 жилийн ойд зориулсан баримтат киногоо 50,000,000 төгрөгөөр хийлгэсэн байна.

Компьютерийн дагалдах хэрэгсэлд 68,300,000, компьютерийн бусад тоног төхөөрөмж авахад 49,800,000 төгрөг тус тус зарлагаджээ. Оффисын түрээсэнд 718,000,000 төгрөг төлдөг. Метр квадрат нь 43,000 төгрөгийн үнэтэй тансаг өрөөнд суудаг. Төрийн өмчид байдаг метр квадрат 10-20 мянгад багтах хямдхан байрууд Улаанбаатар хотод дүүрэн байгаа шүү дээ” гэж мэдээлж байв.

Сонсоход ч бэрхтэй энэ өндөр зардлыг хөөрхий муу нэртэй, луу данстай “Эрдэнэс Тавантолгой” компани ганцаараа шахам гаргасаар ирсэн. Одоо түүнийгээ мянгантай харамлаж, өмгөөлөөд ч барсангүй, тавиад туучихлаа. Тэгэхээр “Эрдэнэс Монгол” компанийн энэ их зардлыг хэн гаргах вэ. Байнгын хасах баланс нь улам зузаарч, төрд хэрэггүй ачаа нэмэгдэхийн нэмэр л гэж харагдана.

-ЦЭГЦЛЭХ ШААРДЛАГА-

Чиг үүргийнхээ хүрээнд “Багануур”, “Шивээ Овоо”-г Эрчим хүчний яаманд шилжүүлээд л, бусад цаасан дээрх компаниудаа хуулийн хүрээнд цэгцэлчихэд үндсэндээ “Эрдэнэс Монгол”-ын хэрэггүй болчихно. Үе үеийн Засгийн газар “Эрдэнэс Монгол”-д хамаг сайнаараа анхаарч, ЗГХЭГ-ын дарга нар нь эрх ашгаа наасаар ирсэн ч сайныг олоогүйн жишээ энэ.

Угаас анхнаасаа сайд нар эрх ашгаа хуваах зорилгоор ЗГХЭГ-ын үндсэн чиг үүргээс тэс өөр компаниудыг нэгтгэж, түүнийгээ харъяанд нь оруулсан. Үүнийг нь шүүмжлэх бүрт ЗГХЭГ-ын дарга нар “Эрдэнэс Монгол”-ыг шилжүүлчихээр манайх ямар ажил хийх вэ” гэж дуугарсаар өдийг хүрлээ. ЗГХЭГ чинь уул шугамдаа Засгийн газраа л арчилж, тордох учиртай газар. Түүнээс биш юун уул уурхай, нүүрс, метан хийтэй ноцолдох…

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.