Хөрөнгө оруулагч татах эрэлт ба “ДИСКОВЕР МОНГОЛИА”

-АЙЛЫН СОНИРХЛЫГ ӨӨР ЛҮҮГЭЭ ТАТАХ ЭРЭЛХИЙЛЭЛ-

Нэг удаа “Өдрийн сонин”-ы тоймч П.Хашчулуун бичлэгтээ “Айлын Ерөнхийлөгч гадны оронд очоод, онгоцны наймаа ярьж байхад манай Ерөнхийлөгч хэдэн хоригдол шилжүүлэн авах тухай л дурсав” гэж бичсэн байв. Бас Ж.Ганбаатар гишүүн шинэхэн дээрээ “Гадны томоохон үйлдвэрийн захирлуудын хөлд Засгийн газар суух хэрэгтэй. Тэднийг нэр харалгүйгээр, гуйж урих ёстой” гэж ярьж байлаа.

Эдгээр үгсийн гол санаа нь ерөөсөө л айлын сонирхлыг өөр лүүгээ эргүүлэх явдал. Одоо бид үүнийгээ мэргэжлийн нэрээр нь “Хөрөнгө оруулалт татах” гэж нэрлээд байгаа юм.

Дэлхий глобальчлагдаж, бүх зүйл харилцан хамааралтай болж буй энэ үед алдартай банкууд хүртэл “Өрсөлдөхгүйгээр, нэгнээ нөхөн, хамтран ажиллая” гэх санааг дэвшүүлэх болжээ. Бусадтай хамтран ажиллах тэр боломжийг бүрдүүлэхийн төлөө тус бүрдээ хичээж байна.

Хичээхдээ бас их учиртай. Хамгийн эхлээд хөрөнгө оруулагчдад өөрсдийгөө зөвөөр ойлгуулж хэвших. Улс орныхоо хууль эрх зүйн орчинд гарч буй өөрчлөлтүүд, шүүхийн маргааныг хэрхэн таслан шийдэж байгаа тухай, татварын орчин хаашаа эргэж байгаа талаарх мэдээллийг цаг тухайд нь үнэн, зөв хүргэх явдал юм. Гол нь энэ үйлдлээ тасралтгүй, давтамжтайгаар хийдэг байх хэрэгтэй аж. Байсхийгээд зохион байгуулагддаг олон улсын чанартай чуулга уулзалтуудын гол зорилго нь энэ.

Тухайлахад, ирэх сарын 6, 7-ны өдрүүдэд “Дисковер Монголиа” олон улсын чуулга уулзалт болох тов зарлагджээ. Энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдана. Чуулга уулзалт тасралтгүй явж ирсэн нь сайн боловч яг үр дүн нь бодитоор гардаг уу гэдэгт бас асуудал байгаа юм. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ галзуурч, Монголд “Оюутолгой” төслийн тууз хайчлагдаж байсан үед гадныхан олноороо тус уулзалтад ирдэг байсан.

-ТАВАНТОЛГОЙ ТӨСЛӨӨ ГАДНЫХАНД САЙТАР ОЙЛГУУЛАХ БОЛОМЖ-

Одоо байдал өөрчлөгдсөн. Бид түүнээс хойш уул уурхайн бүтээгдэхүүний уналтыг дагуулан, эдийн засгаа хүчээр савлагаанд оруулав. Цаашлаад уул уурхай тойрсон дуусч өгдөггүй улс төржилт, хэрүүлэндээ улам гаршаад байна.

Авууштай нь, хэдэн жил гацсан Тавантолгой төслөө гацаанаас гаргаж, олон улсад IPO гаргах шийдвэрийг УИХ-аас гаргав. Бэлтгэл ажлууд нь зуны турш нэлээд чамбай өрнөлөө. Одоо гадаад орчинд  мессэж өгөх нь асуудал хүлээлт үүсгээд байна. Засгийн газар нь чухам ямар зарчим баримтлах вэ гэдгээ хөрөнгө оруулагчдад тайлагнах учиртай.

Энэ хүлээлтийг “Дисковер Монголиа” биелүүлэх үүрэг хүлээж байна. Нэг дор олноороо ирчихсэн гадныханд одоо л Тавантолгой төслийнхөө учир начрыг ойлгуулдаг цаг. Чуулга уулзалтын хөтөлбөрөөс харахад, Оюутолгой, Тавантолгой төсөл яригдахаас гадна зэс, уран, төмөрлөгийн салбарт ажиллах боломжууд, татвар, байгаль орчны чиглэлд гарч буй бодлогын өөрчлөлтүүдээ ч танилцуулах юм байна.

Эдгээр багц сэдвүүдийн гол цөм нь дахиад л нөгөө “хөрөнгө оруулалт татах” гэсэн гурван үгэн дээр төвлөрөх юм. Бусдад өөрсдийгөө зөвөөр ойлгуулах нь л одоо хамгаас чухал. Ингэж байж бид гаднаас санхүүжилт татна. Хөрөнгө оруулагчдын тоогоо өсгөнө.

-КАМЕРОН МАКРЕЙ ҮНДСЭН ХУРАЛДААНЫГ ДАРГАЛНА-

Хаа очиж, чуулга уулзалтын гол ажлыг Монголын бизнесийн зөвлөлийнхөн нугалах аж. Тэгэхээр бас чиг чамбай ажиллах болов уу. Уулзалтаас гаргасан зөвлөмжийн араас хөөцөлдөх болов уу гэсэн итгэл төрүүлж байна. Чуулга уулзалтын үеэр Монголд Оюутолгой төслийн шанг татаж, алдаа оноогоо дэнсэлж явсан алдарт Камерон Макрэй “Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь” нэртэй үндсэн хуралдаан хийхээр төлөвлөжээ.

Чуулга уулзалтад Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөллүүдээс гадна Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниуд үгээ хэлэх нь ээ.

Монголыг хөрөнгө оруулагчид сонирхдог уу гэвэл сонирхдог. Тэдний өмнө засаг төрийн тогтворгүй байдал, хууль эрх зүйн орчны хурдан өөрчлөлт зэрэг хүнд асуудлууд ч бас тулгардаг. Гэвч гаднаас орж ирдэг ам.долларын урсгалын 92 хувийг бид өнөө ч уул уурхайн салбараар дамжуулан олж байна.

Бид хаа очиж байгалийн баялагтай. Үүнийгээ зөв ашиглаж, хөрөнгө оруулагчдыг татахад ганц Ерөнхийлөгч, нэг Засгийн газар зүтгээд дийлэхгүй. Төр, хувийн хэвшлүүд эрвийх дэрвийхээрээ энэ асуудалд хамтран зүтгэх учиртай юм.

Тиймээс л хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулдаг уулзалт, чуулгануудыг эх орондоо олноор хийдэг. Эдгээр чуулга уулзалтуудаа хүлээлт үүсгэх хэмжээнд “брэнд” болгох шаардлагатай байгаа юм. Гол нь нэг цуглаад тарах биш, яг бодитой үр дүн гардаг байх нь чухал билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.