Н.Батнайрамдал: Тэр эмэгтэй охиныг минь зайрмагаар хуураад аваад явчихсан байна лээ

“ОХИНЫГ МИНЬ ЭСЭН МЭНД ОЛЖ ӨГСӨН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН
АЖИЛТНУУДАД БАЯРЛАЛАА”

Энэ сарын 19-ний өдрийн 16:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг “Ширээ нурууны нутаг” гэх газар (сумын төвөөс баруун хойд зүгт таван км-т) тус сумын харъяат, таван настай Э охин гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон. Гэр бүлийнхэн нь түүнийг “Хараа” голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг орон нутгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах ангийнханд өгсөн байдаг.

Эрэн хайх, аврах ангийн зургаан алба хаагч, Цагдаагийн байгууллагын 82 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 112 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр хайсан билээ.  Улмаар тус багийн “Ширээ нурууны нутаг”, Орхон сумын “Бүрэн толгой”, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Хараа” голын гүүр хүртэл 52 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид уржигдар буюу наймдугаар сарын 21-ний оройн 21:00 цагт охиныг Улаанбаатар хотоос эсэн мэнд олсон билээ.

Охин хулгайлагдсан байсан бөгөөд уг хэргийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух “Б” гэх эмэгтэй үйлдсэн болох нь тогтоогдсон. Одоогийн байдлаар сэжигтэн Б-г саатуулан шалгаж буй юм. Бид таван настай Э охины аав Н.Батнайрамдалтай холбогдож, дараах тодруулгыг авлаа.

-НЯЛХ БАЙХАД НЬ ХАНЬ МИНЬ БУРХАН БОЛЧИХСОН ЮМ.
ОХИН МИНЬ ДЭЭРЭЭ ГУРВАН АХТАЙ-

-Охин тань яг хэзээ хаана байж байгаад алга болсон юм бэ?

“Миний охин наймдугаар сарын 19-ний өдөр 15:00 цагийн үед хашааныхаа гадаа тоглож байгаад 16:00 цагийн үед гарч харахад алга болчихсон байсан. Тэр хавиар нэлээн хайж байгаад хүн дагуулаад явсан сураг байхаар нь Цагдаагийн газарт хандсан. Цагдаагийн байгууллагууд хамтран хайсны хүчинд өчигдөр орой \2018.08.21\ олж чадсан.

-Танихгүй эмэгтэй охиныг тань юу гэж хэлээд авч явсан юм бол? 

-Миний охиныг зайрмагаар хуураад аваад явчихсан юм билээ.

-Охин танай хэд дэх хүүхэд вэ?

-Охин минь айлын хамгийн бага нь, дээрээ гурван ахтай. Нялх байхад миний хань бурхан болчихсон юм. Би хөдөө ажилладаг. Манайх эгэл жирийн нэгэн гэр бүл. Охиноо алга болох үед миний бие жаахан өвдөөд, гэртээ хэвтэж байсан. Хамгийн том ах нь гэртээ хоолоо хийгээд, нөгөө хоёр ах нь хашаандаа дугуй унаж тоглож байсан. Тэр хооронд дуудаад аваад явчихсан байна лээ.

-Тэр эмэгтэй юу ярьдаг байсан талаар охин тань хэлсэн үү?

-Охин минь бидэнтэй ирээд уулзахдаа “Намайг уйлахаар загнадаг байсан. Бас усанд явахдаа намайг түгжээд явсан” гэж хэлсэн.

-Та тэр эмэгтэйд таних уу? 

-Өмнө нь ерөөсөө харж байгаагүй, танихгүй эмэгтэй байсан. Цагдаагийн газар шалгаад, тодорхой болгох байлгүй дээ. Түргэн шуурхай ажиллаж, охиныг минь бидэнд олж өгсөн Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллага болон Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагад баярлалаа гэж хэлмээр байна.

-СЭЖИГТЭН ЭМЭГТЭЙ “ОХИНТОЙ ХОЁР ГУРАВ ХОНОГ БАЙХ
ЗОРИЛГООР АВЧ ЯВСАН” ГЭЖЭЭ-

Сэжигтэн Б цагдаагийн албан хаагчдад “Охины гэрийн гадаа бид хоёр жаахан юм ярьсан. Тэгээд охиныг зайрмаг идье гэхээр нь зайрмаг авч өгөх гээд эцсийн буудлын дэлгүүр орсон. Дэлгүүр тэнд байдаг гэж өөрөө хуруугаараа зааж өгсөн. Дэлгүүрээс нэг зайрмаг, нэг чихэр аваад гэр лүү нь явсан. Би энэ охинтой зүгээр л хоёр, гурав хоног хамт байхыг хүссэн. Тэгээд би найзуудтайгаа уулзсан. Дагуулж явах үед охин аав унтаж байгаа уурлахгүй, ээж “Хүдэр”-т байгаа гэртээ байхгүй гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь дагуулаад автобусанд 10 мянган төгрөг төлж суугаад хот руу явсан.

Охин ерөөсөө дургүйцээгүй надтай тоглоод, эрхлээд явж байсныг автобусны жолооч болон зорчигч ч харсан. Камерын бичлэг ч байгаа байх” хэмээн ярьжээ. Мөн тэрээр өөрийнхөө хийсэн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.

ЦЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрийн мэдээлснээр, сэжигтэн Б-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг: “Хүний халдашгүй, чөлөөтэй байхын эрхийн эсрэг гэмт хэрэг”, 13 дугаар бүлгийн 13.2-т “Хүн хулгайлах”, 13.2.2.1 дэх хэсэг буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж… гэсэн хоёр зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна. Энэ зүйл анги нь 1-5 жилийн хугацаагаар хорих хуулийн заалттай.

13.2 дугаар зүйл. Хүн хулгайлах

1. Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Энэ гэмт хэргийг:

2.1. хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2. хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж;

2.3. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

П.УРНАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.