МАН-ын айдас ба Н.Энхбаярын тэмүүлэл

“НӨХӨН СОНГУУЛЬД  ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧ ӨРСӨЛДӨХГҮЙ”

Үндсэн хуулийн Цэц дээр Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын 62-р тогтоол уналаа. Унасан гол шалтгаан нь төрийн жинхэнэ албан хаагч нөхөн сонгуульд оролцох боломжийг хангаж өгөөгүй явдал. Сонгуулийн тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагч сонгууль болохоос зургаан сарын өмнө албан ажлаасаа чөлөөлөгдсөн байх зохицуулалт бий.

Өнгөрсөн хаврын чуулганы сүүлээр УИХ-ын 62-р тогтоолыг батлахдаа ирэх аравдугаар сард зохион байгуулахаар товыг нь тогтоосон. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагч нөхөн сонгуульд оролцох эрхийг шууд хаасан үйлдэл болсон. Нэгэн ёсондоо Цэц үүнийг яаж ч бодсон унагах нь тодорхой байлаа.

Ийм тодорхой, илтэд үр дүн нь харагдахаар зүйлийг УИХ яагаад анзаарсангүй вэ. Тогтоол батлах үеэр Д.Лүндээжанцан гишүүн ганцаараа сануулаад байхад Сонгуулийн ерөнхий хороо яагаад бодитой хариулт өгөлгүй өнгөрөв. Ийм эрсдэлийг сонгуулийн асуудал эрхэлсэн төв байгууллага анзаараагүй байж болох уу зэрэг асуултууд гарч байна.

Бүгдэд тодорхой хариулт байхгүй. “Хаврын чуулганы хайч үе таарсан” гэх нэг сайхан мэлзээ үг л байгаа юм. Цэцэд гомдол гаргасан төрийн жинхэнэ албан хаагчдын хэлж байгаа тайлбарууд нь бас их хөөрхөн. Бүр нэг зорилтот, цаанаа эзэнтэй шинжтэй. Нэг эмэгтэй хэлж байна. Ярианы утга нь “Төрийн албанд ажиллахаар нам солигдонгуут л ажлаас халагдчих гээд байдаг. Тиймээс улс төр лүү орох хорхой хөдөлдөг юм билээ.  Ийм бодолтойгоор ажлаа хийгээд явж байтал нэг л өдөр нөхөн сонгуулийн тов зарлагдсан. Өрсөлд юү гэтэл надад цаг хугацааны хувьд боломж алга байсан” гэж байгаа юм.

Яг яс юман дээрээ Хэнтийн нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагч өрсөлдөхгүй л байхгүй юу. Улс төрийн намуудаас хамаг л мундгаа сойх эрмэлзэлтэй байхад 10 жил дарга хийсэн нэг эмэгтэйд орон зай олдох уу гэдэг жинхэнэ бодит асуудал юм.

-2020 ОН ХҮРТЭЛ НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХГҮЙ БАЙХ
ТАКТИК ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ-

Яг энэ санааг Цэцийн хуралдааны үеэр Д.Лүндээжанцан гишүүн ч хэлэв. “Төрийн албан хаагчийг заавал нөхөн сонгуульд оролцуулах хэрэгцээ шаардлага байгаа юу” гэж. Гэхдээ хүний эрхийг тэгш хангах нь өөрөө Үндсэн хуулийн зарчим билээ. Ингээд унаж байгаа юм. Дунд суудлын шийдийг УИХ хүлээж авах эсэхийг нь хэлэлцэнэ.

Нэгэнт Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг болохоор хувь заяа нь ерөнхийдөө тодорхой. Үндсэндээ 2019 оны зургадугаар сард нөхөн сонгууль зарлагдах хууль эрх зүйн орчин үүсэв. Энэ завсар нөхөн сонгуульд улс төрийн 13 нам, эвсэл оролцоно гэдгээ албан ёсоор илэрхийлээд амжсан. Ердөө хэдхэн хоногийн дараа аль намаас хэн хэн нэр дэвшихээ албан ёсоор зарлахаар хүлээгдэж байв. Яг ийм эгзэгтэй, хүлээлттэй үеийг Цэц тас цохиж байгаа юм.

Үүний гол зорилгыг 2020 он хүртэл нөхөн сонгууль явуулахгүй байх тактик гэж хардах бүрэн үндэслэлтэй. Эрх баригчид 2019 онд ямар нэгэн мэргэн арга сэдэж олоод л, нөхөн сонгуулийн хугацааг хойшлуулчихаж дөнгөнө. Ийм байдлаар асуудлыг харахад, бүр анхнаасаа тогтоолын төслийг боловсруулахдаа Сонгуулийн ерөнхий хороо нь нөлөөнд автаж, УИХ зориуд нойрмоглосон мэт хардлага төрнө.

Ингэх гол шалтгаан нь өнөөх л хэргийн эзэн Н.Энхбаяр болж таарна. Тэрээр  улс төрч хүний холч ухаанаар гишүүн асан Д.Гантулгыг эвгүйтэнгүүт Хэнтийд ажиллаж эхэлсэн. Цагаан сараар ахмадуудад бэлэг тарааж, Хэнтийд яриа уулзалт хийсэн нь ч өчнөөн. МАН-аас У.Хүрэлсүх шахалтад орчихгүй л бол дэвшихгүй. Тиймээс Хэнтийн 42-р тойргоос гарах хамгийн өндөр магадлалтай хүн нь Н.Энхбаяр болж таарч байгаа юм.

МАН энэ нүүдлийг харсан учраас хуудуутай тогтоолоо баталсан хойноо нэр бүхий иргэдийг “сумлаж”, Цэцэд гомдол гаргуулсан гэхэд болно. МАХН-ын дарга Н.Энхбаяр парламентад гараад ирсэн тохиолдолд ганцаараа сөрөг хүчний дайтай ажиллана.

Саарал ордон дотроос намынхаа 2020 оны сонгуулийн төлөвлөгөөгөө гаргах нөхцөл  байдал үүснэ. Чухам тиймээс л МАН айсандаа Н.Энхбаярын цуцашгүй тэмүүллийг дахин нэг мохоох үйлдлийг Цэцээр гаргууллаа гэж харагдаж байна.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.