Төр, засгийн байгууллагууд, төрийн өмчит ААН-үүд 400 гаруй том оврын жийп ашиглаж байна

-ТӨР, ЗАСГИЙН БАЙГУУЛЛАГУУД, ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН НЭГЖҮҮД
400 ГАРУЙ ТОМ ОВРЫН ЖИЙП АШИГЛАЖ БАЙНА-

Судалгаанаас харахад Төр, засгийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд нийт 400 гаруй том оврын жийп (Land Cruiser-Lexus 570, 200, Ford, Nissan Patrol гэх мэт) ашиглаж байгаа ажээ.

Эдгээр том оврын жийпний дундаж үнэ, шатахууны зарцуулалт, ашиглалтын зардлыг суудлын автомашин, эсхүл дунд гарын жийптэй харьцуулахад 3-4 дахин их, жилд хамгийн багадаа 75-80 тэрбум төгрөгийн илүү зардал гарахаар байна.

Энэ хөрөнгөөр 32 сургууль, цэцэрлэг (2.5 тэрбум төгрөг) барих, эсхүл 13 мянган эмч, багш нарын жилийн цалин (620 мянган төгрөг) тавих боломжтой.

Ер нь татвар төлөгч компаниудын удирдлагын ихэнх нь том оврын жийп унахгүй байхад татвараар амьдардаг дарга нар үнэтэй машин унаж тансаглаад байх нь шударга бус юм. Тэр тусмаа түгжрэл хэрээс хэтэрсэн нийслэл хотод том жийп унах нь зохимжгүй билээ. Бүх аймаг нийслэлтэй хар замаар холбогдсон тул том оврын жийп унах шаардлагагүй болсон.

Өнөөгийн эрх баригч дарга нар социализмын үеийн дарга нараас илүү их тансагладаг болсон нь ганцхан тансаг том машины хэрэглээний жишээнээс харахад ойлгомжтой байна.

Хөгжилтэй орнууд аль болох төрийн зардлаа танадаг. Тэдгээр орны ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хэмжээ дунджаар 20 орчим хувьтай байна. 2018 онд Монгол Улсын төсвийн зарлагын хэмжээ ДНБ-д эзлэх хувь 45 орчим хувьтай байгаа мэдээлэл бий.

Эндээс харахад зах зээлд эргэлдэж байгаа 10 төгрөгийн 5 нь төртэй холбоотой болж байна. Мөн Монгол Улс хөгжихгүй байгаагийн нэг том шалтгаан бол эдийн засаг дахь төрийн оролцоо гэдэг нь харагдаж байна.

Төрд дарга хийвэл тансаг хангамжтай, тогтмол цалинтай, төрийн зардлаар гадаадад томилолтоор ажиллах бас суралцах боломжтой, төр эдийн засагт их оролцдог тул авлигаар тэрбумтан болох боломж байдгаас хөгшин, залуугүй төрд ажиллахаар хошууран дайрах болсон.

Эндээс баялаг бүтээж, ажлын байр бий болгож, татвар төлөгч, хувийн хэвшилд ажиллах иргэд, байгууллагын тоо буурсаар байна. Амьдралын өртөг, зардал өндөр, цалин багатай учраас гадаад ажиллахаар явах залуусын тоо нэмэгдсээр буй билээ. Энэ байдал даамжирсаар төрийн албан тушаал, эрх мэдлийг худалдаж сонгуулийн мөнгө босгодог болсон нь нууц биш. Улмаар төрийн албан тушаал булаацалдсан залуус бие биенийхээ амь насанд хүрэх болов.

Эрх баригч МАН-ын 2016 оны сонгуулийн “Хамтдаа зүтгэе, Хамтдаа хөгжье” мөрийн хөтөлбөр эсрэгээрээ хэрэгжих болсноор иргэдийн төрд итгэх итгэл улам муудсаар байна. Эрх баригч намынхан сонгуулиас хойшхи хугацаанд өөрсдийн тансаглалын зардлаа бууруулах талаар нэг ч үг дуугарсангүй.

Харин удаа дараалан татвар, төлбөр хураамж болон ямар ч шалтгаангүйгээр бензиний үнийг нэмсэнээр ашигт малтмалын үнийн өсөлтөөс бий болсон эдийн засгийн өсөлтөөс инфляцийн өсөлт давж, өргөн хэрэглээний барааны үнэ хурдацтай өсч байна.

Мөн Монгол Улс нэг хүнд оногдох газрын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг бол иргэддээ хувьчилсан 0.07 га газрыг хоорондоо шилжүүлэхэд газрыг нь зах зээлийн ханшаар үнэлж, өндөр татвар авдаг болов. Эрх мэдлээ ашиглаж зарсан хотын их хэмжээний газрын орлогоосоо эрх мэдэлтнүүд өөрсдөө татвар төлсөн бил үү…

Д.ТУЯА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.