САЙДЫН ТОМИЛГОО: У.Хүрэлсүх барьцаа ахиулах уу, М.Энхболд өөрийн хүнээ тавих уу

-ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ ЭЗЭНГҮЙ ШАХАМ БАЙНА-

За, тээврийн хөгжлийн албаны дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг энэ сарын эхээр гарсан. Улмаар Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт вагон осолдож, 120 гаруй эмнэлэгт хүргэгдэж, төмөр замыг засан сэргээх шаардлагатай тулгарсан билээ.

Зам тээврийн салбарыг тойрсон уг асуудлуудаас үүдэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ нарыг  албан ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Мөн тус яамны зурган албаны даргыг мөн албан ажлаас нь чөлөөлөхөөр болсон юм. Ингэснээр Зам, тээврийн хөгжлийн яам үндсэндээ эзгүйрэхэд хүрч, МАН-ын Удирдах зөвлөлөөс дэд сайдаар Л.Халтарыг нэр дэвшүүлэн, Засгийн газраас албажуулсан юм.

Одоогоор тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь түр хариуцагчийн статусаар ажиллаж буй. Төрийн нарийныг Төрийн албаны зөвлөлөөс тодорхой шалгуурын дагуу томилгоог хийдэг. Төрийн нарийн нь яамдын дотоод бүтцийн томилгоог хийдэг учир Зам, тээврийн хөгжлийн яамны зургаан албадын дарга нарыг томилох, чөлөөлөх асуудал гацсан байдалтай байна.

Харин сайдыг нь Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлож байгаа юм. Засгийн газраас Ж.Бат-Эрдэнэ сайдыг албан үүргээс нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Гэвч УИХ сайдын томилох ба чөлөөлөхийг баталгаажуулдаг. Тиймээс сайдын чөлөөлөх асуудал чуулганаар орж байж,  албажихаар хүлээгдэж байгаа нь энэ юм.

-НАМЫН ЛИДЕРҮҮД ЯМАР ТОХИРООНД ХҮРЭХ БОЛ-

Засгийн газраас дэд сайдыг яаралтай томилох чиг барьсан бол сайдынтомилгоон дээр яарахгүй, намрын чуулганыг хүлээнэ гэсэн чигтэй байна. МАН-ын Удирдах зөвлөлөөр зөвхөн дэд сайдын томилгоог яриад өнгөрсөн нь ч учиртай. Намрын чуулган дөхүүлж байгаад, томилгоог дахин ярина гэсэн үг.

Өнгөрсөн намар  эрх баригч нам дотооддоо хагарч, Засгаа дахин бүрдүүлэх үеэр Ж.Бат-Эрдэнэ 32-ын бүлгээс буюу М.Энхболд талаас сайд болсон. Одоо түүний орон зайг хэн нөхөх вэ гэдэг  асуудал улс төрийн хүрээнд ихээхэн анхаарал татаж буй. МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүн  У.Хүрэлсүх энэ удаа барьцаан ахиулж, өөрийн талаас хүнээ томилно. Парламент дахь нэг гишүүнээ явуулж, хүч сулруулсан байдлаа үүгээр хамгаална гэх нэг таамаг бий.

Тэр ч үүднээс У.Хүрэлсүхийн талаас Я.Содбаатар сайдад нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдсэн юм.  Мөн Л.Элдэв-Очир, Х.Болорчулуун гэхчлэн горилогчдын нэр ч гарч байгаа. Я.Содбаатарын хувьд өмнөх томилгоон дээр хоосон үлдэж, төвийг сахьсан. Төрийн ажлыг аваад явахуйц зөв имиж гэгдэж буй.

Харин М.Энхболдын талаас хамгийн сайн менежерээр УИХ-ын дэд дарга л.Энх-Амгалан нэрлэгдсэн. Аль ч салбарт очсон ажил хэрэгч байж чадах хүнээр нэрлэгддэг энэ эрхэм MCS нэрийн дор Зам, тээврийн салбарт эрх ашигтай харагдах нэг эрсдэл бий. Ямар ч байсан М.Энхболд зүгээр харж сууж байгаад л, нөгөө талдаа нэг сайдын суудлаа алдчихгүй нь тодорхой билээ. Тэд чухам ямар тохироо хэнийг сайдад эцсийн байдлаар дэвшүүлэх бол.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.