“Stamford” луйвраар 7000 иргэнийг 100 тэрбум төгрөгөөр хохироосон ОХУ-ын иргэн Евгений Персов шалгагдаж байна

-ТЭРЭЭР ОРОС ЭЛЧИНГИЙН МАШИНААР ЦАГДААГИЙН
БАЙГУУЛЛАГЫН ҮҮДЭНД БУУЖЭЭ-

Манай улсын 7000 гаруй иргэнээс 100 тэрбум төгрөг луйвардаад буй “Stamford” компани нь Ирландын Дублин хотоос гаралтай аж. Хоёр жилийн өмнө буюу 2016 онд Ирланд улсад сүлжээний бизнес, луйвар болох нь тогтоогдож байжээ. Тус сүлжээний бизнесийг Монголд хэрэгжүүлж, иргэдийн луйвардсан хүн бол Оросын иргэн Eвгeний Пeрсов юм.

Тэрээр энэ сарын дундуур баригдаж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгагдаж байна. Түүнийг цагдаа нар эрэн сурвалжилж байгаад, Туушин зочид буудлаас барьж авчээ. Түүнчлэн хоёрдугаар эмнэлэгт байхад нь Оросын Элчингийн машин очиж аван, байцаалт өгөх өдөр нь цагдаагийн байгууллагын гадаа буулгасан байна.

Тус луйвар нь манай улсад одоогоос жил гаруйн өмнө “Stamford” хөрөнгө оруулалтын компани гэх нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тэд Казакстан улсаар дамжин Оросоос манай улсад орж ирсэн байна. Энэ луйвар нь хоёр төрлөөр ялгардаг. “Abba” нь босго өндөртэй учир монголчуудад “Stamford” нь илүү тохиромжтой хэмээн зөвлөөд, иргэдийг элсүүлдэг байжээ.

Хамгийн гол нь “сүлжээ” гэж хэлэлгүй, “хөрөнгө оруулалтын томоохон компани” гэж тайлбарладаг байсан аж. Манай улсын цагдаагийн газарт баригдан байцаагдаж буй Евгений Персов нь Европт төвтэй “Abba” гэх компанийн захирал цолтой юм байна.

Хохирогчдын хэлж буйгаар Монголын талаас н.Бат-Эрдэнэ, н.Баттулга гэх хоёр хүн “Stamford”-ийн талаар аккаунтаа хэрхэн яаж нээхээс эхлээд маш олон цуврал хичээл онлайнаар заажээ. Эдгээр хүмүүсийн хичээл болгон иргэдэд итгэл төрүүлэх үндэс суурийн нэг болсон аж.

Мөн зарим иргэдийн хэлж буйгаар, Цагаан хоолтон Алтай гэх хүн хөрөнгө оруулалтын байгууллагад элсэн орсон. Түүний араас маш олон хүн элссэнээр надад маш их хэмжээний урамшуулал орж ирсэн” гэж хэлсэн нь иргэдэд ихээхэн итгэл төрүүлсэн байна.

Тэр ч байтугай Монголд хэд хэдэн газар байрлах оффист үйл ажиллагаагаа явуулдаг байсан ажээ. Тухайлбал, “Rokmon building” барилгын 203 тоот, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд, “Бодь” даатгал дотор гэх мэт нэлээн олон газар оффистой байжээ.

Хохирогчдын дунд 10 мянган доллараар элссэн, цалин зээл авч, машинаа зараад найман төгрөгөөр элссэн хүмүүс ч байгаа юм. Тэдний хэлж байгаагаар “Маш олон гишүүн хөрөнгө оруулалт хийснээр их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж элссэн, хүн бүрт ашгаа өгнө” гэх итгэл найдварын үндсэн дээр мөнгөө даатгаж өгчээ.

Мөн доороо хүн элсүүлвэл илүү их ашигтай байдал бий болно гэх нөхцөл тавьсан аж. Хохирсон иргэд Евгений Персовоор дамжуулан Оросод байгаа хамгийн том удирдагч буюу толгойлогчийг нь илрүүлээд өгчихөөсэй хэмээн хүсч байгаагаа ярив.

Цагдаагийн байгууллага хохирогчдод “Та нар илүү олон хохирогчийг баримт материалтай нь цуглуулж ирэхгүй бол энэ хүнийг хорих эрхгүй болчихоод байна гэжээ. Иргэдийн хүсч байгаа зүйл нь түүнд хилийн хориг тавьж байгаад жинхэнэ “акул” компанийг барьж авах юм байна.

Иргэн Ц.Цэнгэл: -Би анх 10 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд элссэн. Дараа нь урамшуулал гэсэн хэсэг рүү нь 3000 долларын нэмэлт элсэлт хийчихсэн.  Намар квот зарлах үеэр нь асар олон тооны хүн элсэн орсон байдаг юм билээ. Тэр байтугай гэр бүл, ах дүү, хамаатан саднаасаа нийлээд 300 гаруй сая төгрөг хийчихсэн хүмүүс байна.


Хохирогч Д.Батгэрэл: -10 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийвэл 12 мянган ам.доллар буцаж орно гэсэн. Ийм байдлаар мөнгөө хийгээд залилуулаа. Хамгийн анх надад байрны урьдчилгаа хийх мөнгөөр байр авах боломжтой гэж танилцуулж байсан.

Гэрээний тухайд эрсдэлийг 100 хувь өөрөө хүлээнэ, мөнгөө алдвал компани хариуцлага хүлээхгүй гэж нэг ч хүн тайлбарлаагүй. Яг үнэндээ яах учраа олохгүй сууж байна. Бидний мөнгийг буцаан өгөхгүй бол Арбитрын шүүхэд хандана.


Хохирогч Н.Цэцэгмаа: –Машинаа зараад, нөхөртэйгээ цуг 3200 доллар өгч орсон. Байртай болно гэх нөхцөлийг нь сонсоод элссэн. Гэвч сарын дараа аккаунт болохгүй байна, нэг сар хүлээгээрэй гэсэн. Улмаар хоёр, гурван сараар хүлээгдэж эхэлсэн. Бид хүлээ гэж хэлсэн хугацаа болгоныг нь тэвчээртэй хүлээсэн.

Гэхдээ дансанд мөнгө орж ирээд л байсан ч авч болохгүй байсан. Энэ байдал нь хүмүүст маш их итгэл үнэмшил төрүүлсэн. Мөнгө үнэхээр орж ирдэг юм байна гэж итгэсэн ч бодит байдал дээр мөнгөө авч чадахгүй байсан.

 П.УРНАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.