СУРВАЛЖЛАГА: Шинэ орон сууцны м2-ын үнэ 1.5-3.8 сая төгрөг байна

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэн байгуулагдсаны 92 жилийн ой, Барилгачдын баярыг тохиолдуулан энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд “Барилга орон сууц 2018” үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав.

Энэхүү үзэсгэлэн яармагийг Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Барилгын үндэсний ассоциаци, Барилга.мн зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Арван нэг дэх жилдээ зохион байгуулагдсан тус үзэсгэлэн худалдаанд гадна, дотны 100 гаруй байгууллага оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэдэд танилцуулсан. Тухайлбал,

Богд хаан уулын хойно байрлах өндөр зэрэглэлийн орон сууцны “Elizabeth” англи хэв маягийн хорооллын байрны нэг м2-ын үнэ үзэсгэлэнгийн өдрүүдэд хямдралтай буюу 2.3-2.4 сая төгрөг ажээ. 2019 оны дөрвөн сард ашиглалтад орох бөгөөд хоёр өрөө нь 48.31-70.43 м2, 3 өрөө нь 62.82-105 м2, дөрвөн өрөө нь 72-74 м2 бөгөөд Хас банкны 8%-ийн зээлд хамагдах боломжтой юм байна.

“Аман хуур 2” хотхон иргэддээ урьдчилгаанд 20% төлөөд, үлдэгдэл төлбөрийг 1-5 жилийн компанийн хувь лизингэд хамрагдах таатай боломж олгож байгаа ажээ. Улсын комисс хүлээж авсан 8%-ийн зээлтэй тус орон сууцны нэг м2-ын үнэ 2.4-2,6 сая төгрөг юм байна.

Баяжих цогцолбор 30 хувиа төлөөд байрандаа орж, банкны 8%-ийн зээлд хамрагдахыг урьж буй бол “Цагаан хаалга” цогцолбор 2019 оны гуравдугаа улиралд ашиглалтад орох орон сууцныхаа м2-ыг 1.4-1.8 сая төгрөгөөр үнэлжээ. Урьдчилгаа 10 хувиа төлсөн иргэн компанийн таван жилийн лизингэд хамрагдах боломжтой бөгөөд эхний гурван жил хүүгүй, дөрөв дэх жилээс сарын 1%-ийн хүүтэйгээр төлбөрөө барагдуулах боломжтой юм байна. Мөн бусад боломжууд ч байгаа аж.

Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хилчний гудамжинд игэн М.Алтандэмбэрэлийн үйлчилгээтэй орон сууцны м2-ын үнэ 2 сая төгрөг юм байна. “Polaris apartment” хотхоны байрны м2-ын үнэ 2.5 сая төгрөг ч үзэсгэлэн худалдааны үеэр 1.1 сая төгрөг хүртэл бууруулсныг жишээ болгон хүргэв.

Дундаж орлоготой, байрны урьдчилгаагаа хараахан бүрдүүлж чадахгүй байгаа иргэдэд зориулж барилгын компаниуд багагүй хямдрал, шинэлэг хэлбэрээр үйлчилгээ үзүүлсэн юм.

Үүний зэрэгцээ “Best computers” тоот системийн камераа, “Deutsche Welle”-гийн албан ёсны төлөөлөгч “Доече Вэлла” ХХК европ барилгын материалуудаа танилцуулсан бол “Ууган хүч” компани шалны ертөнцөөрөө аялуулж, “Рото франк” компани хаалга, цонхны тоноглолын бүтээгдэхүүнүүдээ тус тус танилцуулсан гээд жагсаавал урт жагсаалт үүсэх билээ.

Төсөл хэрэгжүүлж буй компаниуд байр авах гэж буй иргэддээ зориулан онцгой хөнгөлөлт, урамшуулал болон төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр орон сууц авах боломжуудыг санал болгож байв. Стандарт зэрэглэлийн орон сууцуудын үнэ 1,150,000 төгрөгөөс дээш байсан бол тансаг зэрэглэлийн буюу хамгийн өндөр үнэтэй нь 3,800,000 төгрөг орчим байна.

Иргэдэд “Содон” стандарт цогцолбор хороолол, “Офицер таун”, “Сити апартмент & Сити Молл”, “Модун таун”, “High Apartment” төсөл, “VIP Residence” зэрэг 40 гаруй орон сууцны төслөөс үнэ ханшийг нь харьцуулан, сонголтоо хийх боломж олгож байсан юм.

Жил бүр барилгын салбарт ажиллагч шилдэг 120 гаруй байгууллага үзэсгэлэнд оролцон, хамгийн олон харилцагчид хүрч үйлчилж, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлдэг уламжлал тогтжээ. “Барилга орон сууц 2018” үзэсгэлэнд шинэ техник технологи нэвтрүүлэгч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, үйлдвэрлэгч, импортлогч байгууллагуудаас гадна тохижилт, зам гүүр, тавилга, гэр ахуйн бараа гээд барилгын салбартай холбогдолтой 120 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэдэд танилцуулав. Мөн энэ үеэр төр хувийн хэвшлийнхний  уулзалт семинар зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдсан юм.

“Фүжи констракшн”-аас “Хан-Уул” цогцолбор хотхондоо байрны урьдчилгаа төлбөрөөс хамаарсан хөнгөлөлт, “Хангарьд пропертиз”-оос орон сууцныхаа метр квадрат тутамд хямдрал зарлажээ. Мөн “Марч констракшн”-аас “Polaris apartment” дахь орон сууцныхаа үндсэн үнэд онцгой хямдрал үзүүлж, хүүгүй хувь лизингтэй уян хатан нөхцөлөөр байр авах боломжийг захиалагчиддаа олгожээ.

Харин “ИЭСОМ” компаниас борлуулж буй орон сууцны гурван төсөлдөө үнийн дүнгээс хамааруулан 10 хувь буюу 6-9 сая төгрөгийн хямдрал зарласан бол “Шинэ гарц” компани Шинэ гүрэн орон сууцны цогцолбор хорооллынхоо байрны метр квадратын үнийг нэг сая төгрөг хүртэл хямдруулсан байв.

Үүнээс гадна амины орон сууц барихаар төлөвлөсөн иргэд үзэсгэлэнгийн дотор болон гадна талбайгаас энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд, мэргэжлийн хүмүүстэй уулзаж, хүссэн зөвлөгөө мэдээллээ авч байв. Дашрамд дурдахад “Арктик Финланд хаус”-ынхан зуслангийн байшингууддаа 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж.

Барилгын материал, дэвшилтэт технологи сонирхогчид Орос, Хятад, Солонгос, Польш, Унгар, Чех, Герман, Итали болон Монголынхоо 80 гаруй ханган нийлүүлэгчдийн барилгын материал, тоног төхөөрөмж, үйлчилгээг нэг дороос авч болох боломж олгов.

“Майнс Ап” ХХК-иас Германы Schindler брэндийн цахилгаан шат, лифт болон Японы Окамура брэндийн тавилгадаа 5 хувийн хөнгөлөлт үзүүлжээ. Харин “Люксвүүд групп”-ийнхэн WPC болон Польш плита, зарим нэр төрлийн бүтээгдэхүүндээ 10-40 хувийн хямдрал зарласан байна. Мөн Дулаан байшин төслийнхөн энэ үеэр хямдралтай үнээр захиалга авч, “Twin coat” брэндийн гадна ханын чулуутай эмульсээ үйлдвэрийн үнээр худалдаалахаар болсон байна. “Гүн барс” компани мэдээллийн технологийн шийдлүүдийг санал болгож, захиалга бүрт 20 хувийн хямдрал үзүүлж байна.

Хүйтэн сэрүүний улирал наашилж буй энэ үед “Нартын голомт” компаниас Польшийн Коспел брэндийн халаалтын тогоондоо 10 хувийн хөнгөлөлт зарлажээ.

“Барилга Орон Сууц 2018” үзэсгэлэнгийн гурван өдрийн туршид нийт оролцогч, үзэгчид гээд хэн бүхэнд зориулсан сургалт, уулзалт, семинарууд тасралтгүй явагдах юм. Семинаруудад ШУТИС-ийн Эрчим хүчний хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр “Агаарын бохирдлыг бууруулахад агаар-агаарын дулааны насосыг ашиглах нь”, Монголын барилгын үндэсний ассоциацийн Тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга М.Энхбаатар Тусгай зөвшөөрлийн асуудлаар тус бүр илтгэл тавьж оролцов. Мөн энэ үеэр Герман, Орос, Японы шилдэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулах арга хэмжээнүүд боллоо.

Д.ЦОЛМОНТУЯА: ОРОН СУУЦНЫ КОМПАНИУД ӨӨРСДИЙН ХУВЬ ЛИЗИНГ БОЛОН ЗЭЭЛҮҮД ГАРГАЖ ЭХЭЛЖ БАЙГААГААРАА ОНЦЛОГТОЙ БОЛЛОО

(“Барилга орон сууц-2018” үзэсгэлэнг зохион байгуулагч, Барилга.мн компаний маркетинг борлуулалтын албаны дарга)

-Энэ удаагийн үзэсгэлэнд хичнээн аж ахуйн нэгж оролцов?

-Үзэсгэлэн наймдугаар сарын 24-нөөс 26-ны хооронд гурван өдөр үргэлжиллээ. Нийтдээ 120 гаруй аж ахуйн нэгж оролцсон. Үүнд дотроо, барилгын материл үйлдвэрлэгчид, худалдаалагчид, орон сууцны борлуулалтын болон зуучлалын компаниуд оролцож, үйл ажиллагаагаа танилцууллаа.

-Урд жилүүдийнхтэй харьцуулахад энэ удаагийн арга хэмжээний онцлог, хамрах хүрээ өргөжив үү?

-Сүүлийн 2-3 жилд эдийн засгийн салбар хямралтай, уналттай жил үргэлжилсэн. Энэ оноос буюу хавар, намрын үзэсгэлэнд харьцангуй өөрчлөлт орж, шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Дээрээс нь орон сууцны компаниуд өөрсдийн хувь лизинг болон зээлүүд гаргаж эхэлж байна. Үүгээрээ үзэсгэлэн маш их шинэлэг боллоо. Дээрээс нь таван сард гарсан судалгаагаар Улаанбаатарт шинээр баригдаж байгаа орон сууцны төсөл хөтөлбөрүүдээс эхэлсэн нь 80-аад байна. Тийм болохоор барилгын салбарт сүүлийн гурван жил гараагүй их сэргэлт гэж ойлгож болохоор байгаа юм.

-Дараагийн үзэсгэлэн хэдийд болох вэ?

-Үзэсгэлэнгийн хувьд тогтсон цаг хугацаатай байдаг. Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт орон сууц болон барилгын материалын үзэсгэлэн, есдүгээр сарын сүүлийн долоо хоногт намрын үзэсгэлэн зохион байгуулагддаг.

Ж.БАТМАНАЛЖАВ: УРЬДЧИЛГААНДАА АТОМАШИН ОРОЛЦУУЛЖ БОЛНО

(“Нарны хүү” компаний борлуулалтын ажилтан)

-“Амар амгалан аппартмент” төслийн хүрээнд хичнээн байр ашиглалтад орох вэ?

Дундаж орлоготой болон тэтгэврийн насны, эсвэл зээл авах боломжгүй иргэдэд зориулсан зээл. “Амар амгалан” төсөл хэрэгжүүлэх хүрээнд гурван байр ашиглалтад оруулна. Төсөл маань түрүү жилийн яг өдийд эхэлсэн. Эхний барилга энэ есөн сард, хоёрдугаар ээлжийн барилга 2019 оны гурван сард, гуравдугаар ээлжийн барилга ирэх оны 6-7 сард ашиглалтад орох юм.

-Байр худалдаж авахыг хүсч байгаа иргэдэд ямар боломж олгож байна вэ?

-Жилийн 5 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай компаний зээлийг залуу гэр бүл болон дундаас доогуур орлоготой хүмүүст зориулсан зээл байгаа. Нөгөө талаар банкны 8 хувийн зээлэнд хамрагдахыг хүссэн ч тэр бүр зээл олддоггүй. Тэдгээр хүмүүст болон байртай болох гэсэн бүх хүмүүст зориулагдсан.

-Урьдчилгаанд хэдийг төлөх вэ?

-Одоогийн байдлаар урьдчилгаа 25 хувь байна. Цаашдаа урьдчилгаа, зээлийн хүүгээ бууруулах бодлого баримталж ажиллана.

-Банк дамжихгүй гэж онцолсон. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Банк 8 хувийн зээл гаргадаг. Манай компани 8 хувийн зээл үндсэндээ их өндөр юм байна гэж үзээд, жилийн 5 хувь буюу сарын 0.41 хувийн зээл гаргаж байгаа юм.

-Бүрэн цутгамал уу?

-Тийм ээ, бүрэн цутгамал. Бид хэрэглэгчидтэйгээ 10-15 жилийн хугацаатай хамтарч ажиллах учраас сайн чанарын материалаар байраа барих шаардлагатай болж байгаа. Зөвхөн монгол ажилчид энэ орон сууцыг барьж байна. Монгол ажилчдаа дэмжиж ажиллах, мөн монгол иргэдээ байртай болгох зорилготой ажиллаж байна.

-Метр квадратын үндсэн үнэ хэд вэ?

-Нэг сая 850 мянга. Сонирхож байгаа хүмүүстээ урьдчилгаа төлбөрөө 30 хувиар хийвэл метр квадратаа нэг сая 450 мянган төгрөгөөр авах боломж олгож байна. 20 хувийг төлсөн тохиолдолд метр квадратыг нэг сая 650 мянгаар тооцож байраа авч болно. 30 хүртэл хувь гэж бий. Тэр нь урьдчилгаа 20 хувиа нэг сая 450 мянгаа төлөөд, үлдэгдэл 10 хувийнхаа төлбөрийг хугацаагаа тохироод, энэ ондоо багтаан төлөх боломжтой. Урьдчилгаандаа автомашин оролцуулж болно.

-Сургууль, цэцэрлэгтэй юу?

-Барилгын хойд талд улсын тэргүүний 92 дугаар сургууль бий. Ард талд нь Баянзүрх дүүргийн хоёрдугаар амбулатори байгаа. Цэцэрлэг, ясли маш ойрхон байдаг. Орчин цэвэр, агаар сайтай.

Э.ЭГШИГЛЭН: ЗУРГАДУГААР ЭЭЛЖИЙН ХОЁР ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНО

(“Содон” хорооллын борлуулалтын албаны ажилтан)

-Танай хороолол хэрэглэгчдэд ямар таатай боломж олгож байна вэ?

-Манай “Содон хороолол” төлбөрийн маш олон уян хатан боломжийг санал болгож байна. “Тэсо Констракшн” ХХК-ийн “Содон хороолол” төсөл нь зургадугаар ээлжийн, 15 давхар хоёр орц, 1 блок 224 айлын хоёр орон сууцандаа захиалга авч байна. Байруудын бүх давхарт сонголт хийх боломжтой. Урьдчилгаа 25 хувьдаа автомашин болон үл хөдлөх хөрөнгө үнэ тохирч өгч болно. Үлдсэн 75 хувийг нь ипотекийн 8 хувийн болон компанийн зээлд хамрагдан төлөх боломжтой.

-Барилга хэзээ ашиглалтад орох вэ?

-Зургадугаар ээлжийн эхний байр 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ байранд урьдчилгаа 30 хувиа бэлнээр төлөх бол нийт гэрээний дүнгээс 6.5 хувийг хасах юм. Манай хорооллын давуу тал гэвэл хотхон дотроо улсын цэцэрлэгтэй, худалдаа үйлчилгээний төвүүд, бүх төрлийн банк, үүрэн холбооны оператор байршдаг. Гаражийн хувьд хотхон дээрээ ил зогсоолтойгоос гадна дулаан гаражтай. Дан болон дан гараж гэсэн хоёр сонголттой. Өрөөний хувьд 27.74-97.14 м2-ын сонголттой байна.

Д.ТУЯА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.